Хэрвээ Н.Номтойбаяр ядуу байсан бол Х.Тэмүүжин сайд юу гэх байсан бол...

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн байгууллагад “Мунзуй” Нямдорж гэгчийн эсрэг гомдол гаргаад ес хонож байна. Түүнийг Төрийн ордны хойхно талд байрлах нэгэн ресторанд үдшийн зоог барьж байх үед “Мунзуй” Нямдорж хамт явж байсан хүнийг нь хэл амаар доромжилж, улмаар эрхэм гишүүн рүү хутга барьж дайрсан хэрэг саяхан гарсан билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ноцтой халдсан энэ явдал өдгөө ч олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Бүр тодруулбал, ажиглагчдын зарим нь “Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байсан үеийг санацгаа. Тэр үед эрүүгийн ертөнцийнхөн улстөрчидтэй холбоо сүлбээ тогтоож, хэн дуртайгаа дарамталж рекетэлдэг байсан. Ер нь ардчилсан засгийн үед эрүүгийнхэн ил гарч ирж, ихэд оодрох юм даа” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Өмнөх засгийн үед нүүрс ухаж байсан рекетчид Ардчилсан нам сонгуульд ялсны дараа инээд алдан Улаанбаатарт орж ирцгээсэн. Тавантолгойн нүүрсний жижиг уурхайн асуудлыг эрэн сурвалжилбал энэ тухай тодорхой баримтууд гарч ирнэ” гэсэн нь бий. Ямартай ч эрхэм гишүүн Н.Номтойбаяр, түүн рүү хутга барин дайрсан “Мунзуй” хочит Нямдорж нарын тухай яриа хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэлтгүй твиттер, фэйсбүүк гэхмэтчилэн олон нийтийн сүлжээний халуухан сэдэв хэвээр байна. Тэр ч атугай “Х.Тэмүүжин сайд хэнэггүй нь дэндэж байна. Эрүүгийнхэн ингэж оодроод байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ” гэх шүүмжлэл ч тасрахгүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин уржигдар үдэш твиттер хуудсаараа дамжуулж энэ бүхэнд хариулт өглөө. Тэрбээр “Сүүлийн үед “Эрүүгийнхэн сэхлээ, оодорлоо” гэх болж. Нэг зүйлээс олон нийтийн анхаарлыг өөр зүйл рүү хөндийрүүлэх гэсэн, бурууг муу нэртэй хүнд тохох гэсэн арга мэт. Мөнгөтэй айлын, тоглох юмаа олж ядсан нэгэн эрх хүүхэд эрүүгийн гэмт хэрэгтнийг тэжээж, тэтгэж байснаа тэжээсэн “нохой”-доо уруулсны төлөө (эсвэл өөрөө ч тэжээврээ зодох гэж байсан юм уу бүү мэд) “Эрүүгийнхэн сэхлээ” гэх том дүгнэлт хийх нь өрөөсгөл л дөө” хэмээн бичжээ. Төрийн сайд ийн жиргэсэн нь зарим жиргээчийн эгдүүцлийг хүргэв бололтой. Нэгэн жиргээч “Баян ч бай, ядуу ч бай иргэнээ хамгаалах гэж сайд болсон байлтай. Эрүүгийнхэн даварч байгаа нь үнэн” гэж бичсэн бол өөр нэгэн жиргээч “Дамбын Хишгээгийн хүү саяхан нэгэн бүсгүйг зодож гэмтээсэн. Гэсэн атал хуулийнхан түүнд ямар ч арга хэмжээ аваагүй. Өнөөх нь айлын охин руу нударга далайчихаад хэнэг ч үгүй баар хэсэж наргиж явна” хэмээн жиргэв. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөө өглөө твиттерт Х.Тэмүүжин сайдад хандаж “Та өнгөцхөн хандаж байна. Нэгийг нь өмөөрч, нөгөөг нь өөлөлгүйгээр долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар асуудалд хариуцлагатай хандана уу” гэхэд эрхэм сайд “Нямдорж гэдэг хүн хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол баримт, гомдлоо хуулийн байгууллагад гаргаарай” гэсэн хариу барилаа. Н.Номтойбаяр гишүүн ч “Сайд аа, гомдол гаргаад ес хонож байна. Баримт, нотолгоо цуглуулдаг нь цагдаагийн тань ажил, үүрэг” хэмээн твиттер хуудаснаа бичжээ. Эрхэм гишүүн, сайд хоёр ийн харилцан жиргэх зуур жирийн иргэд ч байр сууриа илэрхийлж байсан юм. Харин Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын зарим гишүүн Өршөөлийн тухай хуулийг санаачилсан. Гэвч тэр хүмүүсийг өршөөлөө гэхэд өлгийдөөд, нийгэмшүүлэх төрийн бодлого хэрэгтэй. Эс бөгөөс давтан хэрэг!” хэмээн жиргэхэд Х.Тэмүүжин сайд “Тийм шүү” гэж хариу бичив.
Эрхэм гишүүн, сайд хоёрын харилцан жиргээ ийм сэтгэгдлийг төрүүллээ. Х.Тэмүүжин сайд аа, та хувь улстөрчийнхөө тухайд либертари үзэлтэн. Ардчиллын ил тод, нээлттэй зарчмыг тунхаглагч. Харин твиттерт бичсэн үгсээс тань коммунизмын үзэл суртал ханхалж байгааг хараад айх, гайхах зэрэгцэв. Коммунизмын улаан туг дэрвэлзэж байсан тэр он жилүүдэд хөрөнгөлөг иргэдийг нийтийн өмнө жигшээх, тэднийг ард түмнээр үзэн ядуулах суртал ухуулгын машин хэрхэн ажиллаж байсныг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч ардчилсан үзэлтэй хувь улстөрчийнхөө тухайд та үгээрээ, үйлдлээрээ, асуудлыг дүгнэж буй өнцгөөрөө тэр он жилүүдийг эргэн сануулах шиг боллоо. Ардчилсан нам сөрөг хүчин байх үед эрх чөлөөний дууч болж явсан залуу улстөрч өдгөө Ардчилсан нам эрх баригч хүчин болохын цагт хэн нэгнийг баян, ядуугаар нь ялгаварлах коммунист үзэл суртлыг тулгаж байгаа нь аймшигтай санагдаж байна. Таныг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид дургүйг бид мэднэ. “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” хэмээн өмнөх засгийн үед, УИХ-д Ардчилсан нам цөөнх байх үед түүнд хандан хэлж байсныг тань санаж байна. Тэр үед та цөөнхийн шаналлыг мэдэрч, эрх мэдлийн “ир” ямар хурц байдгийг харж гутарсандаа ийн бачимдаж байсныг ч ойлгож байна. Харин одоо та эрх баригч хүчний залуу лидер. Иртэй, бяртай яваа төрийн сайд. Н.Номтойбаяр гишүүний тухайд сөргөлдөгч намын тань нэгэн гишүүн. Гэлээ гээд “Энэ бол баян. Тэр бол ядуу” гэх илт ялгаварлах үзлийг ханхлуулж байгаа нь мөнөөх либертари үзэл үү. Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг либертари үзэлтнүүд нэгийг нь “Эрх танхи”, нөгөөг нь “Тэжээлгэсэн нохой” гэж хочлох нь ямар ёс зүй вэ. Эрхэм сайд та твиттерт бичсэн үгсээ эргэж сайн уншаарай. Та экс эрх баригч хүчнийхэнд дургүй байж болно, бүр үзэн ядаж ч болно. Энэ бол таны эрх. Харин улс орон зах зээлийн тогтолцоонд шилжих үед унтах нойроо хасч, шилжилтийн хүнд үеийг даван туулахад улс орондоо хүч, хөдөлмөрөө зориулсан, өдгөө түүнийхээ үр шимийг хүртэж яваа хүмүүсийг “Баян” гэж чичлэх тань Х.Тэмүүжин сайдын эгэл жирийн, бас ард түмэнд хэдийнэ танил болсон дүр төрхөд нэг л нийцэхгүй байна даа. Тэр тусмаа Н.Номтойбаяр ядуу, бас танай намын гишүүн байсан бол та юу гэж хэлэх байсан бэ. Энэ бас л сонирхол татах өнцөг!
Н.Номтойбаяр гишүүн рүү хутга барин дайрсан “Мунзуй” хочит Нямдоржийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Түүнийг хэзээ, хаана ямар гэмт хэрэг үйлдэж байсныг захын хүнээс асуухад ч андахгүй болж. Тиймээс түүнийг хувь хүнийх нь хувьд өөчилж муучлах шаардлагагүй биз. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Ганбат нарын санаачилсан Өршөөлийн тухай хуулийн төслийн талаар хөндье. Хууль санаачлагчдын хэлснээр, энэхүү хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард дэмжсэн. УИХ-д өчигдөр өргөн барилаа. Төсөл санаачлагч гишүүд саяхан хэвлэлийн бага хурал зарлаж “Өршөөлийн тухай хууль батлагдсанаар 3000 хоригдол суллагдана. Ингэснээр улсын төсвөөс 12 тэрбум төгрөг хэмнэнэ” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд багагүй гайхшрал төрүүлсэн. Учир мэдэх зарим хүн “Үгүй, энэ чинь одоо юу болж байна вэ. Төсөв хэмнэх гэж гэмт хэрэгтнүүдийг суллах гээд байна уу” гэсэн бол жирийн иргэд “Өршөөлийн тухай хууль батлагдвал орой, үдшийн цагаар болгоомжтой яваарай. Шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй” гэх үгсийг цахим хуудаст бичсээр байна. Эрхэм гишүүд бүрэн эрхийнхээ дагуу дээрх хуулийн төслийг санаачилсан.
Өршөөлийн тухай хуулийн төслийг батлахад болохгүй ч гэх зүйл үгүй. Хэрэг үйлдээгүй атлаа хүний өмнөөс хэрэг хүлээчихсэн, хэн нэгэн эрх мэдэлтний харцнаас дальдарч, өөрт нь хилс тулгасан ялыг хүлээн зөвшөөрсөн, хэрэг үйлдсэн этгээд нь хуулийнхныг хахуульдаж, харин хохирогч нь өргөст торны цаана нар харах эрхээ хасуулсан зэрэг мэдээлэл, гомдож цөхөрсөн иргэдийн яриаг та бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй л уншсан. Гэхдээ Өршөөлийн тухай хуулийг баталж, мөнөөх 3000 хүнийг суллалаа гэхэд тэднийг нийгэмшүүлэх, жирийн амьдралд дахин хөл алдуулахгүй байх, ажлын байраар хангах төрийн бодлого манай улсад бий юү. Эрхэм гишүүн Н.Номтойбаярын твиттертээ бичсэнчлэн энэ бол бодох л асуудал. Үнэхээр ч өмнө нь ямар нэгэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Төрийн тэргүүн зарим хүнд өршөөл, уучлал үзүүлдэг байсан. Одоо ч мөн адил. Гэвч энэ бүхэн “Нөгөө муу гэмт хэрэгтэн чинь хүний нялх охиныг хүчирхийлж, амь насыг нь зэрлэгээр хөнөөлөө. Ерөнхийлөгч ийм ч хүнд өршөөл үзүүлэх гэж дээ” гэх халаглал, үзэн ядалт, айдас, бүр сэтгэл зүйн хүчирхийллийг нийгэмд дагуулдаг. Тиймээс эрхэм хууль тогтоогчид энэ тал дээр бодлого боловсруулахгүй бол Өршөөлийн тухай хуулийг “Өрц нь цоорхой” батлах хэрэг байна уу. Гэм үйлдсэн нэгнийг өршөөн нигүүлсэж болно. Харин хэн нэгний эрх чөлөөг нөгөөгийнх нь эрх чөлөөгөөр сольж яагаад ч боломгүй. Энэ бол иргэний эрх чөлөөний эсрэг тулгадаг нийгмийн сэтгэл зүйн дарангуйлал билээ.
С.Тулга
Эх сурвалж http://www.info.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ