“Хэцүү анги”-д хэрэгтэй хүүхэн

УИХ-ын гишүүн Г.Уянгад энэ тодорхойлолт яг таарна. Сэтгүүлч “шар Уянга” нэртэй явсан үе түүнд бий. Тэгэхдээ түүнийг царайгаар нь бус, тахианы дэгдээхэй шиг өрвийсөн шав шар үсээр нь тэгж нэрлэсэн болов уу гэж боддог.
Уншигчид сайн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар АН-аас нэр дэвшссэн М.Энхсайханыг дэмжин, Намбарын Энхбаярыг ёстой л газрын гүнд хавтал нь муулж суусан даа.
Яагаав, зурагтын дэлгэц голлож суугаад л үзэгчдийг залхтал “номлодог” байгаагүй юу. Зүйрлэвэл, Халх голын дайны үед Монгол, Японы цэргийн сурталч хүүхнүүд хоолойгоо сөөтөл, ухуулдаг байсан ш дээ. Яг л түүн шиг гэхэд болно. Тэгэхэд биеэс нь том шар толгой харагддагсан. Тэр үеэс зүсээрээ хочлогдох болсон билээ.
АН-ын “цэв цэнхэр” зүтгэлтэн тэгэхэд “PR”-аа хэтрүүлснээс дэмжигчээ нэг мөсөн “авсалсан” удаатай. Ингээд л АН-д байх эсэх нь асуудалтай болсон гэдэг.
Лидерээ “нухсан” хүнд ямар нүх байхав дээ. Тухайн үед дэмжигч намаасаа хагацах нь түүнд хэцүү байсан нь ойлгомжтой. Ёстой л алцаганаж байтал М.Энхсайхан АН-аас явсан нь аз болж, алмаазан боломж түүнд авчирсан бүлгээ.
“Сохорсон биш завшив” гэдэг үг бий дээ. Ингээд М.Энхсайханыг даган Монголын үндэсний шинэ нам /МҮШН/ байгуулан гарч одсон. Одоо бодоод байхад Г.Уянгад аль нам нь тийм ч чухал биш, яаж ийгээд улс төрд лав орох, яваандаа “гишүүн” болох л хэрэгтэй байжээ. М.Энхсайханыг дагасан мөчөөсөө МАХН /МАН/-аас гадна, АН-ыг давхар зүхдэг, бүр үзэн яддаг ажилтай болсон юм. Тэгэхийн тулд тэр хоёрыг нэрлэх нэг нэр/хоч/ хэрэгтэй болсон нь мэдээж. Тус тусад нь зүхээд явах хэцүү ш дээ. Түүнийг нь М.Энхсайхан бэлдэж өгсөн гэдэг.
Аливааг өөнтөгч нүдээр харах “өвчтэй” М.Энхсайхан МАН, АН хоёрыг нийлүүлээд “МАНАН” гэдэг нэр, томьёо гаргаад ирэв. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тэрбээр “Ард түмний амлалт нэхэх холбоо” гээчийг байгуулаад, одоогийн УИХ-ын гишүүн Д.Батцогттой хөтлөлцөөд, хөлийнхөө улыг эргэтэл, бараг арваад “шаахай” сольтлоо алхсан гэдэг юм билээ. Дээрх холбооны нэрийг ч мөн л М.Энхсайхан гаргаж, тэр хоёроор бамбай хийгээд, өөрөө ард нь нуугдчихгүй юу. Энэ нь хожмоо М.Энхсайханд асар муугаар, Г.Уянга, Д.Батцогт хоёрт маш сайнаар нөлөөлнө гэж тухайн цагт хэн санах билээ. Амлалтаа нэхээд, “МАНАН”-г гудамжинд шүүмжлээд явсан хоёрыг азын тэнгэр ивээж, жинхэнэ “эзэн”-ийг нь золигт гаргасан гашуун түүхийг цөм мэднэ.
Өнгөрсөн сонгуулийн өмнөөс “МАНАН”-г хараадаг “зэвсэг”-тэй тэд намаа Монгол үндэсний ардчилсан нам/МҮАН/ болгоод, шинэ төрсөн МАХН-тай эвссэн нь санаанд багтамгүй явдал байлаа. Өрөөсөн нүдээрээ ч үздэггүй, бараг Монголд багталцдаггүй Н.Энхбаяртайгаа толгой байтугайгаараа холбогдсон хэрэг болсон юм. Хожилд арга гологддоггүйн үлгэр ингэж биелэв. Н.Энхбаяр шиг “сайн хүн” Монголд, бүр хорвоод үгүй болчих нь тэр. Эргэнэ эргэнэ гэхэд ингэж эргэнэ гэж байх уу. Төдөлгүй Н.Энхбаяр нь шоронд орсон ч, мань хоёр “эрхэм гишүүн” болов. Гоё уу.
Заргач, тэмцэгчийн одонд төрсөн зураг, төөрөгтэй түүнд зарим нэг авах чанар бий. Зүтгэсэн юмнаасаа зууралдаад тавьдаггүй юм билээ. Энэ ертөнцөөс буцах болоогүй гээд зүтгэчихвэл эрлэгийн элч ч орхихоос аргагүйд хүрэх байх шүү. Ингээд “иргэдийн төлөө” гэх имижээрээ Г.Уянга Их хуралд Чингэлтэйн тойргоос ногоон гэрлээр гарна биз дээ. Ийнхүү УИХ-ын эрхэм гишүүд буюу “хэцүү ангийнхан” нэгэн “шар сурагчтай” боллоо гэсэн чинь, хар толгойтой, ажил хэрэгч хувцастай хүүхэнтэй болоод явчихсан. Г.Уянгын хувьд хар, шар нь гол биш, харин “хэцүү ангийнхан”-д хэрэгтэй хүүхэн билээ. Давардаг эрчүүдийг хааяа дарж байхад эмэгтэй хүний хашгичаан хааяа боловч хэрэгтэй нь мэдээж.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ