АНУ-ын "зогсолт" Хятадад завшаан болж байна

АНУ-ын Засгийн газрын түр зогсолт зарим улсуудын хувьд сайн муу олон талтай байлаа. Хэдийгээр асар том эдийн засаг тийм хурдан нураад уначихгүй ч гэсэн энэ мэтийн эдийн засгийн хямрал олон давтагдвал өрсөлдөгч улсуудад нь томоохон завшаан болно.

Удаан хугацааны туршид АНУ болон Хятад хоёр улс дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа. Хятад улс ойрын хугацаанд дэлхийн эдийн засгийг тэргүүлж хамгийн том гүрэн улс болно гэж зорьж байгаа нь тодорхой. 2011 онд дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Хятадын эдийн засаг таван жилийн дараа дэлхийд тэргүүлэх болно гэсэн байна. Тэр үед Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 19 их наяд ам.долларт хүрч, 18,8 их наядын бүтээгдэхүүн үйлдвэрлэх АНУ-ыг ардаа орхисон байх гэнэ.

АНУ-ын эдийн засаг сүүлийн арван жил тогтмол өсөлттэй байгаа. Харин БНХАУ-ын эдийн засагт огцом өсөлт ажиглагдаж байгаа юм. 10 жилийн өмнө АНУ-ын эдийн засаг Хятадын эдийн засгаас гурав дахин том байсан. Харин ирэх арван жилд Хятадын эдийн засаг Америкийн эдийн засгийг гүйцсэн байх магадлал бараг тодорхой. 2016 он гэхэд дэлхийн эдийн засагт эзлэх АНУ-ын хувь 17.7 хувь хүртэл буурах бол Хятадын хувь хэмжээ өсч, 18 хувьд хүрнэ гэж тойм судалгаа харуулж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Бүгд найрамдах намынхантай уулзалт хийж тохиролцоонд хүрч чадсан. Бүгд найрамдахчууд гадаад зээлийн дээд хязгаарыг түр хугацаагаар нэмэгдүүлэхээр Барак Обаматай тохиролцов. Ийнхүү түр хугацаагаар зогсолт хийгээд байсан АНУ-ын Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа дахин сэргэж эхэллээ.

Гэхдээ АНУ-ын эдийн засгийн энэ эмзэг байдал Хятадуудад том алхам хийх боломж юм хэмээн эдийн засагчид үзэж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ