Дэслэгч Н.Баатар цэргээ дарамтлаагүй нь тогтоогдож, П.Хэнмэдэхийг хорилоо

-Түүнийг ХХЕГ-аас Увс аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ-

Өнгөрөгч наймдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангийн Бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Н.Баатар хугацаат цэргийн алба хаагчид дөрвөн ширхэг зүү хүчээр залгиулсан гэх мэдээлэл гарсан. Даргадаа дарамтлуулан, зүү залгисан гэх П.Хэнмэдэх өнгөрсөн наймдугаар сарын дундуур Баянзүрх дүүрэг дэх Цэргийн нэгдсэн Госпитальд хэвтэн, гэдсэн дэх зүүгээ авахуулсан юм. Үүний дараа түүний аав хүүгээ дахиж, Увс аймаг уруу албанд явуулахгүй хэмээн хүсэлт гаргаснаар П.Хэнмэдэхийг 0164 дүгээр ангид шилжүүлээд байсан юм. Тухайн үед уг асуудалд ХХЕГ- аас ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн, дэслэгч Н.Баатарыг албан үүргээс нь түр түдгэлзүүлэн шалгуулсан билээ. Нөгөөтэйгүүр Н.Баатар ч мөн цэргийн албанд олон жил ажилласан, туршлагатай хүн учраас ийм хэрэгт орооцолдсондоо харамсаж байгаагаа удирлагууддаа илэрхийлэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгохыг хүссэн.
Ийнхүү Увс аймгийн Цагдаагийн газраас уг хэрийг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногт албан ёсны хариугаа ХХЕГ-ын удирдлагуудад ирүүлжээ.

Энэ талаар болон даргадаа дарамтлуулан, зүү залгисан гэх П.Хэнмэдэхийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар ХХЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас дараах асуултад хариулт авлаа.

-Танай дэслэгч Н.Баатарыг Увс аймгийн Цагдаагийн газраас багагүй хугацаанд шалгалаа. Энэ талаар албан ёсны хариу ирүүлсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн Цагдаагийн газраас бидэнд албан ёсны хариу ирүүлсэн. Энэ хүнийг бид цэргээ дарамтлан, зүү залгиулсан гэх асуудал гарсан даруйд ажлаас нь түдгэлзүүлэн, шалгуулах хүсэлт гаргасан юм. Үүний дагуу Увс аймгийн Цагдаагийн газраас дэслэгч Н.Баатар цэргээ дарамтлан, зүү залгиулсан нь тогтоогдоогүй талаарх албан тоотыг өнгөрсөн долоо хоногт манайд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, П.Хэнмэдэхийн ярьсан шиг энэ хүн алба хаагчаа зүү залгих хэмжээнд хүртэл нь дарамталсан гэдэг нь ташаа болох нь ийнхүү батлагдлаа.

-Тэгэхээр даргадаа дарамтуулж, дөрвөн ширхэг зүү залгисан гэж яриад байсан П.Хэнмэдэх худлаа хэлсэн болж таарах нь ээ?
-Хэдийгээр энэ асуудлыг Цагдаагийн байгуулллага эцэслэн шийдээгүй байгаа ч Н.Баатар буруугүй нь тогтоогдсон учраас бусдын дарамтаар зүү залгисан гэж яриад байгаа тэр цэрэгт өөрт нь асуудал байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй байгаа учраас П.Хэнмэдэхийг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг ч мөн ирүүлсэн.

-Түүнийг шилжүүлсэн үү?
-Увс аймгийн цагдаагийн газрын хурандаа Д.Бадамрагчаагаас ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт илгээсэн хүсэлтэд “Хилийн 0311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, байлдагч Пүрэвдоржийн Хэнмэдэхийг бэлтгэл заставын офицер, дэслэгч Н.Баатар зодож, дарамтлан зүү залгиулсан тухай мэдээллийн дагуу шалгахад П.Хэнмэдэхэд дарамт учруулсан нь тогтоогдоогүй. Харин байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулж, зүү залгисан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 280.1-д зааснаар биедээ гэмтэл учруулах замаар цэргийн албанаас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс хилийн 0164 дүгээр ангид байгаа байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байгаа тул түүнийг мөрдөн байцаалтад ирүүлнэ үү” гэсэн бичг ирүүлсэн.Үүний дагуу бид түүнийг өчигдөр /уржигдар/ Увс аймгийн Цагдаагийн газрын хяналтад шилжүүлээд байна.

-Тэгвэл П.Хэнмэдэхийг саатуулан шалгаж байгаа байх нь ээ.
-Цагдаа нь өөрийн биеэр ирээд аваад явсан. Тиймээс хуулийнхаа дагуу хорьж, шалгаж байгаа байх.

-Н.Баатар дэслэгч одоо ажлаа хийж байгаа юу?
-Үгүй. Албан үүрэг нь түдгэлзсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал эцэслэн шийдэгдтэл түүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн хэвээр байх юм.

-Дэслэгчээ гүтгэсэн цэрэгт хэчнээн жилийн ял ногдуулах бол?
-Хэрэг шалгагдаж дуусаад прокурорын хяналтад очно. Үүний дараа хэдэн жилийн ял төлөвлөсөн нь тодорхой болно. Гэхдээ мэдээж хуулийнхаа хүрээнд шийдэгдэж таарна. Ер нь бол энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, дарга нь цэргээ дарамтлаад зүү залгих хэмжээнд ортол нь сэтгэлзүйд нь нөлөөлнө гэдэг бол байж боломгүй асуудал. Энэ цэргийг бид тааваараа ээж аавынхаа гар дээр эрх дураараа байхад нь хүчээр авч ирээд алба хаалгасан юм биш. Тэртэй тэргүй эр хүн18 нас хүрэнгүүтээ эх орноо хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс энэ хүнийг дайчилж байгаа юм. Тэгээд ч цэрэгт татахад тодорхой шалгуур бий. Хүссэн хүн бүрт ч ийм боломж олддог юм биш. Гэтэл өөрийнхөө биед гэмтэл учруулан байж, цэргийн албанаас зайлсхийсэн нь харамсалтай байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "Монголын үнэн"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ