Тэр өдөр ямар ааш зантай байхыг таашгүй

За би 14 хоногийн өмнө эрэл сурал болоод, ээжид минь тохиолдсон нурууны өвчинг оношилдог эмч нь ГССҮТ дээр байдгийг нь дуулж мэдээд өвчиндөө зовиурлан догонцсон ээжээ дагуулан тийшээ очлоо.
Эрүүл мэндийн даатгал гэж сар бүр цалин дээрээ мөнгө төлдөгийнхөө үр шимийг хүртчиж чадахгүй, хөнгөлөлт эдэлсэн ч хувийн эмнэлгээр үйлчлүүлсэнээс өндөр үнэ төлөхийгөө ойлгож бухимдаад байсан MRI оношилгоонд opуулахаар явж байгаа нь энэ.
Гэхдээ хоёрдугаар эмнэлэгт байрлах "Намуун" нэртэй хувийн эмнэлэгт. Улсын эмнэлгийг бодвол хямд, хүнд суртал багатай гэж сонгож байгаа маань энэ.
Тэр эмнэлэгт очихынхоо өмнө хэд хоногийн өмнө утсаар залгаж цаг авсан эмчийн гар утасны дугаар луу залгаж тохирсон цагтаа очиж болох талаараа лавлав. Тэр эмч ямар ч уурлаж, цааргалсан зүйлгүйгээр миний үргэлжилсэн асуултуудад хариулсан юм. Яасан сайхан ааштэй эмч вэ гэсэн юм бодоод их л баярлав. Хувийн эмнэлэгийг эмч болохоороо л тэр байх даа бараг.
За ингээд тохирсон ёсоороо шинжилгээгээ өгөөд, зургаа хэвлүүлж, уншуулж тайлбарлуулж, тодорхойлолт бичиг аваад анх энэ шинжилгээг өгөх хэрэгтэй гэж хэлсэн нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмчид үзүүлэхээр зорилоо. Хоёрхон буудал газар түгжирч явсаар байтал 12 цаг өнгөрч эмч нар цайндаа орчихжээ.
Ингээд цайны цагийг дуусахыг хүлээх зуураа бид хоёр ч бага сага юм идчихлээ. Цаг болоогүй байсан тул өөр бас бус жижиг сажиг ажлаа амжуулж явсаар нэг мэдэхэд 1.30 болж. Эмнэлэг рүүгээ ч яарлаа даа...
Очоод өнөөх л дасал болсон ядаргаатай оочир дараалалдаа зогсохдоо зогсож, суухдаа сууж хүлээнэ. Би яахав гэхэд нуруу нь өвдөж байгаа ээж минь ийм удаан хүлээж, шүд зууж байгааг харах надад үнэхээр хэцүү байв. Ингээд хүлээсний эцэст эмчийн өрөө лүү орох ээлж ирлээ. Эмчин өрөөнд ортол анх үзүүлсэн эмч маань урьд шөнө жижүүрлэж хоноод буусан, эзэнгүй байгааг тэр өрөөнд хамт суудаг эмчээс мэдлээ.
За яахав. Нэгэнт ирснийх, өвчний түүх, зураг хөрөг нь байгаа юм чинь байгаа эмчид нь үзүүлчихэе гэтэл нөгөөх эмч нь анх үзүүлсэн эмчдээ үзүүл би үзэхгүй гэнэ. За тэр нь ч зөв байх. Нэг эмчийн гараар... гэх юм бодоод анхны эмчдээ үзүүлэхээр нэг дэх өдрийг хүлээхээр боллоо.
Юмыг яаж мэдэхэв. Нэг дэхэд дахиад хоосон хаалга мөргөхгүйн тулд гээд хэдээс ирэх вэ асуутал "Өдөр ирээ" гэв. Тэр ойлгомжтой, шөнө оройн цагаар үзлэг, эмчилгээ хийхгүй юм чинь гэж бодоод "Өдөр яг хэдэн цагт вэ" гэж асуулаа. Эмч "1 цагт ирэхэд болно байхаа " гэв. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Би ч аминдаа л хашир зан гаргаж "Үзүүлэх эмчийнхээ утасны дугаарыг авч болох уу. Утсаар асууж байгаад яг байгаа үед нь ирэе" гэлээ. Эмч харин "Гар утсыг нь өгөхгүйээ" гэж байна. Тэгвэл тэр үед би ямар утсаар холбоо барьж эмчийн байгаа эсэхийг лавлах вэ гээд асуусан чинь нөгөө эмч "Юу гэсэн үг юм, тэр чинь ажлаа хийх ёстой хүн юм чинь байж л байдаг юм байгаа биздээ" гэх юм яриад учиргүй уурлаж загнах юм.
Ингээд би гэдэг хүн дахиад л бухимдсаар эмчид үзүүлсэн ч зүйлгүй, тодорхой мэдээлэл ч авч чадалгүй хаалга саваад гарч явлаа. Нэг л сэтгэл хангалуун биш, үр дүнгүй хаалга сахисан өдөр өнгөрлөө дөө. Эмчийн хэлснээр нэг дэх өдөр дахиад очно. Гэхдээ тэр өдөр оочир дараалал хэр урт хийгээд эмчийн зан ааш ямар байх, тэр бүү хэл үзүүлэх ёстой эмч маань байх эсэхийг ч би таашгүй ээ. Үйлчилгээний соёлоо гэж.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ