Архи уухын тулд хүн хөнөөсөн бололтой

Өнгөрч буй долоо хоногт гэмт хэргийн гаралт ердийн үеэс доогуур байсанд цагдаагийн албан хаагчдад дуудлага бага иржээ. Гэхдээ ноцтой гэмт хэргийн дуудлага үе үе бүртгэгдэж, цагдаагийн албан хаагчид газар дээр нь асуудлыг шийдэж ажилласан гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны "Алтан тэвш АОС"-ын гадна талбайд 29 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад Багануур дүүргийн харьяат 34 настай эрэгтэй Ч гэх нэгэн үйлдсэн нь тогтоогджээ. Тэрээр хохирогчийг зүс таних бөгөөд архи уух мөнгө хайж явахдаа ийн танилаа араас нь хоолойг нь боож хөнөөсөн байна.
Долоо хоногийн лхагва гаригт автобусны засварчин ажлаа гүйцэтгэж байхдаа автобусанд даруулж нас барсан тохиолдол гарсан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо "Тэнүүн буянт" компанийн засварчин Б хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас амь насаараа хохирчээ. Тэрээр тус компанийн автобусны засварын ажлыг эрхэлдэг бөгөөд 27 настай байсан юм байна. Хэрэг засварын цехэд гарчээ. Тодруулбал, "DAEWOO" маркийн атобусыг засварлаж байтал дээрээс нь унаж Б газар дээрээ нас барсан байна. Хэргийг дүүргийнх нь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн гэнэ. Мөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын зүүн талын "МTD" констракшны барьж байгаа барилгын подвальд Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Ш нуруундаа зүсэгдсэн шархтай нас барсан байжээ. Талийгаач 36 настай бөгөөд одоогоор эзэн холбогдогчдыг тогтоогоогүй байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх долоо хоногуудыг бодвол багассан ч орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороололд амьдардаг иргэн Ю-гийн гэрээс зургаан цэнгийн алтан бөгж, дөрвөн цэнгийн алтан ээмэг, дөрвөн цэнгийн монетон бөгж, 200 мянган төгрөгтэй жижиг сейф алдагдсан байна. Бас Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б нь "Өчигдөр шөнө танилцаад хамт архи ууж хоносон залуу гэрээс эд зүйл хулгайлаад явсан байна" гэж мэдээлсний дагуу шалгахад "Acer" иж бүрэн компьютер "Nokia" гар утас зэргийг иргэн А хулгайлсныг илрүүлжээ.
Л.ТӨР
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ