Жендерийн хуулийг заншлаар боомилох гэж үү

Хэрдээ сайн ч, хийтэй хууль

Жендер. Нэр томьёо нь шинээс биш сэдэв нь мөнхийн гэдэгтэй маргах нэгэн үгүй биз. Хүн төрөлхтөн эхийн эрхт ёстой балар ахуйд эрчүүд яадаг байсан бол гээд бодохоор хөгжилтэй бас сонин санагддаг юм. Анхандаа биш ч яваандаа тэмцсэн нь мэдээж. Түүний үр дүнд эцгийн эрхт ёс тогтоо буй за. Тэр цагаас хүүхнүүдийн тэмцэл ч ямар нэг хэлбэрээр илэрдэг байсан нь тодорхой. Ухаалаг, зоримог эмэгтэйчүүд аль ч үед байсан нь мэдээж. Ингээд байвал эртний хүн сүрэг рүү очих тул орхиё. Хүний эрх гэгч XIX зуунаас тод яригдаад, өнгөрсөн зууны дунд хэр буюу НҮБ байгуулагдсанаар хуульчлагдах хэмжээнд хүрсэн гэх үндэстэй. Бидний хувьд их л хожуу, энэ зууны эхээр, бүр 2011 онд арай чамай хуультай болжээ. Энэ бол яах аргагүй хөгжил, дэвшил юм. Хууль гэхээр манайхан хэт том сэдэв, дэндүү өргөн хүрээтэй ярьдаг гэмтэй. Тэр нь хүмүүст хүрдэггүй дутагдалтай. Тиймээс энэ удаа би энгийн ойлголт, амьдралд байдаг жирийн жишээн дээр элдэв тоо, баримтгүйгээр тодорхой, ойлгомжтой өгүүлэхийг хичээснээ эхэнд хэлье. Мэдээж өөрийн “сав”-ын хэмжээгээр шүү дээ. Энэ нь миний хувьд энэ чиглэлийн хуульд оруулах санал гэхэд болно.

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн зорилгыгулс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш нөхцөл хангах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсийг тодорхойлон, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэжээ. Бид цаашид энэ журмаар явна гэсэн үг. Хэрэндээ сайн ч, хийтэй хууль гэж бас болох. Хуулийн хэрэгжилтийг махчлахгүйгээр авч үзвэл их сонин дүр зураг харагддаг юм. Эхнээс нь сонирхоцгооё. Гуравдугаар зүйлд, Монгол Улсын нутаг дэвсгэрт ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, өөр хуулиар зохицуулаагүй бол Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ч хамаарна гэсэн нь буй. Тэгж чаддаг бил үү? Өдөр тутмын хэвлэлүүдийг хальт сөхье. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг эс тооцвол манай ихэнх байгууллагад эрчүүд ажилладаг. Адилхан мэргэжилтэй, ижил алба хашдаг ч цалин ялгаатай, албан тушаал ахих боломж эмэгтэйчүүдэд хомс гээд учирлавал одоо ч юм бий. Гадны байгууллага, иргэнд ч адилхан. Тэд манай ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүдээс олон талаар давуутай нь нууц биш ээ. Оюутолгойгоор л жишээ авахад хангалттай. Тэдний хамаг хуудууг илчилсэн монгол эмэгтэй шүүх, гэрийн хооронд хичнээн явав даа. Солонгосууд нутаг дээр нь манай охид, бүсгүйчүүдийг зочид буудлын цонхоор хаячихдаг, хятадууд залуусыг маань, ялангуяа охидыг эх оронд нь элдвээр дээрэлхдэг гээд л өнөөдрийн сонинд ч гарчээ. Ингэхээр дээрх заалт хэрэгжиж байна гэх үү. Та өөрийнхөөрөө бодоорой. “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” гарснаар түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд квот төдийхнөөр, төрийн албанд ажиллахад хүйсийн харьцаа мэтээр ойлгох нь хуучирчээ. Одоо эл асуудал хуулийн зохицуулалтаар шийдэгдэнэ шүү дээ. Хэрэгжилтийг нь эгэл иргэний нүдээр харвал зарим дэвшил гарч байгаа нь үнэн. Тэгэх ч ёстой. Хүссэн ч, эс хүссэн ч “Сонгуулийн тухай хууль”-д тусгасан заалтууд хэрэгжих нь түлхүү байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар гэхэд улс төрийн намууд үүн дээрээ нэлээд анхаарах шиг болов. Үр дүнд нь олон эмэгтэй эрхэм гишүүний зөөлөн сэнтийд заларлаа. Тэгснээр зарим талаар нааштай үзүүлэлт гарч буйг бид амьдралаас харж л байна биш үү. “Тамхины хяналтын хууль” түүний амьд жишээ гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль гэдэг байх аа. Аливаа асуудал ярихад эмэгтэйчүүдээс эхийн сэтгэл “үнэртэх” нь гарцаагүй. Удахгүй “Архины” гэх хуультай болно. Архидалтын зовлон, бэрхшээлийг нь биеэр давхар амсаж, эдэлдгийн хувьд тэд нэгийг бодож, хоёрыг тунгааж шийдэх буй за. Энэчлэн яриад байвал цөөнгүй юм бий.

Спортыг хүйсээр ангилдаг, харин...

“Жендерийн хэвшмэл үзэгдэл” гээч нэг юм л их саад болж байна даа. Хуульд тэгж зааснаас биш, энгийн ойлголтоор бол уламжлалт сэтгэлгээ, зан заншил юм уу даа. Хаа сайгүй байдаг зүйлээс хамгийн эглийг нь авья. Бид мэднэ дээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга болсон тамирчин сая, эмэгтэй нь 600 мянган төгрөгийн шагнал авдаг гэх. Энэ бол хүчний буюу тулааны спорт. Бяр, булчин, учруулах аюулын цараар ялгаад байгаа юм уу, хаашаа юм. Адилхан хөдөлмөрлөж, ижил хөлс урсгах биш үү. Нөгөө эр, эмгүй эрх тэгш гэсэн яалаа. Шатрын эрэгтэйчүүдийн улсын аварга мөн л сая, эмэгтэй нь 600 мянган төгрөгийн шагнал хүртдэг аж. Энэ чинь оюуны спорт шүү дээ. Бүсгүй хүний үс урт, ухаан богино гээд байгаа хэрэг үү. Оюун санаагаар ялгахгүй гэсэн яав. Спортыг хүйсээр төрөлжүүлдэг нь дэлхий нийтийн ойлголт. Гэхдээ шан харамж, ажилт ололтыг нь дүгнэхдээ хүйсээр ялгаж хэрхэв ч болохгүй. Ингэх нь ялгаварлан гадуурхал юм. Оюун ухааны хувьд эрэгтэй, эмэгтэйн ялгаа байхгүйг Унгарын алдарт шатарчин, их мастер Юдит Полгар ерөнхийд нь харуулсан. Бүх болзлыг нь хангаж, эрэгтэйчүүдийн хийгээд эмэгтэйчүүдийн их мастер цол авсан. Нэгэн үед тоглож асан бүх эрэгтэй их мастерыг хожиж үзсэн гээд үзүүлэлтүүд нь ч нотлодог юм. Алдарт шатарчин, бүх цаг үеийн од Г.Каспаров, “Ю.Полгар жирийн нэг гайхамшигт эмэгтэй биш. Эрэгтэй, эмэгтэй хүн оюуны чадавхиар ялгаагүйг хүн төрөлхтний түүхэнд нээж, баталж өгсөн гавьяатан” хэмээсэн нь зүгээр нэг үг биш байх.

Дээр өгүүлсэн манай хоёрхон жишээнээс харахад л эр, эмийн заагийг тод гаргасан байгаа биз. Шагналын дүрмийг эрчүүд зохиодог болохоор тэгдэг юм болов уу. Ашиг сонирхлын зөрчил ч гэдэг дээ. Зөвхөн манайд л тэгдэг байх. Хөнгөн атлетикийн дэлхийн цомын цуврал тэмцээний хамгийн ойрын зай болох 100 метрт түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчин хоёулаа 100 мянган ам.долларын шагналын эзэн болдог юм билээ. Усайн Болт ч бай, Угандын бүсгүй ч болог адилхан хүн, тамирчин гэж үздэг байх нь. Тэр зайг хэдийгээр эрчүүд, эмэгтэйчүүд ижилгүй хугацаанд туулдаг ч, бай шагнал нь адил бөлгөө. Энэ бол дэлхийн жишиг. Нэг талаас бид биологийн хүйс/секс/-ийг чухалчлаад, нөгөө талдаа нийгмийн хүйс/жендер/-ийг нь орхиод байна уу даа. Одоо спортын бүх төрөлд эмэгтэйчүүд эрчүүдтэй нэг түвшинд, адилхан болзолтой өрсөлддөг болжээ. Харин манайд эсрэг бололтой. Эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдах саналыг иргэдийн ихэнх нь дэмжихгүй байх жишээтэй. Түүнийгээ зан заншилтай холбон тайлбарласан байх шүү. Бидний ярих дуртай даяаршлын эрин, XXI зуун гарчихаад байхад дэндүү харанхуй, бүдүүлэг байна бус уу. Үүнийг яаж гэтлэх вэ гэдэг асуулт гарна. Хүүхэд хүйсээ ойлгох үеэс л эр, эм хүмүүс ижилхэн гэдгийг ойлгуулчих хэрэгтэй. Биологийн онцлогийг нь аятайхан тайлбарлана биз. Түүнээс нэгэнт төлөвшчихсөн араншинг өөрчлөх хэцүү л дээ. Ингэхэд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хэмжишгүй их. Анхаарлаа тийшээ хандуулахыг цаг үе ч шаардах байлгүй. “Жендерийн ялгаварлан гадуурхалт” гэсэн нэр томьёо бий. Дотроо шууд, шууд бус гэсэн тодотголтой. Мэргэжлийн хүн биш тул нарийн тайлбарлахаас зайлсхийе.

Овоонд гарч болдоггүйг олны заншил гэе

Бас л амьдралаас сонгосон жишээ харъя. “Алтан овоон дээр эмэгтэй хүн гарч болохгүй” гэдэг сонгодог жишээг татахаа больё. Эверестийн оргилд тэд олонтаа гарсныг юу гэхэв. Сэтгүүлчдийн баг нэгэнтээ “Цэцээ гүн”-д гарав. Гараад овоог тойрох болоход эрчүүд эхлээд, бүсгүйчүүд дагах болов. Тэгээд бүр тогтчихож. Ядахдаа холилдоод, хөтлөлцөөд явж болохгүй нь. За үүнийг ёс заншил гэе. Сурагчид биеийн тамирын хичээлд оролцохдоо эхэнд нь хөвгүүд, удаа нь охид зогсдог юм байна. Өндөр намаараа жагсах ёстой бол өндөр охин тэргүүнд нь зогсож яагаад болохгүй билээ. Бид тун ялихгүй юмнаас, бараг санамсаргүй гэх үйлдлээс эр, эмийн ялгаа гаргаад хэвшчихэж. Энэ нь яваандаа элдэв хүчирхийллийн үндэс болдгийг бодолцох мөч ирэв. Үндсэн хуульдаа л “тэгш” гэсэн бол тэгш байя л даа. Эцэг, эхчүүд тун энгийн үйлдэл, ойлголт, яриагаараа үүнийг бүр дэвэргэж орхидгоо анзаардаггүй. Нэг ёсондоо шууд бус ялгаварлан гадуурхалт л даа. “Эрэгтэй хүүхэд аяга таваг угааж, гэр орон цэвэрлэн, хоол унд хийдэггүй”-г бяцхан хүүдээ сургамжилж буй залуу хос санаанд хоногшжээ. Хүү ямар ойлголт авах нь тодорхой. Харин охин дүү нь “Би л түүнийг хийх ёстой” гэж тусгах нь мэдээж. Ингээд хүссэн ч, эс хүссэн ч жендерийн асуудал гараад ирж байгаа юм. Ингэхийн оронд, “Охин дүүгийн чинь гар арай чангараагүй байна. Миний хүү ус аваад ир. Дүү чинь аяга, тавгаа угаана биз” гэчихвэл арай дээр байхсан. Эрэгтэй хүүхэд тэгдэггүй, эмэгтэй хүүхэд ингэдэггүй гэхийг ер нь болгоомжтой хэрэглэж баймаар санагдсаныг нуух юун. Хэтээ бодсон хэрэг гэхэд хэтрэхгүй болов уу.

“Бэлгийн дарамт” гэх заалт байдаг. Хамгийн өргөн дэлгэрсэн дарамтын нэг гэхэд хилсдэхгүй.Төрийн байгууллагын албан тушаалтан, хувийн хэвшлийн удирдлагуудын бас нэг “мэргэжил” нь болжээ. Ажилд авч, цалинжуулсан/тэтгэсэн/ хариугаа авдаг “мэх” нь ч гэхэд болно. Зөвхөн удирдах гэлтгүй, хамт ажиллагсад, түншүүд, хамааралтай албан тушаалтан, таних, танихгүй нөхөд гээд хэн ч үйлдэх магадлалтай гэх. Энэ төрлийн хэргийн санаархал зарын сонин сөхөх төдийд л гараад ирнэ дээ. “Хөөрхөн бүсгүй ажилд авах” тухай л байдаг биз дээ. Онцгой үйлчилгээний газруудад байхыг үгүйсгэхгүй ээ. Хуушуурын гуанзанд хөөрхөн хүүхэн хэрэгтэй нь харин юу л бол. Зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай хэрэг биш мэт. Агентлагийнх нь захирал хүүхэн байн, байн хоолонд урьдаг, элдэв үзвэр хамт үзэхийг санал болгодог, бүр залхмаар харьцдаг, ажлаа ч хийх боломжгүй болсон тухай нэгэн таньдаг залуу сэтгүүлч ярьсан нь санаанд одоо ч байна. Бэлгийн дарамтын бас нэг хэлбэр байж мэдэх шүү. Бэлгийн дарамтын хэлбэрүүдийг ичмээр үг хэлэх, бэлгийн сэдэлтэй үйлдэл үзүүлэх, дооглох, элдвээр мухардуулах, гарцаагүй байдалд оруулах, ширтэх, шалиг харах, өдсөн зураг, бичлэг харуулах, сүлжээгээр захиа илгээх, хормой хоттой нь оролдох, биед нь хүрэх, эмзэг газраар шүргэх, биеэр довтлох гэжээ. Бүр нарийн детальчлан тайлбарлаад яахав. Нэг ийм сонин дарамт манайд бараг хэвийн үзэгдэл болжээ. Хохирогч нэрээ бодох, олонд мэдэгдэхээс ичих, ажилгүй болохоос айх, учраа олохгүйгээс хаа нэгтээ ханддаггүй бололтой. Уг нь тухайн этгээдийн дээд албан тушаалтан, хүний нөөцийн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, цагдаа, эмэгтэйчүүдийн эрх хамгаалдаг газар, Хүний эрхийн Үндэсний комисст хандахад л болох юм байна лээ шүү. Бусдад бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдлийг “жендерт суурилсан хүчирхийлэл” гэх заалт ч харагдана. Арай харгисыг нь хэлдэг бололтой. Ажилтнаа ёврох, түгшээх, самуун зан гаргах, торгох, шийтгэх гээд юу эс мундахав. Эдийн засгаар хохироох сэдэл агуулсан байна уу.

Квот гэсэн нэг үг байх. Албан тушаал дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөллийн доод хязгаар болох тоо, хэмжээ юм уу даа. Улстөрчид л олонтаа ярих юм билээ. Хуульд нь туссан тул хэрэгжих магадлал өндөр. Яагаад гэвэл улс төрийн намууд сонгуульд оноо авахад нь нэг гол үзүүлэлт болох тул яах ч аргагүй дэмжихэд хүрэх нь зайлшгүй. Дашрамд дайхад, хуулийн хэрэгжилтийг үе, үе судалгаа хийн хянах нь зүйтэй болов уу. Судалгаа л багцаа харуулдаг даа. Эцэст хэлэхэд, зан заншил, шашин шүтлэг, ёс суртахууны зарим хэм хэмжээг заагтай болгох хэрэгтэй санагдана. Ёс заншлаар жендерийг боомилох гэж үү. Энэ бол зөвхөн миний санаа бөлгөө. Дээр дурдсан жижиг сажиг юм бий ч, Азид бүү хэл дэлхийд ардчиллаараа гайхуулдаг бидэнд асуудал биш байхаа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ