2013 оны CNN-ий 10 баатар

CNN өнгөрсөн онд баатарлаг үйлс бүтээсэн шилдэг 10 /баатар/ хүнийг нэрлэжээ. Нэр хүндтэй өргөмжлөлийг гардуулах ёслол тун удахгүй болно. Тус агентлагийн нэрэмжит энэхүү шагнал нь долоон жилийн өмнөөс жил бүр уламжлал болгон зохиогдож байгаа бөгөөд нэр алдартнууд бус жирийн хүмүүс байдгаараа онцлогтой.
CNN агентлагийн захирал Жефф Зукер “Жирийн л нэгэн бусад хүмүүсийн төлөө гайхамшигтай том үйлийг бүтээж байгааг нь хараад би бахархдаг. Гэхдээ тэд энэ бүхний хариуд би өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийсэн хэмээн даруухан өгүүлдэг нь хамгийн гайхамшигтай хариулт байдаг” гэв.
Энэ жилийн шилдэг хүнийг тодруулахын тулд нэлээд өргөн сонголтой байсан бөгөөд нийт 200 хүнээс хамгийн шилдэг гэсэн 10 хүнийг тодруулсан билээ. Ийнхүү дэлхий нийтээс үнэлгээ авч чадсан 10 хүнийг танилцуулж байна.
Дел Битти
Ноён Дел Битти Иракийн дайнд оролцож нэг хөлгүй болжээ. Гэсэн ч тэрбээр итгэл найдвараа алдалгүй хийх бүтээх, нийгэмд оролцох оролцоогоо нэмэгдүүлж байгаа нэгэн.
Тэрбээр төлбөрийн чадвар тааруу ч гэсэн өөрийн нэрээр сан байгуулж гайхалтай сайхан байшин барьж чаджээ. Энэ байшинд ганцаараа амьдрахын тулд бус дайнд оролцож эрхтэн дутуу болсон ахмад болон залуу дайчдад зориулан барьжээ. Тэд дайны он жилүүдийг болон, өөрсдийн эх оронч эр зоригийнхоо талаар ярилцан суух дуртай гэнэ. Дайчдад зориулсан байшин “Нил ялаан зүрхтнүүд” хэмээх нэртэй.
Жорж Бвеллэ
Өвчтэй эцгийгээ 10 жилийн турш асарч буй хижээл насны жирийн л эр. Ямар ч эмнэлгийн мэдлэггүй байсан эр аавыгаа арчилж сувилж байхдаа эмч нараас дутахааргүй мэдлэг эзэмшсэн байна.
Тэрээр Кэмероны ойролцоох ойд долоо хоног бүр ирдэг бөгөөд байгалийн аргаар өвчнийг эдгээж болох талаар судалдаг. Түүний энэ бүх хүчин чармайлт хоосон байгаагүй. Иргэд Жоржтой уулзаж энгийн, эм хэрэглэхгүй аргаар хэрхэн эмчилж болох аргыг асууж эдгэрч байна. Түүний аав нь хүүгийнхээ ачаар өдий хүртэл энх тунх байгаа.
Робин Эммонс
Энэ гайхалтай эмэгтэйн ачаар Хойд Каролина мужийн Шарлоттын 7200 гаруй иргэд шинэхэн, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Тэрбээр өөрийнхөө гэрийн арын цэцэрлэгт жимс ургуулж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр тосгоныхныгоо хангаж байна. Тэрбээр энэ ажлаа 2008 оноос эхлүүлсэн. Жил бүр 26 мянган фунтын жимс ногоо хураан авдагч түүнийгээ оршиг суугчдад зориулдаг юм байна.
Даниэл Глетоу
Үнэхээр хүүхдүүдэд хайртай нэгэн. Тэрбээр өөрийн амьдралын ихэнх цаг хугацааг бусдын хүүхдүүдэд зориулдаг.
Хүүхдүүдийн хүслийг сонсож, заримыг нь онлайнаар хүлээн авч тэдэнд бэлэг бэлддэг.
2008 оноос эхлэн энэ ажлаа хийж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр 42 мужийн 6500 хүүхдэд тусалж, бэлэг барьжээ.
Траванда Жонс
Энэ гайхалтай бүсгүйгээс олон эмэгтэй эрч хүч авдаг. Тэрбээр сайн дураар бүжгийн клуб ажиллуулж байгаа. Нью Жерси хот бол АНУ-ын хамгийн ядуу хотуудын нэг.
Тэнд ажил олдох нь ховор. Гэсэн ч тэрбээр хүмүүсийн сайн сайхны төлөө ажилласаар байгаа бөгөөд 4000 гаруй хүмүүст тусалж, тэднийг зорилгожуулж байгаа хүчирхэг бүсгүй.
Түүний ачаар олон хүүхэд сургууль завсардахаас аврагдаж, бусад хотууд руу сурахаар явцгаасан. Харин хүүхдүүд түүнд хандаж бид эргэж ирээд өөрийн хотдоо ажиллаж амьдрах болно хэмээн хэлдэг нь түүнд итгэл найдвар хайрладаг аж.
Ричард Нейрс
Тэр бол хүүхдүүдийн хувьд сахиусан тэнгэр. Мянга мянган хүүхэд хорт хавдартай тэмцэж байгааг хараадэнэ ажлыг хийж эхэлсэн ажээ.
Тэрбээр цусны хорт хавдраар 2000 онд хүүгээ алдсан бөгөөд түүнээс хойш хорт хавдартай хүүхдүүдтэй ажиллаж тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, өвчнөө давахад нь дэмжлэг үзүүлдэг юм байна.
Каканя Нтая
Каканя Нтаяг Кения тосгоныхон андахгүй. АНУ-д коллежоо төгсөөд төрөлх нутагтаа ажиллахаар ирсэн анхны эмэгтэй.
Нутагтаа ирмэгцээ бага сургуульд ажиллаж хүүхдүүдийн боловсролд өөрт байгаа бүх л зүйлсээ зориулж байгаа. Ялангуяа охидын боловсролд илүү анхаардаг.
Охид сайн байвал манай тосгон илүү хурдан хөгжинө хэмээн итгэдэг тухайгаа тэрбээр ярьжээ.
Чад Преграк
Сайн дурын байгаль хамгаалагч тэрбээр анх Миссисиппи мөрнийг цэвэрлэх ажлыг эхлүүлж байсан.
Эх дэлхийн төлөөх түүний энэхүү ажил 1998 оноос эхэлсэн юм.
Чад ажлыг ганцаараа эхлүүлсэн ч одоо харин түүний дагалдагчид буюу гол мөрөн цэвэрлэдэг 70 мянга гаруй сайн дурынхан бий болоод байна. Тэдгээр хүмүүс нийтдээ долоон тонн хогийг уснаас гаргаж цэвэрлэжээ.
Эстелла Пирфром
CNN-ийн шилдэг 10 хүний нэгд багтаж чадсан энэ хатагтай бага орлоготой оюутнуудад тусалдаг.
Тэрбээр өөрийн автобусаараа оюутнуудад үйлчилж, ямар нэгэн сайн санааны хандив цуглуулах ажлыг зохион байгуудаг ажээ. Түүнчлэн ном товхимлууд цуглуулж тэдний мэдлэгт нэмэрлэгдэг гэнэ.
Оюутнууд ч туслагч хатагтайдаа үргэлж талархлаа илрхийлэн жирийн л нэг автобусыг нь "Бриллиантан автобус" хэмээн нэрлэсэн байна.
Лаура Сэтчэл
Тэрбээр Америкт төдийгүй бусад 20 гаруй ороны эмч нар болон хүмүүст өөрийн тусламжийг хүргэдэг.
Тэрбээр онлайнааар, зарим тохиолдолд өөрийн биеэр эмч нарт тусламж хүргэж, өөрийн чаддаг мэддэг зүйлсээрээ эмч хүрэлцээгүй газарт очиж хүмүүсийг эмчилдэг.
Түүний гэр нь бараг л бичил хэмжээний эмнэлгийн газар шиг байдаг ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ