“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль"-ийг хэтэрхий жулдруулжээ

Ёстой улиг болсон гэхээр, байсан, байгаа, байсаар ч байх гэдэгт тэнцэх ёжилбол бараг цорын ганц хэрэг гэр бүлийн хүчирхийлэл биз ээ. Түүний түүхийг сөхөх илүүц нь ойлгомжтой. Гэр бүл үүссэнээс үгүй болтол үргэлжилж мэдэх. Иймд сүүлчийнхийг нь хүлээх хэрэггүй нь тодорхой. Тиймээс түүнтэй тэмцэх нь зүйн хэрэг. Тэгэхийн тулд зэгсэн сайн хууль хэрэгтэй. Бид ийм хууль 2004 онд баталжээ. Цаг хугацааны хувьд бас л их хоцорсон хууль гэхэд болно. Тэр хүртэл хүчирхийлэл хуульгүй байсан гээд бод доо. Гэхдээ бусад хуулиас хамгийн хоржоонтой нь. Хамгийн аюултай хэрнээ барагтай бол илэрдэггүй, хариуцлага хүлээдгүй шахуу гэчихэд хэтрэхгүй байх.

Одоо хэрэгжиж байгаа хуулийн зорилт нь, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон ТББ, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн заажээ. Хэрэгжүүлэх учиртай ч, хэрэгжүүлдэггүй, хэрэгждэггүй хууль гэхэд болохгүй гэх газаргүй. Тэр нь юугаар нөхцөлдөнө вэ гэвэл, авах арга хэмжээ нь жулд байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль"-ийг хэтэрхий жулдруулжээ гэсэн үг. Энэ нь манай уламжлалт ойлголт, зан суртахуунтай ч холбоотой байх. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эхнэр, нөхрийн ам муруйх, хэрэлдэх, биенээ “няслах” төдий ойлгодог, эхнэр, нөхрийн хооронд илжиг бүү жороол хэмээн хаацайлдаг нь нөлөөлдгийг ч үгүйсгэхгүй. Тиймэрхүү нөхөд хар мянга. Зарим сэхээтэн хүртэл шүү. Яагаад гэхээр өөрсдөө үйлддэгт болохоор тэр л дээ.

Бас нэг өрөөсгөл ойлголт нь архичин эрийн агсам согтуутай холих явдал юм. Тэр нь хүчирхийллийн нэг хэлбэр мөн л дөө. Гэхдээ хүчирхийллийг зөвхөн архичид үйлддэг гэвэл бодит байдлаас хазайна. Монголын гэр бүл болгон шахуу архичин, бөө, ажилгүй нөхөртэй гэдэг. Шоглосон мэт ч үнэний хувьтай байх шүү. Хэдийгээр асгам тавьдаггүй ч өдөр бүр нэг нөхөр согтуу байх, хажууд нөгөө нь хэнгэрэг балбан цамнах, үлдсэн нь нуруугаа үүрээд холхиод байх ямар сайн байхав. Сэтгэлийн жинхэнэ там буй за. Хүчирхийллийн үнэр ханхлахгүй байна гэж үү. Хүчирхийлэл ямар ч түвшний гэр бүлд байхыг үл үгүйсгэнэ. Энэ талаар ярихдаа энгийн жишээ татах нь амьдралд илүү нийцэх байх. Тэгээд ч хуулийн шинэчилсэн найруулгад тусгах/амжих аваас/ иргэн миний санал гэж ойлгоход гэмгүй.

Хүчирхийллийн тухай сэдвийн эхэнд хүүхэд яригдах нь ойлгомжтой. Гэхдээ гагцхүү хойт эх, эцэгтэй холбох төдийгөөр явцуурч болохгүй. Төрсөн эцэг, эхийн хүчирхийлэл бараг голлодог гэчихвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгээд төрсөн ах, эгч, бүр эмээ, өвөө ч орно. Манай уламжлалт хүмүүжлийн нэг арга болох “алганы амт” чинь тэр чигтээ хүчирхийлэл шүү дээ. Хөх хазлаа гээд нялх үрийнхээ хонгон дээр алгадах нь хүчирхийлэл гэчихвэл зарим нь арай хэтэрнээ гэж магадгүй. Түүний ард хүчирхийллийн элемент байгаа хэрэг. Тэглээ гээд эхийг шийтгэх нь хаашаа юм. Гэхдээ л бодох ёстой. Энэ талаар тоочвол барахгүй. Бүхний мэдэх сэтгэл сэрдхийлгэсэн хэдэн жишээ бий. Халааснаас мөхөөлдөсний мөнгө авав гээд хойт эцэг нь тамхины галаар түлэн тамласан, таван настай хүүгээ заазуурдан тарчлаасан төрсөн аав, гурван настай охиныхоо толгойг нь таслан солиорсон эх, боорцог идлээ хэмээн дүүгийнхээ хүүхдийг олон сараар амбаарт хорин зовоосон багш эмэгтэй гээд л цуварч өгнө дөө. Хүчирхийллийн туйлд дөхсөн хэргүүйд гэхэд болно.

Туйлдаа хүрвэл амь нас хохирно, хохирооно. Бага насны хүүхдээр хурдны морь унуулах ч орно. Хүйтэнд хөл нүцгэнээр хонь эргүүлгэсэн ч хамаарна. Цэцэрхлээ гэж битгий бодоорой. Хүний хийгээд хүүхдийн эрхэд бараг заачихсан зүйл дээ. Хүчирхийлэл ярихдаа хүүхдээс гардгийг нь ч орхиж болохгүй. Эрхийн тэнэг болсон хүүхэд элдвийг нэхэх, санаандаа заавал хүрэх, өсвөр насныхан давж, даашгүйг хүсэх, эс биелүүлбэл амиа хорлохоор далайлгах нь ч орно. Ирээдүйн хүчирхийлэгч эндээс төрдөг юм даа. Хүүхдийн хэргийг ингэсхийгээд товчильё. Хамгийн ээдрээтэй, өргөн дэлгэр нь эр, эм хоёрын хүчирхийлэл. Эрчүүд түлхүү, эсрэг хүйстнүүд нь цөөн үйлддэг гэх. Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн хийгээд эдийн засгийн гэж ангилжээ. Үүнийг өнгөцхөн харвал зодох, доромжлох, хүчиндэх, мөнгөний гачаалд оруулах чинээн санагдана. Нарийсгавал хүний санаанд ч оромгүй юм гарч ирнэ. Бид заавал томыг нь хардаг дутагдалтай. Эхнэрээ харанхуй шөнө нүүрс, мод авчир гээд гаргадаг эрийн тухай яриа бий. Энэ нь сэтгэл санаанаас гадна бие махбодийнхыг давхар тээнэ. Тэр бяд муутай амьтан яаж түүнийг авчирах билээ. Их л зүдэрнэ дээ. Зарим эр эхнэрээ харцаараа байлгадаг нь сэтгэл санаа давамгайлсан хүчирхийлэлд орох нь зайлшгүй.

Эдийн засгийн гэдэг нь бүр ч хүнд. Би нэгэн гайхамшигт жишээ мэдэх билээ. Холын хамаатны маань нэг эр эхнэр, охин хоёрынхоо цалинг хурааж аваад, дэвтэр хөтлөн зохицуулдгаа ярьж билээ. Өглөө ажилдаа явахад нь унаа, хоолны мөнгө өгдөг гэх. Хэдийгээр энэрэнгүй мэт ч, эдийн засгийн хүчирхийллийн сонгодог жишээ л дээ. Түүнийг нь хүчирхийлэл гэж ойлгуулах гээд ядсан бөлгөө. “Тэгснээр манай гэр бүл харин ч аз жаргалтай, гачигдаж дутагдах юмгүй, элбэг хангалуун амьдардаг” хэмээснийг нь дурдаад орхиё. Харамсалтай нь манай дунджаас бараг дээгүүрт орохоор сэхээтэн айл л даа. Эрчүүд хэрхэн хүчирхийлүүлдгийг хаячих шахжээ. Мөн л миний мэдэх дөчөөд насны хосын амьдрал бэлхнээ жишээ нь болно. Дээд мэргэжилтэй, боломжийн амьдралтай, хоёр сайхан хүүхэдтэй өрх байгаа юм. Гэм нь, гэргий нь нөхөртөө гэрийнхээ илүү түлхүүр өгдөггүй гэж байгаа. Эрт ажлаа тардаг нөхөр нь ирээд эхнэр, хүүхдээ хүлээн энэ тэрүүгээр холхин, гадаа суух нь эмгэнэлтэй ч юм шиг. Авгай, хүүхнүүдийн амны зугаа болдог байснаа одоо ч цайрч дээ. Арваад жил болоход салж, сарнисангүй. Хүйтэн, сэрүүний улиралд л нэг тиймэрхүү гэхээс дээ.

Эхнэр нь нөхрөө зоддог, хамт архидаад хутгалан хороодог тухай мэдээг бид бишгүй л сонссон. Тэр бол туйлдаа хүрсэн хүчирхийлэл байх. Ер нь хүчирхийлэлд өртсөн эрчүүдийн олонх ахмадууд гэсэн судалгааны нэгэн үзүүлэлт анхаарал татаж байна. “Асрамжийн газар” гэдэг бүхэл бүтэн сэдэв үүнээс ургах тул мөн л орхихоос. “Хайр” гэдэг хачин тодрхойлолттой нэгэн хүчирхийлэл буй. Бараг хамгийн адгийнх нь байж мэднэ. Хэн нэгнээ хардаад ажлыг нь ч олигтой хийлгэдэггүй хүчирхийлэл. “Хайртай бол хартай” гэдэг хэлц үгээр халхлагдаж явдаг эд. Хард ямар юмных нь хайр байхав. Сэтгэцийн архагших явцтай өвчин шүү дээ. Хадам бэр, хүргэний гэх этгээд хүчирхийлэл байх. Хуульд заагаагүйг бодохоор гэр бүлийн хүчирхийлэлд ордоггүй бололтой. Хадам гэхээр зөвхөн хадам эхийг ярьдаг нь эндэлтэй. Голдуу ийм маягаар илэрдэг ч, хүргэн, бэрүүдийн зүгээс ирдэг дарамтыг орхиж үл болно. Хүүхнээ харамлав гээд хадмуудаа хороосон аймшигт хэрэг ч бий ш дээ. Өндөр настай хадамдаа аяга хоол, цай аманд нь барилгүй өнжөөдөг хүргэн, бэрүүдийг юу гэхэв. Ингээд байвал талийж өгнөө, энэ хүчирхийлэл.

Тэгвэл бид яах ёстой юм бэ гэсэн асуулт гарна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сурагтай. Түүнээс л “юм” харъя. Бас саналаа их, бага гэлгүй нэмье. Нэг үгээр хэлбэл, зүгээр харах биш санал солилцъё. Одоогийн хуулийг харахад явуургүй нь илт байна. Хүчирхийлэгчийг яадгийг товч дурдахад л хангалттай болов уу. Хамгаалах байранд авах, хүчирхийлэгчийг сургалтад хамруулах, хамт байх эрхийг түр хязгаарлах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүчирхийлэгчид захиргааны болон эрүүгийн шийтгэлтэйг сануулах, хохирогчийг төрөл садангийнд нь түр хамгаалалтад авах, хохироогчийг түр саатуулах, эрүүлжүүлэхэд өгөх, тодорхой хоногоор баривчлах төдийхнөөр тоочжээ. Та сайн хар даа. Аль нь ч архагшсан хүчирхийллийг арилгах нь бүү хэл, авах олигтойхон арга хэмжээ ч болж чадахааргүй байгаа биз. Хүний эрхийн үндэсний төвийн тэргүүн Д.Энхжаргал ийн ярьжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих дөхлөө. Төслийн ажил 70 хувьтай байна. Юуны өмнө иргэний журмаар шийдээд эрх хязгаарлах арга хэмжээ авахаар хуульчилж өгнө. Хүүхдээ зодсон эцэг, эхийг хүүхдэд ойртуулахгүй. Гэрийн хорионд байлгах. Хүчирхийлэгчийг зан үйлээ засах сургалтад суулгах. Хэрэв суухгүй бол сургалтад суугаагүй нэг хоног хорих ялын нэг хоногтой тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт татна гэжээ.

Харин эцэг, эх байх заяамал эрхийг хасах нь юу л бол. Цусаар нь урсдаг “тамга”-ыг арилгаж барахгүй биз. Сайн бодох л хэрэгтэй. Эргэж харууштай нэг зүйл байна. Орон нутагт ийм хэрэг гарвал одоогийн хуулиар тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга, цагдаа хариуцахаар тусчээ. Энэ нь учир дутагдалтай нь мэдээж. Ихэнх сум, баг, хороонд ах дүү, хамаатан садан, найз нөхөд л байна биш үү. Тэдэн дээр ядаж эмч, нийгмийн ажилтныг нэмээд хамтаар зүтгэх болгосон нь дээр байх. Хүчирхийллийн эсрэг үндэсхий төв 16 аймагт салбартай ч, тэр нь алдаг оног ажилладаг бололтой. Өнгөрсөн жил 1400 хүн хандаж, зөвлөгөө авчээ. Зөвхөн хандсан хүний тоо. Хандаагүй хэчнээн хүн байхыг тоолох аргагүй. Таван хүний нэг хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон үзүүлэлт хаа нэгтээ харагдсан санагдана. Хүн ам олонтой хот суурин, хэдий цөөн ч орон нутагт ийм газрыг олноор нээх шаардлагатай байх. Санхүүжилт мэтээс нь цэрвэх хэрэггүй. Бид тэр байтугайд л мөнгө цацдаг ш дээ. Үсрээд л хоёрхон том баяр тэмдэглэх зардал гарна даа. Баярыг дараа нь болъё. Хүчирхийлэлгүй цагт баярлах хаа мундахав.Судалгаанаас үзэхэд ийм байранд хандагсдын 61 хувь нь хүүхэд гэх. Тэгэхээр орон гэргүй хүүхэд яаж цөөрөх билээ. Тэд хүчирхийллээс дайжин яваа нь тодорхой шүү дээ. Өөрийгөө өөрөөр хэрхэн хамгаалах вэ дээ. Дашрамд дайхад, хүн болох багаасаа гэдэгчлэн, бүр багаас нь биш гэхнээ ядаж өсвөр насанд нь, тухайлбал ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад энэ талын мэдлэг, хүмүүжил олгох сургалтыг хуульчилж болдоггүй юм байх даа. Тэгвэл мөн ч хэрэгтэй баймаар санж. Далимд хэлэхэд, аливаа хүүль хэрэгжиж байгаа эсэхийг хүлээх биш, хэрхэн хэрэгжиж буйг жилд ядаж нэг удаа судлан/мониторинг/, үнэлгээ өгч, олон нийтэд мэдээлж байвал зохилтой. Судалгаа л үнэнийг өгүүлдэг бөлгөө. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоож чадах аваас гудамжны гэмт хэрэг ч багасах нь дамжиггүй. Нэг хүчирхийлэл нөгөө хүчирхийллийн үндэс болоод буйг таслан зогсооход л “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль”-ийн зорилт оршном бус уу. Ингээд бичвэрээ Ардын уран зохиолч, МУСГЗ,Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн нэгэн сайхан ухаарлаар жаргаая. "Эр, эм хүмүүсийн энэ нь илүү, тэр нь дутуу гэж бодож явсангүй ээ. Соёмбын голд байдаг арга билиг болсон эр эм хоёр загас шиг, аль нь алинаасаа илүү ч бус, дутуу ч үгүй юм. Зүгээр л хоорондоо ялгаатай" хэмээжээ. Үүнээс илүү яаж, уран гоё, утга төгөлдөр, гүн агуулгатай хэлэх билээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ