Н.Энхбаярт өгч буй дараагийн сануулга юу вэ?

-МӨНГӨ УГААСАН, БУСДАД АВЛИГА ӨГСӨНГЭЖ Т.ЭНХБОЛДСОДОНГ БУРУУТГАЖ БУЙ ЮМ БАЙНА-

"Чоно" группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасан хэмээн сэжиглэж Авлигатай тэмцэх газрынхан саяхан цагдан хорьсон. Энэ хүний талаархи мэдээлэл тэр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байдаггүй. Гэхдээ улс төр, бизнесийн хүрээнийхэндээ бол нэртэй нэгэн. Сүүлийн үед зарим сэтгүүлийн хуудаснаа эхнэр н.Ачтуяамаагийнхаа хамтаар бичигдэх болжээ. Түүнийг АТГ-ынхан цагдан хорих болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт өгч буй дараагийн сануулга, "Blue Sky" цамхагтай холбоотой авлигын хэрэг нь сөхөгдсөн, мөн компаниараа дамжуулан мөнгө угаасан гэх мэдээллүүд гараад байна. Энэ талаар хуулийнхан ямар нэгэн байр сууриа илэрхийлж, юуны учир түүнийг хорих болсноо тайлбарлаагүй байгаа. Иймд энэ хэргийн эргэн тойронд чухам юу болоод буйг нэхэн сурвалжиллаа.

Т.ЭНХБОЛДСОДОНГИЙН "ЧОНО" ГРУППД ХАРЬЯАЛАГДАХ ХӨРӨНГӨ

Т.Энхболдсодон 1990 оны эхээс анх бизнесийн гараагаа эхлүүлж, "Strings" амьд хөгжмийн шөнийн клуб, "White house" зочид буудал, "Мишээл экспо" худалдааны төв, "Торго салон", "Tse

pub" болон сүлжээ ресторан зэргийг гартаа зангидаж чаджээ. Сүүлийн үед ашигт малтмалын салбарт нөлөөтэй нэгэн болж хувирсан гэнэ. Үүнээс гадна Т.Энхболдсодон Монголын бизнесийн салбар бүхэнд тодорхой хэмжээний оролцоотой. Хамгийн сүүлд "Blue sky" цамхгийг босгосон. Манай улсын "Топ" 40 тэрбумтны 17 дугаарт эрэмбэлэгддэг гэнэ.

Тэрбээр 536 сая ам.долларын хөрөнгөтэй. Эхнэр н.Ачтуяамаа нь "Торго салон"-ы захирал. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин хийж байгаад Т.Энхболдсодонтой дэр нэгтгэж гурван хүүхэд төрүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Одоогийн хамтран амьдрагч нь бас нэгэн салоны эзэн түүний хоёр хүүхдийг гаргасан гэх мэдээлэл байна. Саяхан нэгэн ачийнхаа төрсөн өдрийг Хонконгт хийсэн бөгөөд тэдний гэр бүлийнхэн хэн нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт ойг Зүүн Азийн орнууд руу явж тэмдэглэдэг уламжлалтай гэдгийг хэлэх ч хүн байна. Албан ёсны эхнэрийнх нь "Торго салон"-оос бусад үл хөдлөх хөрөнгө нь Т.Энхболдсодонгийн "Чоно" группд харьяалагддаг аж.

"ЧОНО" КОМПАНИ НООС НООЛУУР, АРЬС ШИР ЭКСПОРТОЛЖ БАЙЖЭЭ

"Чоно" компани анх ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эд болон хаягдал төмөр экспортолж хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн цахилгаан бараа, компьютер импортолж, засвар үйлчилгээ эрхлэн бизнесийн гараагаа эхлүүлж байсан гэнэ.Танилын хүрээ нь өргөжих хэрээр тус компанийн үйл ажиллагаа тэлжээ. Тус компанийнхан сүүлдээ үл хөдлөх хөрөнгийн зуучлал, уул уурхай, тээвэр зууч, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан, хөрөнгө оруулалтын зэрэг чиглэлээр ажиллах болсон байна. 2010 оноос эхлэн группын зохион байгуулалтанд орж, толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 600 гаруй ажиллагсадтай болж чадсан байна.

АНХНЫ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЬ ТОМЧУУДЫН УУЛЗАХ ГАЗАР БОЛЖЭЭ

Анх тэрбээр баар ажиллуулж байсан гэнэ. "Женко" Х.Баттулгатай эртний андууд. Х.Баттулгыг наймаанд явж эхлэх үеэс нөхөрлөсөн гэнэ. 1992 онд анх "Чоно" нэртэй компани байгуулж байжээ. Анхны үл хөдлөх хөрөнгө нь компани байгуулснаас нь хойш дөрвөн жилийн дараа бий болжээ. Тэр нь "White house" гэх зочид буудал. Дараа нь "Мишээл экспо" худалдааны төвийг "Таван эрдэнэ" зах байхад авсан гэдэг. Эндээс түүний хөлжnх гараа тавигдсан гэдгийг бизнесийн салбарынхан хэлж байна. Тухайлбал, "Таван-Эрдэнэ" захыг тухайн үед буюу одоогийн УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин удирдаж байсан бөгfөд энэ захыг Т.Энхболдсодон багагүй дуулиан тарьж байж авч байсан. Тухайн үеийн холбогдох албан тушаалтнуудыг "White house" зочид буудалдаа дайлж цайлж байсан гэх мэдээллүүд байдаг юм байна. Мөн энэ буудал нь шинээр баригдсан. Тухайн цагтаа арай бусдын нүдэнд өнгөтэй харагддаг тул нөлөө бүхий эрхмүүд тэнд цуглаж архиддаг байсан гэнэ.

Т.БАДАМЖУНАЙ Т.ЭНХБОЛДСОДОН ХОЁР ХУДУУД

Бизнесийнхээ хүрээг өргөжүүлэх нэгэн таатай зүйл тохиосон нь Т.Энхболсодонгийн ахын хүүгийн хурим. Ах нь Т.Энхбат. Түүний хүү нь Э.Анар "Хотын" фракцын нэгэн төлөөлөл болох Т.Бадамжунайн охинтой дэр нэгтгэсэн явдал хожим газар тариалан эрхэлж, хотын "А" зэрэглэлийн газарт барилга байгууламж барьсан нь худынх нь нөлөөлөл гэдэг. Т.Бадамжунайн хүргэн Э.Анар ч ядах юмгүй дээшилсэн гэнэ. Тэрбээр Ерөнхий архитекторын орлогч болтлоо дэвшсэн байна. Ах дүү хамаатан садан, танил талын нөлөө гэдэг энэ. Э.Анар энэ албанд очоод "Хотын фракцынхны олон ч луйвар булхайг хаацайлж байсан гэдгийг хэлэх хүн байгаа юм. Иймэрхүү байдалтайгаар бизнесмэнүүдийн хүрээ өргөжиж, төрийн албанд энэ мэтээр хаалт, хамгаалалттай болж байсан гэдэг.

"ХОТЫН ФРАКЦ" ТҮҮНИЙГ ИВЭЭХ БОЛСОН ШАЛТГААН

Т.Энхболдсодон Т.Бадамжунайгаар дамжуулан "Хотын фракц"-ынхны ивээлд орсон байдаг. Т.Бадамжунай Т.Энхболдсодон түүний ах Т.Энхбат нар нэг нутгийнх. Нэг үгээр хэлбэл Архангай аймгийнх. Т.Бадамжунай хожим нь фракцынхаа М.Энхболд, нутгийн ах Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон Сү.Батболд нартай танилцуулжээ.

Т.Энхболдсодонгийн ах Т.Энхбат Н.Энхбаяр хоёр бол хэн хэнийгээ эртний мэдэх нутаг усныхан байсан нь "Чоно" групп цэцэглэх нэгэн боломжийг нээсэн байна. Хожим нь Н.Энхбаяр Т.Энхболдсодон хоёрын дунд "Blue sky" цамхгийг босгох нэгэн зам нээгджээ.

САЯ АМ.ДОЛЛАРААР АВСАН ГАЗАР БА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт тухайн үедээ томоохон бүтээн байгуулалтын санал иржээ. Түүнийг нь аваад явчих найдвартай хүн нь Т.Энхболдсодон болж таарав. Энэ найдвартай хүнийг мэдээж Т.Бадамжунай санал болгосон гэдэг. Хаа хаанаа хэн хэнийгээ мэдэх учир Н.Энхбаяраас урвачихааргүй хүн нь Т.Бадамжунай. "Blue sky" цамхгийг барих газар нь МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэгийн (МИАТ-ээр мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон хоригдож буй) аавынх нь мэдлийнх байжээ. Энэ газрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр сая ам.доллараар Н.Энхбаяр авсан гэдэг. Тэдний дунд зуучилсан хүн нь мөн Т.Бадамжунай байсан гэдэг. Юутай ч төрийн тэргүүн байсан хүнд газраа өгөхдөө МИАТ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал төдийхнөөр тохиролцон зараагүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Иймэрхүү түүхтэйгээр өнөөдрийн сэлмэн барилга буюу "Blue sky" цамхаг сүндэрлэх эхлэл тавигджээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар 2006 онд Т.Энхболдсодон тус барилгын тодорхой хувийг эзэмших болсон байдаг.

Г.ЯЛГУУНҮргэлжлэл бий.

logo

СЭТГЭГДЭЛ БИЧИХ