Архины адаас интернэт дон руу

Архи, архидалт гэдэг нэр, томьёо хэзээ гарсныг хэн ч мэдэхгүй биз. Арай дотно танилцсан түүх гэвэл “ах нар”-тай ойртсон он жилүүд байж мэдэх. “Ах нар”-ыг одоогийн хүүхдүүд сайн мэдэхгүй байх. Оросуудыг хэлдэг юм. Ардын хувьсгал гээчээр ахан дүүс болоод, Ардчилсан хувьсгал гэгчээр тангараг тасрах дөхөөд, одоо олон улсын харилцааны энгийн жишгээр хөрш хэмээн зэрэгцэн оршиж буй улс л даа. Тэднээс бид тун олон юм сурсны нэг нь өнөө ид яригдан буй архи, архидалт болой. Сайн ч юм их заасан, саарыг ч цөөнгүй сургасан гэхэд хилсдэхгүй. Дөч хүрээд дөнгөж амсдаг, тавь хүрээд тавьж уудаг бид, арван тав, зургаа орчим наснаасаа аяга, аягаар цөлдөг болсон түүхтэй. Түүнийгээ “Соколовдох” гэнэ. “Хүний хувь заяа” киноны гол баатар Соколов германуудын нүдийг орой дээрээ гартал нь “стаканддаг”-гүй юу.

Ингэж уудаг байсан ч соц үед арай даруулгатай байв. Даруулга ч гэж дээ, дарамт. Диктатур. Монголоор бол захиргаадалтын лантуун дор дураар дургиж чаддаггүй байлаа. Харин эрх чөлөөтэй болсон цагаас жинхэнэ эргэлт гарсандаа. Ерээд оны эхээр эрх чөлөө гэдгийг чухам л архидалт хэмээн ойлгосон ард түмэн шүү дээ, бид. Ажил дээрээ, дарга нартайгаа архи уугаад төрийн хэргийг “явуулж” асан үе одоо ч нүднээ тусан байна. Ийм болтлоо дампуурсан билээ. Тэр нэг билигт сайн өдөр Дээрхийн гэгээн, Далай лам манайд айлчлахдаа “Архиа бага, айргаа их уу” гэж зүгээр нэг сургаагүй биз. Түүнээс нэг сэрснийг өнөөгийн Ерөнхийлөгч маань “сүү” ууцгаая болгон уриалснаар арай нэг юм гэгээрч, архин далайгаас толгойгоо татсан гэхэд болно.

Хамгийн аймшигтай нь бидний хойч үе, өсвөр насныхан, залуус үргэлжлүүлчих тун шахсан. Оюутнууд өглөө хичээл дээрээ халамцуу суух энүүхэнд болсон нь саяхных. “Баасан ахын төрсөн өдөр”-тэй болтлоо давхисан шүү, тэд. Ингээд яадагшуу юм билээ гэлцэж байтал интернэт гэх буянтан гарч ирэв. Хүүхэд багачууд архи, тамхи руу биш, тийшээ хуйлрах болсон нь эхэндээ сайн үйл байлаа. Архинаас дээр нь мэдээж л дээ. Мэдээ, мэдээлэлд муу юм хаа байхав. Тэгтэл тэр нь мэдээ, мэдээллийн газар биш болчихож. Интернэт тоглоом буюу “РС” гэх газрууд намрын мөөг мэт дэлгэрэн, орон байрны өнцөг булан бүрт бий болсноор тоглоомчдын бүхэл бүтэн арми үүсгэжээ. Тэр нь архинаас ч зарим талаар дор байсныг дарга, цэрэггүй одоо л ойлгоцгоож байх шиг. Архинд үеэрээ ордоггүй бол тоглоомонд цугаараа шигчихэж мэдэхээр аж.

Интернэт кафе гэх газар залуусын бараг гэр, орон болтлоо хөгжив. Хор холбогдол нь мөн л нэг төрлийн дон гэж байгаа. Тоглоомын донтой багачуулд зориулсан эмчилгээний тасаг СЭМҮТ хэмээх эмнэлэгт нээхэд хүрэв. Тэр нь ч пиг дүүрсэн юм байх. Тэднийг хэрхэх тухай яриа одоо газар сайгүй өрнөх болов. Монголын ирээдүй, хүүхэд багачууд, өсвөр насныхан, идэр залуус маань архины адаас арайхийн салаад, интернэт дон руу ийн шургажээ. Бүр дон шүглэжээ, тэдэнд.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ