Солонгос кинонд донтож Шархадны сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ

Энэ бол худлаа юм шүү. Гэхдээ л бид тун удахгүй ийм гарчиг бүхий мэдээ уншихад ойртоод байна гэдгийг сэрэмжлүүлж буй хэрэг юм. Архидалт, мансуурал, “РС”, бусад бооцооттоглоомын донтой эн зэрэгцэх нэг аюул бол Монголын телевизүүдийн сувгийг бүрэн эзэлж, үзэгчдийн, ялангуяа боловсрол нимгэн иргэдийн тархийг шимгүй болтол зад угаадаг солонгос кино юм. Эхлээд шуудхан хэлчихэд, энд солонгосууд буруугүй. Сонголт хийдгээрээ бид буруутай. Тэдний далаад онд туучсан зовлон одоо бидэнд иржээ. Америк киноноос өөр үзэх юмгүй болтлоо ядуурсан гэнэ билээ. Өөрсдөө кино хийдгээ ч бараг мартсан юм байх. Ингээд хэдэн жилийн өмнөхөн, нэгэн гэгээн өдөр тэд нойрноос гэнэт сэржээ. Кино урлагийн од гэгдэх 100-гаад жүжигчин санаа нэгдэн, эсэргүүцэн тэмцэж, хаа сайгүй хөдөлгөөн өрнүүлжээ. Үр дүн ч гарчээ. “Үндэсний театр, зурагтын дэлгэцийн кино программын 70 хувь үндэснийх байна” гэсэн хуультай болсон гэдэг. Ойн мод урттай богинотой гэдэг шиг олон хүн янз бүр л байлгүй яав гэж. Зарим нь тэднийг ч эсэргүүцжээ. Тэгэхдээ л америк киног эсэргүүцсэн шиг хүчилсэнгүй. Солонгосуудын бас нэг давуу тал нь биднийг бодвол арай эх оронч хэмээх. Тэр үнэн байх. Тэр жилийн эдийн засгийн хямралаар эмэгтэйчүүд нь хамаг алт, мөнгөө, эрчүүд нь бөгж, зүүлтээ банкиндаа аваачаад овоолчихсон байхаа. Бид тэгэхгүй дээ. Бассан бол уучлаарай.
Манайд гардаг “савангийн дуурь” нь тэндээ тусгай цагт гардаг гэсэн. Тэнд ажиллаж, амьдарч байсан миний дүү нар, найзууд, таньдаг нөхөд ярьсныг баримт болгон хүргье л дээ. Тийм киногоо өглөө 10.00-12.00 цагт гаргаад, бусад үед нь өөр хөтөлбөрүүд явах жишээний. Түүнийг нь гэрээ сахьдаг авгай нар, ажилгүй хүүхнүүд үздэг гэх. Түүнээс биш тэнд ер нь кино үзэх завтай хүн ч байдаггүй аж. Кино байтугай зурагт үздэг нь ч ховор гэв. Зурагт үзсэн гэх нэгнээ бараг ажил хэрэгч бус, завтай, хийх юмгүй хүнд тооцдог юм байх. Харин богино долгионы радио их сонсдгийг ч онцолсон шүү. Ажилдаа явах, өдрийн хоолонд гарах, харихдаа түүнээс мэдээлэл авдаг болжээ. Хариад ч зурагт үздэггүй. Тийм зав ч байдаггүй гэнэ лээ. Арга байж уу. “Би эсвэл чи” болсон газарт ажлын байрны төлөө тэмцэл туйлдаа хүрэлгүй яах вэ. Манайд харин эсрэг, ажлаа таслаад үзсэн ч болно. Манайд ажлын үр дүн гол биш, цаг бүртгүүлэх л чухал юм чинь.
Үндсэн сэдэв рүүгээ оръё. Солонгос киноноос бид юу үздэг билээ. Гуйвуулсан хийгээд огт болоогүй, байгаагүй, байхгүй түүх, гэр бүлийн тулга тойрсон маргаан, хэрүүл үздэг биз дээ. Солонгос киноны зохиол ерөнхийдөө нэг л зарчимтай. Хайртай гэх хос. Түүний хоёр талын хадам. Өөрөөр хэлбэл, худууд. Нэг тал нь хувийн том компанитай. Нөгөө нь ядуу. Хорт хавдартай хөгшин баараггүй гарна. Баян залуу ядуу охинд солиортлоо дурлаад л. Эцэг, эхтэйгээ тангараг тасраад л. Тэгээд л тэмцэлдэнэ. Хэрэлдэнэ. Биенээ үзэн ядна. Бүр өс хонзон болно. Хариуг хамгийн хатуугаар авна. Бүх кино ийм нэг сэдэвтэй. Үйл явдал нь яг адил. Бүр “ихэр”. Над шиг анзааргагүй хүн нэг л кино гараад байна уу гэж андуурмаар.
Хамгийн хоржоонтой нь сэтгэлзүйд нөлөөлөх өдөлттэй. Асар их зовлон, дааж давшгүй гуниг, тэвчишгүй бэрхшээл, орилоон чарлаан, зодоон цохион, алаан хядаан, амиа хорлолт. “Түй чёрт” гэмээр. Сэтгэл султай хүн даган дуураймаар. “Солонгос киноны солиорол” гэдэг онош тавихад болохоор хүмүүс ч бий гэх шиг. Иймэрхүү эмгэгтэй, нойрноос гарсан, архаг ядаргаанд орсон, сэтгэц тогтворгүй, сөлийсөн харцтай эмэгтэйчүүд СЭМҮТ-өөр үе үе бараалхдаг ч сурагтай. Одоохондоо яг солонгос киноноос болжээ гэх нь хаашаа юм. Ер нь нөлөөлдөг нь дамжиггүй. Үзээд, хамт хэрэлдээд, дотор нь ороод үзэн ядаад яваа хүн яаж эрүүл байхав. Тийм кино шүлэнгэтэн үзэж байгаа хүний харц өөрчлөгдсөн байдаг юм билээ.
СЭМҮТ-д тун удахгүй тэдэнд зориулсан тасаг нээх байлгүй. Сүүлийн үед залуус, тэр дундаа кино урлагийнхан солонгос сериалыг эсэргүүцсэн жагсаал хүртэл хийх сураг гарах болжээ. Тэр харин зөв байх. Ядаж солонгос кино, бусад киноны гаралтын харьцааг 70:30 болгохсон. Бүрэн хорь гэсэн юм биш л дээ. Болгоомжтой гарга хэмээв. Сайтар ажиглавал манай түүхийг мушгин доромжилсон агуулгатай кино ч явж байхаас сийхгүй юм байна лээ шүү. Мэдээж солонгос кино гаргана. Гэхдээ цөөн гарах ёстой. Амьдралтай, үгүй юм гэхэд, ядаж бага болов ч урлагтай, үзүүштэй кино үздэг болмоор байна. Тэгэх ч эрхтэй шүү, бид.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ