Филиппинчүүдийн гар, манайхны ам нь хөдөлдөг

Өрсөлдөөнтэй бизнесийн талбар, нийгмийн хурдтай өөрчлөлт зэргээс үүдэн гэр бүлийн үүрэг хуваарилалтын хувьд нилээдгүй өөрчлөлт гарч байна. Чадварлаг, ухаалаг эмэгтэйчүүд бүтээмж өндөртэй ажил хөдөлмөр эрхлэж, зав чөлөө ч багатай болж байна. Үнэлэмж өндөртэй ажил эрхэлж байгаа нь улс орны хувьд ч хэрэгтэй юм. Тиймээс эмэгтэй хүн бүрийг гэртээ хүүхдээ харах ёстой гэдэг ойлголт нь өрөөсгөл. Ихэнхи орнуудад *хүүхэд асрагч-гэрийн үйлчлэгч*-ийг мэргэжлийн тоонд оруулж, тодорхой шалгуураар шалгаж, курс хөтөлбөрөөр бэлтгэж ажил эрхлүүлдэг туршлага бий. Европын орнуудад бол энэ нь олон зуун жил хөгжсөн ажил эрхлэлт гэж хэлж болно. Европт бол ээжээсээ илүү асрагч эхээ хайрлаж хүндэтгэх явдал байдаг юм билээ. Бидний хувьд бол энэ шинэ зүйл. Бид байшинд амьдраад 70 гаруй жил л болж байна. Дэлхий нийтийн мэдээлэл, бизнестэй алхаа нийлүүлээд 19 жил л болж байна.
Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч ажилд авна гэсэн зар телевизийн чаат, сонины хуудсаар тун элбэг болсон. Монголчуудын бэл бэнчин өссөн гэхээсээ өнөө цагийн завгүй хүмүүст үр хүүхдийг нь хараад, ар гэрийнх нь ажлыг амжуулчих найдвартай хүн зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Ялангуяа орчин цагийн залуу эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуудал толгойн өвчин болсон. Цэцэрлэгт өгөх гэхээр нас нь болоогүй гээд авахгүй, ах дүү хамаатан садан нь ажил төрөлтэй гээд завгүй. Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ бас ямар билээ дээ. Хаа хамаагүй хүн гэртээ авчраад суулгахаар бас нэг тиймэрхүү. Зарим нэг нь хүүхдүүдээ өтөл буурал аав, ээждээ даатгаж үлдээнэ. Энэ бол хаа сайгүй байдаг л дүр зураг. Авах цалин хөлсөө бодсон ч тэр, ар тийшээ санаа зовох зүйлгүй ажлаа тайван хийх л хамгийн чухал шүү дээ. Ялангуяа зах зээлийн, өрсөлдөөний энэ нийгэмд хэн түрүүлж олж харж, сэтгэж хөдөлмөрлөж чадсан нь бусдаас илүү алхах болсон цаг. Ажилдаа арай илүү анхаармаар, өөртөө, найз нөхөддөө, боловсролдоо ч жаахан цаг зориулмаар. Энэ бүхнийг тэгээд хэрхэн зохицуулах вэ.
Манай улсын гэрийн үйлчлэгчдийнцалин 120 000 төгрөгөөс эхэлдэг гэх. За бүр гайгүй чинээлэг айлын гэрт ажилладаг бол 300-400 мянган төгрөгийн хөлс авдаг бол хилийн чанадаас ирсэн гадаад эмэгтэйчүүдийн цалин 700 мянгаас буудаггүй гэсэн. Энэ юуг харуулаад байна вэ.
Дөнгөж саяхан л их сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид суралцдаг гэх охин айлын хүүхдийг загнаж, зодож, янз бүрээр дарамталдаг байсан нь камерийн бичлэгээр илэрч бөөн юм болов. Бас хүүхэд асрагч нь ой гарантай нялх амьтанд нойрсуулах эм их тунгаар өгч унтуулж орхиод өдөржин зугаалж наргиж явсаар баригдсан түүхийг бид мэднэ. Хэнэггүй асрагч хүний бяцхан үрд шагай асгаж өгчихөөд хаалгыг нь хаагаад алга болчихсон хойгуур нялх хүүхэд амандаа хийж хахаад тусламж авч чадалгүй бурхны орон руу буцсан жишээ бий. Саймширч итгэлийг нь олж авчихаад нэг л өдөр хамаг эд хогшлыг нь ачаад явчихсан тухай ч сонсож л байсан. Гэр орныг нь нүдний цөцгий мэт хайрладаг үр хүүхдээ, хамаг нарийн нандинаа даатгах хүнээрээ ийм хариуцлагагүй, сэтгэл зүрхгүй хүмүүсийг сонгох хүн байхгүй л болов уу.
Харин тэр Филиппинчүүд нь монгол хэл мэдэхгүй тэдний дэргэд гэр бүлийнхэн юугаа ч нуулгүй чөлөөтэй ярьж болдог. Тэр ч үүднээсээ гэрт болдог бүх процессыг гадагш мэдээлэх боломжгүй. Мөн гадуур гарах шаардлага ховор учраас барагтай бол чөлөө гуйхгүй, үргэлж л гэрт нь байж байдаг. Гэрт нь хамт амьдарч байгаа учраас эд зүйлийг нь зөөчихнө гэхгүй, хулгай хийхгүй, хэл мэдэхгүй учир худлаа ярихгүй. Ярихгүй гэдгээс улбаалаад ажлаа л хийхээс чалчиж суухгүй. Түүнээс гадна англи хэлийг сайн эзэмшсэн байдаг учраас харилцахад хялбар, англи хэл анхлан сурч байгаа гэр бүлд ч тустай. Тэгээд ч хамгийн гол нь үнэнч ажилладаг гэх юм билээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр сөрөг ч тал бас бий. Өөр зан заншил, өөр хэв маяг, ямар нэгэн шашны урсгал, тэр бүхнийг хүүхэд нь сурчихдаг. Хэл сурах нь сайхан л даа. Гэхдээ хамгийн гол нь амьдралыг үзэх үзэл баримтлал нь монгол хүнээс өөр болж өсдөг. Аандаа цаг хугацааны явцад гарч ирдэг. Англиар хүүхэд нь яриад л хөөрхөн юм шиг ч цаагуураа филиппин өвөг дээдсийн уламжлалыг тэр айл үргэлжлүүлж байна гэсэн үг.
Өнөөдөр манайд 10 мянган айл гэрийн үйлчлэгчтэй байна. 4000 филиппин үйлчлэгч орж ирж, энэ зах зээлийг эзэлчихээд байна л гэх юм. Тэр хүмүүс бол уучлалт гуйхын гайхамшгийг л хийдэг хүмүүс. Үг дуугардаггүй. Гар нь л хөдөлдөг. Харин манайхны ам нь дуугардаг. Тийм учраас монголчуудыг ажилд авах дургүй байдаг. Хүмүүс гэрийн үйлчлэгч гэхээр л яадгаа алдсан хүмүүсийн хийдэг хар ажил, бараг л гэрийн үйлчлэгч гэж хэлэхээсээ ичдэг гэх. Үгүй шүү дээ. Энэ чинь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжил болчихсон зүйл. Энэ бол муухай ажил биш, зарцын ажил биш. Энэ бол эхнэрийн ажил. Тэр айлын эзэгтэй өөрөө хийж байсан ажил. Ер нь бол гэрийн үйлчлэгч авч байгаа айлууд ч гэсэн бодох хэрэгтэй. Энэ бол мэргэжил мөн юм байна аа гэж.
Та өөрийнхөө нандин үр хүүхдийг хайрлуулах гэж байгаа хүнтэй яаж харилцаа үүсгэнэ, тэр хүн тэгж харилцана. Та хүүхдээ хайрлуулъя гэж бодвол гэрийн үйлчлэгчээ хайрла, хүн ёсоор ханд. Гэрийн үйлчлэгч бэлтгэдэг компанийн захирлын хэлж байгаагаар манайхны айлууд гэрийн үйлчлэгч сонгохдоо зөв сэтгэлтэй, цагаан цайлган зантай байх шалгуурыг чухалчилдаг. Хөдөөний эвдрээгүй хүүхэд захиалдаг. Юу ч хийж чадахгүй байх нь хамаагүй гэдэг. Амьдралдаа анх удаа тоос сорогч үзэж байгаа, гар нь сайртай ч хүн чанартай, чин сэтгэлээсээ ханддаг, хүний хэлснийг ойлгоод ажиллачих хүн ховор болсон. Хөдөөний охид гуравхан сарын дотор л хотын ганган охидоос илүү цэвэр цэмцгэр, үзэсгэлэн төгөлдөр болчих нь бий. Энэ бол буяны ажил. Ийм ажлыг сайн хийж сурвал ирээдүйд нөхөртөө гологдохгүй, сайн ээж, эзэгтэй болно. Эзэгтэйн их сургууль гэж би үүнийг нэрлэдэг.” гэж байсан шүү.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ