ИНЕГ-ын экс дарга нар тэрбум гаруй төгрөг завшжээ

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, тэрбээр ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагын хөрөнгөөс их хэмжээний буюу тэрбум гаруй төгрөгийг Хонконгийн нэгэн банкны дансанд шилжүүлж, эргүүлэн өөр хүний дансаар Монгол Улс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Энэхүү тэрбум гаруй төгрөг нь ИНЕГ-т тендерийн шугамаар орж ирсэн мөнгө аж. Уг хэрэгт одоогоор 6-7 хүнийгшалгаж байгаа бөгөөд тэдний дотор “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал, МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Б.Батзаяа байгаа юм байна. Түүнчлэн С.Батмөнхөд холбогдох төсвийн хөрөнгий хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн гэх үндэслэлээр буруутгажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ