Прокурорын мэргэжлийн түвшинг тогтоох шалгалт эхэллээ

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2- т“Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг Улсын Ерөнхий Прокуророор толгойлуулсан мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэх шалгалт эхлэж байна.

Шалгалтыг эрхлэн явуулах ажлын хэсэг прокурор бүрийн сүүлийн гурван жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай сонжуураар шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийх, монгол бичиг эзэмшсэн ур чадварыг шалгахын зэрэгцээ прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж чадаж байгааг мөн шалгах юм.

Шалгалтын ажлын хэсэг прокурор бүрийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд тухайн прокурорын цаашид эрхлэн хариуцах ажил болон боловсон хүчний нөөцөд бүртгэх авах зэрэг ажлыг гүйцэтгэх улмаар боловсон хүчний талаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлох зэрэг ажлыг хийх ажээ.

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр шалгалтын ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзаж, прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох ажлыг нэн хариуцлагатай хийж, нийт прокуроруудын ажилд бодитойүнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөх талаар үүрэг даалгавар өглөө.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ