Дөрвөн хүн нас барж, таван хүн гэмтлээ

Налайх дүүргийн тавдугаар хороо, Гордокын баруун талд /автозамын босоо тэнхлэгийн 39 дүгээр багана/ автозам дээр зам тээврийн осол болж хүн автомашин дотроо хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр 13:12 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад “Соната-3” загварын суудлын автомашин, “Ланд крузер-100” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Соната-3” автомашины дотор зорчиж явсан иргэн 60 гаруй настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн түргэн тусламжийн эмчид шилжүүлсэн байна. Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 56 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Ослын газраас дүүргийн эмнэлэг рүү тээвэрлэгдэн явах үед 49 настай эмэгтэй, 60 гаруй настай эмэгтэй, нэг настай эрэгтэй хүүхэд нас барсан байна.

Мөн 44 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 12 настай эмэгтэй, найман настай эмэгтэй, овог нэр, хаяг нь тодорхойгүй нэг хүүхдийг ГССҮТ-т хүргэсэн байна. Ийнхүү дээрх ослын улмаас дөрвөн хүн нас барж, таван хүн гэмтсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ