Дайчид “дайтаж”, дарга нар нь шагнуулав
Хүний олон хэлээр ярьдаг амьтан үзсэн мэт сонин юм үе үе үзэгдэж, сонсогддог болжээ. Монголын 130 дайчин Афганистанд энхийг сахиулаад ирэв. Ирэгсдийг Ерөнхийлөгч хүлээн авч шагналаа. Энэ ч зүйн хэрэг. Харин хамгийн хачирхалтай юм нь ганц ч дайчин шагнуулсангүй. Төрийн болон цэргийн одон, медальтнуудын албан тушаалыг сонсоход бүгд ямар нэгэн албаны дарга ажээ. Тэр дарга, энэ дарга гээд л... Цэргүүд огт гавьяагүй явсан бол юуг нь шагнахав. Цэрэг гавьяа байгуулаагүй байхад дарга нар нь яахаараа гавьяатан болчихдог билээ. Энхийг сахиулна гэдэг нь энхийн төлөө “дайтсан” хэрэг шүү дээ. Учрыг ухахад үнэхээр бэрх ажээ. Жанчхүүгийн тулаанд Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг гуравт Улсын баатар цолыг газар дээр нь олгосон билээ. Харин салааны дарга Д.Дүүдэйд нь бүр хожим буюу наяад оны эхээр нэхэн олгосон байдаг. Гавьяа тооцоход хүрвэл дайчид эхлэн хүртэх нь зүйн хэрэг баймаар. Тэд цусан гавьяа байгуулдаг. Дарга нар нь дараа нь шагнуулдаг. Тэд “залсан” гавьяа байгуулдаг. Цаг өөр болохоо гэж. Одоо ч үнэхээр өөр болжээ. Дайчид “дайтаж”, дарга нар нь шагнуулаад л...
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ