Нэхэл дагуулын хариуд тахианы мах, 200 мянган төгрөг өгчээ

Эмч, эмнэлгийн ажилчдын тухай муу муухай явган яриа ч энэ тэрүүгээр хэсүүчлэх юм, зарим нь ч үнэн, зарим нь ч худлаа л байдаг биз.
Нөгөө “Сэрэлт” кинон дээр гардаг даа. Өөдөөс нь хутга бариад дайраад байхад л хэд хоног нойргүй хонон байж айлын охиныг аюулт өвчнөөс аварч сестрагаа болгодог орос эмч гардаг даа. Дээхэн үед эмч нар элдэв эд мөнгөний шунал ч үгүй байж, үүнийхээ хэрээр тэдэн шиг нэр хүндтэй хүмүүс ч ховор байж. Харин одоо бол захын бацааны амны бай, зугаа болсон, хатуугаар хэлбэл “алуурчид”, “авилгалчид” болж хувирчээ. Эргээд лам хуврагууд моодонд орж ч байх шиг. Арай хэтрүүлчихэв үү яав.
Эмч нар хэтэрхий гар хардаг, мөнгө төгрөг өгч, бэлэг сэлт нааш цааш нь болгохгүй л бол үйлчилгээ үзүүлнэ гэж үнэхээр “алаад хаядаг” гээд л хүмүүс ярихыг хар мянган удаа сонсож байлаа. Харин яг өөрөө тэгж эмчид ая тал засч, эмнэлэг эргүүлж явж үзээгүй байна л даа одоохондоо.(Тэгж хэл болдоггүй юм гэнэ билээ цаашаа цаашаа. Бас лам шүтэх хандлагатай)
Харин хоёр сарын өмнө манай эгч төрөх болоод хоёрдугаар эмнэлэгт хүргэгдлээ. Энэ тухай ааваасаа сонссон би эгчийгээ төрөхөд нь хажууд нь байя гэж бодоод ажлаасаа чөлөө аван байж хоёрдугаар эмнэлгийг зорив. Тэнд чинь хичнээн олон эх өвдөж зовж байдаг юм бэ дээ. Эмэгтэй хүний зовлоон гэж. Эргэлтийн цонх гэсэн жижиг цонхоор эгчийнхээ барааг харлаа. Ямар ч байсан тэрүүгээр дүүрэн эхчүүд, мөлхөх нэг нь мөлхөж, өнхрөх нэг нь өнхөрч байгаа сурагтай. Манай эгчийг “Чи болоогүй байна, наанаа сууж бай” гэсэн гэнэ.
Эмнэлгийн гадна дөрвөн цаг суулаа. Сүүлдээ залхаж эхэлдэг юм билээ. Гадаа суугаад хүлээж байгаа хүмүүст нь ядаж суух сандал нь хүрэлцээ алга, байгаа хэд нь яажийгаад унах шахаж.
Гэтэл ашгүй ээжтэй минь Анагаахын дунд сургуулийг хамт төгссөн сувилагч тэр эмнэлэгт ажилладаг болж таарч, бөөн аз завшаан болов. Ээжийгээ сувилагч гэдгийг бичихээ мартаж. Тэр эгч ч ээжтэй хэдэн үг сольсноо танай охиныг хэн гэдэг вэ гээд нэрийг нь асууж аваад орчихов. Төд удалгүй л эгчтэйгээ утсаар яривал “Төрөх гээд орон дээрээ гарчихсан, хурдан төрүүлдэг тариа гэгч хийлгээд байна. Удахгүй төрөх юм шиг байна” гэлээ. Үнэхээр л удалгүй төрчихсөн юм даа. Таньдаг эгч таарсны ачаар. Гурван кг зээ хүүтэй болсон ээж маань баярласандаа найздаа 50 мянган төгрөг атгуулчихсан.
Харин би дургүйцсэн. “Та яах гэж мөнгө өгч байгаа юм” гэхэд “Баярласан чин сэтгэлийн бэлэг байгаа юм, чи дуугүй бай” гэж загнуулдаг юм байна. Ингээд ээж маань миний нүдэн дээр хахууль өгчихлөө дөө гэсэн юм тэрүүхэн үедээ бодсон ч, эгчийг минь хурдхан амаржуулаад өгсөнд нь баярлаад барахгүй байлаа. Тэр эмч мөнгө өг гэж хэлээгүй, оюутан насны найзаа хараад сэтгэл нь догдолсондоо охиныг нь хурдан төрүүлээд өгчихье гэж бодсон л байх.
Хүний сайхан сэтгэл шүү дээ гэж ээжийгээ өмөөрөх гэхээр бас л болдоггүй. Амаржих газрын үүдэнд зон олон холхисон газарт нилээд хугацаанд хүлээх үед нүдээр үзэж, чихээр сонссоноо бас хэлэх хэрэгтэй. Байсхийгээд аль нэг эмч хэн нэгний ар гэрийг сураглан долоовор хуруугаараа занган ирүүлж хаалтны цаагуур ороод хэсэг болмогц мөнөөх ар гэрийн хүн эргэн буцаж, хамаатнууд тэр дороо бужигналдан “Өөрийнхөө ээлжин дээр төрүүлж өгье. Өвтгөхгүй төрүүлнэ гэж байна” гэх нь чих дэлсэж, юу юугүй л халаасаа тэмтрэн мөнгө цуглуулж байхыг харлаа. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Энэ чинь ёс суртахууны үжирсэн доройтол биш гэж үү? Үнэхээр өрөвдөлтэй болоод харамсалтай. Үл зохилдох ёсыг та бид өөгшүүлэн хаацайлж, өөрсдийгөө болоод эмч нараа хөөрхийлөлтэй байдалд оруулахаа больё. Бас нэгэн зүйл гэвээс алив хэргийг журам ёсны дагуу бус аргаар гүйцэлдүүлэхийн тулд урьдчилан мөнгө төгрөг, эд зүйлс өгч, авалцахыг хахууль цутгав гэж үзэх учир бий. Харин хожим нь баярласан сэтгэлээ илэрхийлэн талархлын инээмсэглэл цэцгэн баглаа барих хоёрыг нилээд хүмүүс хутган ойлгосон мэт.
Гэтэл саяхан нэг найзаасаа бас нэг зүйл сонсов. Тэр найз маань төрөх эмнэлэгт сувилагч хийдэг нэгэн. Гэтэл таньдаг хүн нь төрөх гэж очиж. Бас л танилын нүүр халуун гэгчээр эмч нараасаа найзыг маань сайн асарч, хурдан төрүүлээд өгчих гэж гуйж. Гуйсан ёсоор нь ч аятайхан төрүүлээд өгч. Гэтэл эмч нар нь сувилагч найзыг маань хэд хоног шаналгасан гэнэ. “Нөгөө төрсөн хүн чинь яав аа.” гээд. Энэ чинь одоо юу гэсэн хэл вэ. Улайм цайм хахууль нэхэж байгаа хэрэг бус уу. Аль хэдийн төрөөд эмнэлгээс гараад явчихсан хүнийг эргэж ирж хахууль өгөхгүй юм байх даа гэж ярьж байдаг. Манай найз ч эмч нараасаа санаа зовсондоо өнөө төрсөн найздаа хэлж байж тахиан шарсан мах, пицца энэ тэр, дээрээс нь 200 мянган төгрөг өгүүлж байж санааг нь амраасан гэсэн. Энэ үнэхээр яг миний найзад тохиолдсон бодит үнэн.
Аливаа зүйл хоёр талтай байдгийг эндээс л харж болох байна. Манайд чадварлаг мундаг эмч нар ч зөндөө, гар хардаг хүнд сурталтай эмч нар ч зөндөө байна. Чадварлаг эмч нарт сэтгэлийн бэлэг өгч, хүнд сурталтайд нь мөнгө атгуулж л явахаас өөр аргагүй болсныг энэ болсон явдлууд гэрчилж байна.
Үнэхээр яг мөнгөний төлөө ажилладаг эмч нар байна. Харваас ярвайгаад л, хөлнөөс толгой хүртэл өмссөн зүүснийг нь шинжиж байснаа, хэдэн цаас кармаанд нь хийнгүүт туялзуур жад шиг болоод л, долоочих шахаад байдаг. Ийм эмч нэртэй хэдэн авилгачдаас болж ард түмэн эмч бүрийг ийм гэж бодож байна, эмч бүрийг авилгач, эмч бүрийг хүний гар хардаг гэж бодож, айж байна.
Яагаад айж байна вэ гэхээр өгсөн мөнгөнд нь тааруулж эмчилдэг болохоор тэр. Өгөхгүй бол үхэж ч мэднэ. Хатуугаар хэлж байгаа юм шүү. Мөнгөний бараа харуулахгүй л бол сэтгэл харагддаггүй юм билээ. Сэтгэл гаргаж байгаа хүн цаанаа нэг өөр харагддаг даа. Юм хоёр талтай байдаг гэж дээр бичсэн. Монголчууд өөрсдөө мөнгө төгрөг өгч, өгөхгүй бол болохгүй гэж урд хойно нь орж өөгшүүлснээс хамаг юм болж байна гэх хүн бас олон бий. Үнэхээр үнэн. Эмч нарыг өөгшүүлчихэж. Эмгэнэлтэй нь хариуцлагаүй эмч нарт хэдэн төгрөг атгуулбал жоохон ч гэсэн сэтгэлээсээ хандах болов уу гэж горьдсондоо тэр. Гарыг нь хүндрүүлэхгүй бол чихээ хөвөнгөөр бөглөсөн мэт нөхдүүд мэр сэр байдаг болохоор тэр.
Тэгэхээр үнэхээр хүний сэтгэлээрээ өгсөн юмыг авахгүй гэж хэлж чадахгүйдээ авчихаад авилгачаараа дуудуулж байгаа эмч нар бий. Хүний амьдралд байдаг л зүйл. Харин авъя даа, өгөөдөх дөө гэж улайм цайм уурлаж, түнтэгнэж байгаад аваад хармаалчихдаг нөхдүүдийг ялгаж, салгаж, заагтай ярих хэрэгтэй байгаа юм.
Л.Гүндалай эрхэм эрүүл мэндийн сайд байхдаа баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гээч сүржин нэртэй даржин тушаалд эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчээс албан бус төлбөр, шан харамж авч болохгүй, ёс зүйг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн цагаан дээр хараар дурайлгасан нь буй. Үнэн хэрэгтээ энэ хуулийн хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавьдаг нь тодорхойгүй. Энэ мэтээр үргэлжлүүлбэл энэ сэдэв хэлбэр агуулга болон жишээ баримтаар нэн баяжих нь гарцаагүй.
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг. Хүн ардынхаа төлөө ариун тангараг өргөсөн аврагч эмч хүний дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээний талаар байнга сануулж байвал иймэрхүү замбараагүй явдлыг хэт даамжруулахгүй байж болох мэт. Үгүйдээ л эмч хүний баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар сануулсан самбар эмнэлэг болгонд байрлуулж, хэвлэл мэдээлийн хэрэгслээр ард олонд сурталчилж байваас хүмүүс өөрсдөө бэлэг сэлт, мөнгөн дэвсгэрт барьж гүйлдэх нь хумигдах талтай. Эмнэлгийн ажилтнууд ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, илүү дутуу харж эрхэм нэрээ гутаахгүй байх талаар бодолхийлэх буйз. Хэдийгээр дээрх гашуун үг эмч болгонд хамаарахгүй ч ерөнхийдөө энэ гутамшигт үзэгдэл бугшин, хавтгайрсан нь бодит үнэн.
Ер нь бол эмч мэргэжил өөрөө их онцлогтой, маш өндөр хариуцлага шаарддаг учраас тэд алдаа гаргах эрхгүй шүү дээ. Юуны төлөө бусад мэргэжлээс илүү олон жил сураад байдаг билээ. Үүнийгээ ухамсарладаг эмч нар нь цөөхөн болчихоод байна. Түүнийг л ард иргэд засаачээ, залруулаачээ гээд байгаа юм шүү дээ. Эмч нарт гарыг нь цайлгах юм өгч чадахгүй амьжиргааны доод түвшинд байдаг иргэд маш олон байдаг /ихэнх нь/ яаж ийж байгаад гар цайлгахын тулд дараагийнхаа хоногийн хоолноос хасч байж өгдөг гэдгийг ойлгож ухамсарлаасай гэсэндээ бичээд байна. Ийм байдлыг болъёо гэх гээд л байна шүү дээ. Тэртээ тэргүй татвар төлөгчдын мөнгөөр цалинжиж байж илүү дутуу хараад баймааргүй л байгаа юм. Цэвэр ёс зүй, хүн чанарын асуудал. Ер нь хийвэл хийсэн шиг хийгээд хийж чадахгүй бол болих хэрэгтэй.
Эмч нарын цалинг хангалттай нэмбэл энэ байдал арилна шүү дээ гэж ярих хүн их таарах юм билээ. Санхүүгийн байдлыг дээшлүүлснээр тэгээд энэ байдал нь арилах юм уу? Амташсан хэрээ 13 дахина гэгчээр алга нь загатнаад сурсан зангаа тавьж чадахгүй бол яах вэ? Эсвэл хөндлөнгийн хяналтын байгууллагыг эмнэлэг болгон дээр байгуулбал таарна. Тэгээд камержуулаад хянаад сууж байдаг. Яг л шорон шиг...
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ