Хотын хүн ам ирэх 10 жилд 400 мянгаар өснө


Өнгөрсөн жил 1,3 саяд хүрсэн нийслэлийн хүн ам ирэх 10 жилд 400 мянгаар өсөх хандлагатай байна. Их хотын гэр хороололд 800 мянган хүн амьдарч байгаа нь Улаанбаатарын иргэдийн 60, улсын хүн амын 30 гаруй хувийг эзэлжээ. 2003 оноос хотын иргэдэд 0,07 га газар өмчлүүлж эхэлснээр угаасаа түр суурьшлын бүс нэртэй олигтой төлөвлөлтгүй явж ирсэн гэр хорооллын бүс хаяагаа тэлж, дэд бүтцийн асуудал улам бүр шүдний өвчин болов. Сая л нэг сэхээ авсан хотын удирдлага 2013 оноос гэр хорооллыг хөгжүүлэх бодлогыг хотын ерөнхий төлөвлөгөөнд албан ёсоор тусгаж эхэлсэн байна. Үүнийгээ гэр хорооллын дахин төлөвлөлт гэж нэрлэв.
Гэр хороололд хотын бага, дунд орлоготой иргэд ихэвчлэн амьдардгаас гадна хөдөө орон нутгаас хотод шилжин ирэгсэд эмх замбараагүй суурьшиж, айлууд хашаандаа нүхэн жорлон хэрэглэж, хог хаягдлыг зайлуулах нэгдсэн цэг байхгүйгээс өвлийн улиралд үнс нурмаа ил задгай хаях, бохир усаа гудамжинд асгах зэргээр орчин тойрноо ихээхэн бохирдуулж байна. Зөвхөн 2011 онд гэхэд хөдөөнөөс 40 мянга гаруй хүн шилжин иржээ. тэд хотод хөдөөх маягаар амьдардаг нь нууц биш. Өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрдэг нийслэлд гэр хороолын айлуудын олон зуун мянган яндангаар нүүрсний утаа олгойдож, дээр нь замдаа багтахгүй болтол чихцэлдсэн хуучин автомашинуудын угаар заримдаа Буянт-Ухаад онгоц бууж чадахаа байтал харанхуйлдаг.
Барилга угсралтын өртөг өндөр, хот төлөвлөлтийн зохистой бодлого байхгүй, дэд бүтцийн хангамжийн хүрэлцээ муу зэрэг нь гэр хорооллыг хөгжүүлэхэд гол саад болсоор иржээ. Энд хорооны даргаар удирдуулсан засаг захиргааны жижигхэн төвөөс гадна сургууль, цэцэрлэг, мухлаг, цайны газруудаас өөр олигтой худалдаа, ахуйн үйлчилгээний цогцолбор огт байдаггүй. Иймэрхүү даржин төвүүдийн үйлчлэх хүрээ ойролцоогоор 30-100 мянган хүнийг л хамардаг боловч суурь дэд бүтцийн хангамж тун хязгаарлагдмал учраас эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Иймээс Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтарч, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая, манай Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ. Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхжуулах зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулахаар төлөвлөж байна.
Хэрвээ УИХ-ын эрхэм гишүүд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг дэмжвэл нэгдүгээр үе шат буюу 2014-2016 онд 104.52 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбийн дэд төв, дараагийн шатанд 2016-2020 онд Хайлааст, Чингэлтэй, 2018-2024 онд Амгалан, Улиастайн дэд төвийг байгуулах юм байна. Хөтөлбөрийн хоёр, гуравдугаар шатны нийт өртөг 215,4 сая ам.доллар аж.
Энэ хөтөлбөрийн мөрөөдөл биелбэл хотын төвийн элдэв бөөгнөрөл,түгжрэл багасч, иргэдийн дундах үйлчилгээний хэт их ялгаа арилж, эдийн засгийн харилцаанд оролцох ижил тэгш боломж олдоно гэж найдаж байна. Мөн оршин суугчдыг хотын дэд бүтцийн суурь үйлчилгээ болон нийгэм, эдийн засгийн байгууламжаар хангаж, хүн амын бүрэлдэхүүнийг олшруулах, орон сууцны нөхцөлийг дээшлүүлэх, нийтийн эдэлбэр газар, шинэлэг орчин, хөгжил хөдөлгөөнтэй эдийн засгийн харилцаанд хүрэх боломжийг нээх ач холбогдолтой гэжээ. Мөн газар ашиглалтад нааштай өөрчлөлт гарч, нягтрал нэмэгдсэнээр суурьшлын бүсэд ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн үйлчилгээ сайжирна гэдэг бол жил бүр зургаан хувиар өсч байгаа их хотын хүн амд томоохон боломж билээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ