АОХН-ийн чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайдын хэлсэн үг

Хурлын дарга аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Иргэний нийгэм, Залуучууд, Эмэгтэйчүүд, Парламент, Бизнесийн чуулга уулзалтуудадоролцож байгаа хүндэт төлөөлөгч, зочид Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, Монголын ард түмэн, Шинэчлэлийн Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн өнцөг булан бүрээс цаг зав гарган нарлаг сайхан эх оронд минь хүрэлцэн ирж, Ардчиллын гол тулгуур болох иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг хэрхэн оновчтой хөгжүүлэн дэмжих талаар хуран чуулах гэж буйд гүн талархлаа илэрхийлж байна.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг хичээж ирсэн. Энэ бодлогын хүрээнд эгнээндээ 150 орчим орныг нэгтгэсэн АОХН-ийг тэргүүлэх эрхэм үүргийг 2011 оны 7 дугаар сард Литва улсаас хүлээн авсан. Энэхүү нэр хүндтэй хөдөлгөөнийг тэргүүлж, улмаар ардчиллын замаар замнасан туршлага, сургамжаасаа бусад улс оронтой хуваалцах хэмжээнд хүрч чадсан нь Монгол түмний маань чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл төдийгүй Та бүхний тусламж дэмжлэгийн үр дүн болохыг энд онцлон тэмдэглэе.
АОХН-ийг даргалах хэмжээнд хүрэх зам дардан байгаагүй. Эдүгээгээс 23 жилийн өмнө буюу 4 дүгээр сарын 27-нд ид өрнөж байсан Ардчилсан хувьсгалын дүнд Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин бүтцээ үндсээр нь өөрчилсөн юм. Өдгөө манай улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болсон.
Төр барих эрх сонгуулиар дамжин хэрэгжиж байдаг бөгөөд ард түмний гарт төр засгийн бүхий л эрх мэдэл оршиж байдаг энэ үнэтэй зарчмыг бид чандлан сахидаг юм.
Шударга сонгууль ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь билээ. Монгол Улс 1992 онд анхны Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш УИХ-ын 6 удаагийн сонгууль болж нэг нам дангаар эсвэл хоёр намын хамтарсан, олон нам эвслийн эвссэн зэрэг олон хэлбэрээр Засгийн газар байгуулагдаж ирлээ. Энэ удаа Монгол оронд тэртээ 23 жилийн өмнө Ардчиллыг авчрахад оройлон оролцсон Ардчилсан нам бусад намтай эвсэж Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулаад байна.
1. Иргэдийн оролцоо
Ардчиллыг бэхжүүлнэ, түүнийг хамгаална гэдэг бол ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулна гэсэн үг. Ямарч улсад өөрийн гэсэн бэрхшээл байдаг. Бид бэрхшээлийг хайгаад байвал өдөр бүр л түүнтэй нүүр тулах болно. Харин тухайн бэрхшээлийг даван гарах, төр засаг нь асуудлаа шийдэх хамгийн чухал арга зам бол Засаг төр нь иргэдтэйгээ хамтран ажиллах явдал юм. Тэр тусмаа юун түрүүнд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх шаарлагатай. Ингэж гэмээнэ саяхан хөрсөнд буугаад буй Ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, цаашид улам хөгжүүлэх болно.
Аливаа улс орон цаг ямагт иргэддээ нээлттэй байх тэр боломжийг нэвтрүүлэхгүй бол ямарч сайн засаглалтай, ямарч сайн хүн эрх барьлаа гээд цагийн аясаар дарангуйлагч болон хувирдаг гэсэн Томс Жеферсоны үгийг санаж явах учиртай юм.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг өөрөө маш энгийн зүйлээс эхэлдэг. Өнөөдөр Монголын Засгийн газар иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Бид ард түмнээ сонсож тэднийхээ санаа бодлыг төрийн үйл хэрэгт тусгах зорилготойгоор өдөр, цаг, минут тутам иргэдийг сонсох 11-11 төвийг байгуулсан юм. Утас, вэб хаяг, захидал харилцаагаар иргэдийн саналыг шууд хүлээн авснаар засгийн газар иргэд хооронд амьд холбоог бий болголоо.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд сар бүр яам, агентлагууд иргэдээ оролцуулан нийгэмд тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзаж ярилцдаг “Шинэчилж Шийдье 222” арга хэмжээ зохион байгуулж байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 8 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд өглөө бүхэн Ерөнхий сайд миний өрөөнд олон олон судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн бодит ажил хэрэг, шинэ санаа дэвшүүлсэн 400 гаруй presentation-тай танилцсан байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа иргэн бүртээ нээлттэй байж, хамтарч ажиллаж байгаагын тод жишээ юм.
2. Засаглал ил тод, тунгалаг байх
Иргэдийн оролцоог дэмжихийн нөгөө талд байх мартаж болшгүй чухал зүйл бол Засгийн газрын үйл ажиллагаа ил тод тунгалаг байх явдал юм. Иргэд Засгийн газрын үйл ажиллагааны юу нь тунгалаг байхыг хамгийн ихээр хүсдэг вэ гэвэл төсөв, санхүү юм. Тиймээс өнгөрсөн жил Монголын Засгийн газар хэвлэл мэдээлийн байгуулагуудтай хамтран анх удаа иргэдээ оролцуулан улсын төсвөө хэрхэн, юунд үр ашигтай зарцуулах вэ? гэж хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Ийнхүү олон иргэдийн санаа бодлыг тусгасан төсөв гэдэг өөрөө иргэн төр хоёрын хооронд харилцан итгэлцлийг авчирдаг давуу талтай юм.
Шинэчлэлийн Засгийн газар тунгалаг, ил тод үйл ажиллагаа явуулна гэдэг Засгийн газрын гишүүн, сайд нарын үйл ажиллагаа ил тод, тунгалаг байхаас эхэлнэ. Тиймээс 7 хоног бүр Засгийн газрын нэг сайд иргэдтэйгээ онлайн уулзалт хийдэг “Өглөөний шинэ санаа” хэмээх арга хэмжээг зохион байгуулаад байна. Мөн долоо хоног бүр Засгын газрын нэг гишүүн олон нийтэд хийж буй ажлаа тайлагнаж байна. Ингэснээр нэг талаас тухайн сайд өөрийнхөө салбарт хийж буй ажлаа нийгмийн бүхий л хэсэгт танилцуулах, нөгөө талаас иргэдээсээ олон арван шинэ санаа авдаг давуу талтай.
Засгийн газрын ил тод, тунгалаг үйл ажиллагааг бид уулзалт, цуглаанаас гадна цахим ертөнцийн техник, технологийн дэвшилтэй салгаж ойлгож болохгүй юм. Засгийн газрууд иргэдтэйгээ цахим технологийн дэвшлийг хэдий чинээ сайн ашиглана төдий чинээ авилгал хээл хахууль, хүнд суртал арилж төсөв мөнгө, цаг хугацааг хэмнэх давуу талтай. Тиймээс бид орон нутаг, аймгууд, яам агентлагийн удирдлагуудтай сар бүр видео хурал хийж байна.
3. Шударга шүүх, хээл хахууль
Одоо бид бүтээн байгуулсан Ардчилсан нийгмээ улам бэхжүүлэх учиртай. Ийнхүү бэхжүүлэхэд эн тэргүүнд шүүх, эрх зүйн салбарыг шинэчлэх, төрийн албанд шургалсан авлига, хүнд суртлыг арилгах шаардлагатай билээ.
Шүүхийн салбарт Монгол Улсын Ерөнхийлөгч олон шинэчлэлийг хийж чадсан. Бид энэ шинэчлэлийг нийт эрх зүйн салбарт үргэлжлүүлэн хийж байна.
Ардчилалд халгаатай хамгийн том саад тотгор болсон авлига хээл хахуульд жилд дэлхийн хэмжээнд 1 триллион ам.доллар зарцуулагддаг гэсэн судалгаа бий. “Трэнспэрэнси Интернэшнл” (Transparency International)-ийн судалгаагаар 2012 онд Монгол улс авлигын түвшин нь хамгийн хурдацтай буурч байгаа орноор тодорсон нь багагүй амжилт. Гэхдээ үүнд тайвшрах бус, цаашид авлигын эсрэг илүү дорвитой тэмцэх нь чухал.
Манай улс иргэний оролцоо, шууд Ардчилал өөд зоригтой алхаж байна. Иргэний оролцоо нь асуудлыг мухардалд оруулах бус харин ч нааштай шийдэхэд түлхэц болдог. Иймд манай Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлэх бус иргэд, орон нутагт шилжүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч байна.

АОХН-ийн үйл ажиллагаа
Одоо Та бүхэнд Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаанд тус хөдөлгөөний хийж гүйцэтгэсэн зарим ажлыг товч хэлье. АОХН-ийн өмнөх дарга Литва улсын удирдлага дор эхэлсэн АОХН-ийн шинэчлэлийг манай орон амжилттай үргэлжлүүлж, тус хөдөлгөөнийг “хүсэл тэмүүллээс үйл ажиллагаа”-нд удирдан залах улс орнуудын эрмэлзэл, хүчин чармайлтыг дэмжин ажиллалаа. Энэ хугацаанд АОХН-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо үүсгэн байгуулагдаж, АОХН-ийн анхны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон томилсон нь тус хөдөлгөөнийг институцчлэх үйл явцад дорвитой алхам болов.
Засаглал иргэддээ хүрэхгүй байх гол хүчин зүйлийн нэг нь ардчиллын мөн чанарын талаар бодит мэдээлэл дутмаг байх явдал юм. Иргэдэд үйлчлэх үүргээ ойлгоогүй төрийн албан хаагч хүнд суртал гаргах эсвэл авлигад автах магадлалтай. Тиймээс ардчиллын боловсрол төлөвшөөгүй нийгэмд ардчилал бат бэх оршин тогтнох боломжгүй юм. НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүний тэмдэглэснээр “Ардчиллын боловсрол нь бүх улс орон, ардчилал өндөр хөгжсөн, ардчилалд дөнгөж хөл тавьж буй, ардчилал нь гүнзгийрсэн, ардчилал нь хэврэг байгаа орнуудын иргэн бүр өөрсдийнхөө эрх, хариуцлагыг бүрэн ойлгоход тустай” болно гэжээ.
Иймд манай улс АОХН-ийг тэргүүлэхдээ ардчиллын боловсролыг дэмжихийг эн тэргүүнд анхаарч, АОХН-д оролцогч түншүүдийн хамт энэ чиглэлээр багагүй амжилт оллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд АОХН-д оролцогч орнуудын санаачилгаар анх удаа Ардчиллын боловсролын тухай тогтоол батласан.
Мөн АОХН-ийг даргалахдаа иргэний нийгмийн байгууллагуудыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улстай туршлага солилцох, авлигатай тэмцэх асуудлыг түлхүү анхаарч ажиллаа.
АОХН-ийн хавсарга байгууллагуудын үйл ажиллагаа
АОХН-ийн үйл ажиллагааг хөрсөнд буулгаж, оролцогч орнуудын ард иргэдэд ойртуулдаг гол бүтэц нь яах аргагүй тус хөдөлгөөний Иргэний нийгэм, Залуучууд, Эмэгтэйчүүд, Парламент, Бизнесийн жигүүр болно.
Иргэний нийгэм. Иргэний нийгмийн хөгжил, төлөвшил манай улсын ардчиллын он жилүүдийн нэгэн чухал ололт юм. Иргэний нийгмийн оролцоогүй ардчилсан нийгмийг төсөөлөх аргагүй. Иргэний нийгмийг төлөвшүүлэх нь төрийн үүрэг мөн.
Манай улсад иргэний нийгэм жинхэнэ утгаараа 1990-ээд оны эхээр буй болж, 20 гаруй жилийн хугацаанд төлөвшин, хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ядуурал, авлигатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт үүргээ биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. 2003-2006 онд үндэсний ардчиллын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, үүнд түшиглэн улс орны ардчиллын байдлын талаар хэд хэдэн судалгаа гаргаж, өөрсдийн санал зөвлөмжийн хамт олон нийт, төр засгийн сонорт хүргэж ирсэн. Мөн Монголын иргэний нийгмийн байдлын тухай илтгэл гаргаж, иргэний нийгмийг хэрхэн бэхжүүлэх талаар санал бодлоо төр засагт хүргэж байсан юм. Энэ нь иргэний нийгмийг дэмжих манай улсын стратегийн зорилгод бүрэн нийцэж байна.
АОХН-ийн нэг том давуу тал бол иргэний нийгмийг өөрийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулдаг. Манай улс 2009 оноос хойш АОХН-ийн Иргэний нийгмийг хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, хувь нэмрээ оруулж ирлээ.
Залуучуудын чуулга уулзалт. АОХН-ийн дараагийн тулгуур болох залуучуудсүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд хамгийн их өртөж, ажилгүйдлийн түвшин нь нэмэгдсээр байна. Энэ эгзэгтэй мөчид АОХН-ийн Залуучуудын чуулга уулзалтад оролцогчид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж болох талаар санал солилцох нь чухал.
Манай улс бол залуучуудын орон. 2012 оны байдлаар нийт хүн амын 37.5 хувийг залуучууд эзэлж байна. Улмаар хөдөлмөрийн насны хүн амын дундаж өсөлт хүн амын өсөлтөөс илүү хурдацтай байгаа буюу “Хүн ам зүйн цонх” 2025 он хүртэл нээгдлээ.
Гэвч залуучууд эдийн засгийн өсөлтөөс хангалттай хүртэж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6,0-аас дээш хувиар өссөн байхад 15-24 насны залуучуудын ажилгүйдэл буураагүй, улсын дунджаас бараг 2 дахин их хэвээр байна. Энэ нь хүүхэд, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх ажил дутагдалтай байгаа, залуучуудын боловсролын түвшний ялгаа ихсэж байгаатай холбоотой. Иймд манай Засгийн газар дээд, дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаа өнөөгийн тогтолцоог зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн өөрчлөх чиглэлээр ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог шинэчлэх нь энэ шинэчлэлийн гол хэсэг юм. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боловсруулж байна.
АОХН үйл ажиллагааныхаа бүх түвшинд залуусыг оролцуулдаг онцгой уламжлалтай. Манай улс АОХН-ийг даргалах хугацаанд ардчиллын боловсролын чиглэлээр хийсэн ажил дэлхий даяар залуучуудыг дэмжих үйл хэрэгт дөхөм болсон гэж найдаж байна.
Залуучуудын харилцан мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллахыг өргөжүүлснээр тэдний мэдлэг, туршлагыг тэлэх, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс залуучуудад зориулсан солилцооны хөтөлбөр, тусгайлсан арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр АОХН-д оролцогч орнууд, тус хөдөлгөөний Залуучуудын жигүүрийг илүү эрчимтэй ажиллахыг уриалж байна.
Эмэгтэйчүүд. Өрх гэрийн өмөг түшиг, улс үндэстний сурвалж язгуур нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл тэдний эрх дэлхий даяар зөрчигдсөөр байна. Хүчирхийлэл, хүний наймаанд өртсөн эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах ажлыг дэлхий нийтийг хамарсан үйл хэрэг болгох шаардлагатай байна.
Манай улс дэлхийн дахинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсийг тууштай дэмжиж ирсэн. Өнгөрсөн жил АОХН-ийн дарга орны хувьд Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Чуулга уулзалтад Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын нэр хүндтэй эмэгтэй манлайлагчид оролцсон. АОХН-ийн энэ удаагийн бага хуралд Нобелийн шагналт Эрхэмсэг хатагтай Таваккол Карман, Мьянмарын Парламентын гишүүн, Нобелийн шагналт Эрхэмсэг хатагтай Ан Сан Суу Чий нар оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг.
Монгол Улс өөрөө үлгэр дууриал үзүүлж, манлайлахыг хичээж байна. Дунд болон их, дээд сургуулиудад суралцагч охидын тоо хөвгүүдийнхээс илүү байна. Бид 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталж, эмэгтэй, эрэгтэй хүн нийгмийн бүх салбарт тэгш эрхтэй байх эрх зүйн тогтолцоог бэхжүүлсэн юм.
Гэхдээ эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудал байсаар байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өндөр боловсрол эзэмших болсон ч, удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага хэвээр байна. Бид үүнийг өөрчлөхөөр ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн тухай шинэчилсэн хуульд “нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх”-аар тусгалаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэй парламентчдын тоо өмнөхөөсөө гурав дахин өссөнийг Та бүхэнд дуулгахад таатай байна. Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэж тусгасан.
Манай хүн амын 33 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Иймд бид хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдалд онцгой анхаарч, 40 гаруй жилийн тэртээгээс Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол санаачлан батлуулж ирсэн юм. Мөн хөдөөгийн орлого багатай эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, бизнес эрхлэхэд авсан зээлийнх нь дийлэнх хувийг батлан даах чиглэлээр ажиллаж байна.
Ийнхүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тодорхой ажил хийж байгаа ч цаашид улам үр дүнтэй ажиллах шаардлагатай юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн асуудлаарх хууль тогтоомжийг амьдралд ойр, хэрэгжих боломжтой, үр дүнтэй болгох нь эн тэргүүний зорилт юм.
Ардчиллын төлөөх Парламентчдын чуулган. АОХН-ийн дараагийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байгаа Ардчиллын төлөөх Парламентчдын чуулган ардчиллыг хөгжүүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай юм. Өнөөдөр, маргааш хоёр хуралдах энэхүү чуулганаар хууль тогтоогчид авлигатай тэмцэхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой, авлигатай тэмцэхэд хуулийн цоорхой гаргахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг илүү чанд хянах зэрэг асуудлыг түлхүү хэлэлцэж, зөвлөмж шийдвэр гаргана гэж ойлгож байна. Энэ нь нэг ёсондоо ардчиллын институцийг дотроос нь бэхжүүлэхэд тус дэм болно.
Ардчиллын төлөөх бизнесийн чуулган. Ардчиллын гол тулгуурын нэг зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж нийгмийн баялгийг бүтээхэд хувийн хэвшил гол үүрэг гүйцэтгэдэг билээ. Тухайлбал, өнөөдөр манайд нийгмийн баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байна.
Хувийн хэвшил хээл хахууль, хүнд суртлын дарамтаас ангид байх нь ардчилал бат бэх оршихын нэгэн чухал үндэс суурь нь билээ. Гэтэл төр засаг бизнесийн салбарыг дэмжих бус хавчиж дарамтлах тохиолдол дэлхийн хэмжээнд гарсаар байна. Тиймээс бизнес эрхлэгчид авлигатай тэмцэхэд хэрхэн оролцох талаар АОХН-ийн Ардчиллын төлөөх бизнесийн чуулганаар хэлэлцэх гэж байгаа нь маш чухал. Мөн төр засаг, бизнесийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах, ардчилал, ядуурлын харилцан хамаарлын талаарх ойлголтыг дээшлүүлэх, үндэсний хэмжээнд бизнесийн стандарт, зарчмуудыг мөрдөж ажиллах талаар ярилцаж, тодорхой зөвлөмж, шийдвэр гаргана гэж найдаж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
АОХН-ийн тулгуур эдгээр таван чуулга уулзалтаас гарах үнэ цэнтэй санал шүүмжлэл АОХН-ийн Сайд нарын бага хурлын гол үр дүн болно. Иймд чуулганд оролцогч Та бүхэнд ардчиллыг хөгжүүлэх эрхэм үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Үгийнхээ төгсгөлд Мьянмарын Парламентын гишүүн, Нобелийн шагналт Эрхэмсэг хатагтай Ан Сан Суу Чийн хэлсэн дараах үгийг иш татъя.
«Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйллаас ч халгаатай гэж би зарим үед боддог. Учир нь хий хоосон дүр эсгэсэн ардчилал нийгмийн доголдлыг засч залруулахгүй байх шалтаг болдог».
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Хий хоосон, дүр эсгэсэн ардчилал бус жинхэнэ ардчиллыг хөхүүлэн дэмжих зорилт тавьсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалсан нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд АОХН-ийн хамт олноосоо их cургамж авч, ардчиллын замаар замнасан туршлагасаа хуваалцах онцгой завшаан гарсан юм.
АОХН-ийн даргын халааг бид Эль Сальвадор улсад шилжүүлэх гэж байна. Гэхдээ Та бүхэнтэй хамтын ажиллагаагаа огтхон ч сааруулахгүй, иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр улс орондоо, мөн бус нутаг, олон улсын хэмжээнд үргэлжлүүлэн ажиллахаа батлан хэлье.
Та бүхэнд энд байх хугацаандаа Монголын ард түмний аж амьдрал, ажил үйлс, соёл, зан заншилтай танилцах боломж гарна гэж найдаж байна.
Монголд оронд минь тавтай морилоорой.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ