Баянзүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд баригдсан барилгуудыг нураана

Манай сонин өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Мэргэжлийн хяналтын алба, цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайд баригдаж байсан барилгыг нураасан талаар мэдээлэл хүргэж байсан.

Тус дүүргийн төв хэсгийн гол гол нийтийн эзэмшлийн газарт баригдсан нэлээд хэдэн барилга байгаа аж.

Баянзүрх дүүргийн XXV хорооны “Сандэй” плазагийн замын эсрэг талд FМ 107.5-тай байрны гадна талбайд явган хүний зам дээр хоёр давхар Солонгос барааны дэлгүүр болон цэцгийн дэлгүүр, контейнер байрлуулсан байна.

Ингэснээр дээрх барилгуудын урдуур хоёр хүн зэрэгцэж явах боломжгүй болсон байсан юм.Тус дэлгүүрийн эзэнтэй холбогдож хэзээ зөвшөөрөл авсан талаар нь тодруулахад “Манайх өмнө нь байсан жижиг ТҮЦ-ээ буулгаж,хоёр давхар дэлгүүр барьсан юм” гэв.

Хэдийгээр тэд барилга барих зөвшөөрөлтэй боловч явган хүний зам дээр барьсан нь асуудал үүсгээд байгаа аж.

Мөн тус дүүргийн XII хороо Чулуун овоонд байрлах “Номин” худалдааны төвийн эсрэг талд, “Дон Боско” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд явган хүний зам болон үерийн далангийн газар оролцуулан барилгын ажил эхэлжээ. Энэхүү барилгын үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоогоод байгаа гэнэ.

Түүгээр барахгүй Баянзүрх дүүргийнIV хороо “Отгон тэнгэр” их сургуулийн хажуудбайрлах “Гэр бүлийн дэлгүүр” мөн л нийтийн эзэмшлийн талбайд баригдсан байв. Тус дэлгүүр нь явган хүний замруу 80 см орчим оржээ.

Хоёр давхар энэхүү дэлгүүр нь доод давхартаа супермаркет, дээд давхартаа электрон бараа худалдаалдаг байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлын хэсгийнхэн дэлгүүрийн эзэнтэй уулзаж ирэх жил нураахаар болсон аж.

Мөн тус дүүргийн XIII хороо 84 дүгээр сургуулийн урд талбай болон 18 дугаар байрны хойд хэсэгт цэнхэр хашаа хатгасан байсанюм. Мөн VII хороо “Хаан Палас”-ийн зүүн урд хэсэг явган хүний зам хаасан байдалтай байна. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайд баригдсан барилгууд нь бүгд явган хүн явах эрхийг ноцтой зөрчжээ. Албаны хүмүүс “Уг барилгуудад дүүргийн ЗДТГ-аас шаардлага хүргүүлсэн байгаа. Ирэх хавраас нураана” гэлээ.

Б.Анхтуяа

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ