Ж.Энхбаяр “Алтайн хүдэр” ХХК-тай холбоотой ажилладаг нь үнэн

Говь-Алтай аймгийн Цээл суманд байдаг Таянгийн уулсад хүдрийн олборлолт явуулдаг “Алтайн хүдэр” компаниас бэлнээр 400 сая төгрөгийг Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр гаргуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болов. Ж.Энхбаяр гишүүн 2008 оны сонгуулиар Говь-Алтай аймгаас Улсын их хуралд сонгогдсон боловч харин 2012 оны сонгуулиар тус аймгаас нэр дэвшээгүй намынхаа квотоор гарч ирсэн нэгэн. Тэрбээр улсад 10 тэрбум төгрөгийн татвараа төлөхгүй шүүхээр зад заргалдаж яваа “Алтайн хүдэр” компанитай холбоотой ажилладаг гэдгээ нуугаагүй. Ж.Энхбаяр гишүүн нь өөрийн “Алтайн эрин” сангаараа дамжуулаад “Алтайн хүдэр” компаниас 2010 онд 95 сая, харин 2011 онд 20 сая төгрөгийг гаргуулж авсан.

“Гэхдээ энэ мөнгийг би болон манай гэр бүлийн хүн халааслаагүй. Харин Говь-Алтай аймгийн иргэдэд зарцуулсан” гэдгээ ч хэлсэн. Ж.Энхбаяр гишүүнийг Авлигатай тэмцэх газар шалгаагүй харин “Алтайн хүдэр”-ээс мөнгө гаргуулсан асуудлыг улс төржүүлсэн гэдгийг хэлж байлаа. “Алтайн хүдэр” компани төмрийн хүдрийг маш хямдханаар гаргаж Говь-Алтай аймгийн цээл сумынхныг тоосоороо дарж, эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлж байгаа гэх мэдээлэл өнөөдөр ч хэвээрээ байна. Тус компанид Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ерөнхийлөгч асан П.Очирбат нар хувь эзэмшдэг гэх мэдээлэл ч байдаг. Тэгвэл Ж.Энхбаяр гишүүний хувьд уул уурхайн нэг ч лицензгүй гэдгээ өнөөдөр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ