Ё.Отгонбаярын “Шинэ зууны боловсрол” бас нэг гомдол дагуулав

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига нэхсэн хэргээр УМБГ болон АТГ-аас энэ хавар, зунжингаа шалгаж байгаа билээ. Ийнхүү удаан шалгаж байгаа нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, замхруулах болов уу гэсэн хардлага олон нийтийн дунд байгааг үгүйсгэхгүй юм. Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний ярьж буйгаар “Хэрэг шалгагдаж байгаа. Энэ хүний гэм буруутай эсэхийг хууль шүүхийн байгууллага эцэслэн тогтооно. Түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа гэсэн. Гэхдээ данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг үгүйсгэхгүй” гэв.

БНХАУ-ын төрийн мэдлийн “ZTE” компанийн удирдлагуудыг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх мэт хэд хэдэн үндэслэлээр буруутгаж буй бөгөөд БСШУ-ы сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг 46 сая ам.долларын тендерийг санаатайгаар будлиантуулж, Монгол Улсын харилцаа холбооны салбарт дархлааг нь тогтоож өгсний төлөө дээрх мөнгөний 10 хувийг бэлэг болгон өгсөн гэх хардлага ч байгаа юм. Тэгвэл тэдэнтэй холбоотой өөр баримтууд илэрч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, өмнөх засгийн үед төр барьж байсан эрхмүүд “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгох, ингэхдээ нийслэл, орон нутгийн гэлтгүй бүх сургуулийг цахим ангитай болгоно хэмээн амлаж зарим аймаг, сумын сургуулийг сонгон очиж “Цахим анги”-тай боллоо гэсэн гэрчилгээ хүртэл өгч байсан ч өнөөх нь өнөөдрийг хүртэл хоосон яриа төдий байгаа ажээ.

Иймээс зарим аймгийн багш нар “Цахим анги”-аа тохижуулахын тулд компьютер зэрэг тоног төхөөрөмжөө салбарын яамнаас нэхэж эхэлсэн бөгөөд бүтэлтэй хариу сонсохгүй байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал, Баянхонгор, Өмнөговь, Дорнод зэрэг хэд хэдэн аймгийн сургуулийн удирдлагууд энэ асуудлаар салбарын яамныхантай уулзахад “Монгол Улсын бүх сургуулийг цахимжуулна, цахим ангитай болгоно гэсэн наад асуудалтай чинь холбогдуулан өмнөх сайдын үед төсөв мөнгийг нь шийдээд гаргаад авчихсан юм билээ. Тэгэхээр наад асуудлыг чинь бид мэдэхгүй. Өмнөх дарга нар л мэднэ гэсэн үг” гэсэн тайлбарыг хэлжээ. Орон нутгийн сургуулийн удирдлагуудын гол зорилго нь “Цахим анги” гэсэн Ё.Отгонбаярын гоё гарын үсэгтэй хоосон гэрчилгээг жинхэнэ эзэнтэй болгож өгөөсэй гэсэн хүсэлт байгаа ажээ. Ийнхүү гишүүн Ё.Отгонбаярыг тойрсон маш их асуудал байгаагийн нэг жишээ энэ бөгөөд цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах байх. Хуулийнхан ямар хариуцлага хүлээлгэхийг л харах үлдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ