Зургаадугаар сургуулийн талбай “Авзага”-ын П.Мэндбаярын гараар оржээ

“Авзага трейд” компанийн хотын төвд дээрэмдсэн газруудын тоо, хууль бусаар барилга барьсан үйлдлүүдэд хариуцлага тооцдог хүн байдаггүй бололтой. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн барилгыг төсөв хүрээгүй гэдэг шалтгаанаар гурван жил дараалан барьж, улсын төсөв сааж буй “Авзага”-ын захирал П.Мэндбаярыг Морин спорт уяачдын холбоонд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн хэмээн магтан сайшааж, цоллон дууддаг билээ. Тэгвэл түүний хувийн бизнес тийм ч ариун цагаан хөдөлмөрийнх биш байдаг бололтой. Хотын төвөөр газар дээрэмдэх ажилд гаршсан гээд хэлчихвэл нэг их үнэнээс хол зөрсөн болохгүй. Түүний ээлжит дээрмийн ажил Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах зургаадугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайгаар үргэлжилж байгаа аж. Анх 1998 онд тус компани барилга барина хэмээн тус сургуулийн гадна талд хашаатай нь зэрэгцүүлэн 1200 ам.метр газар авсан байдаг байна. Харин тус газар дээрээ барилга барьчихаад одоо хажууд нь зэрэгцүүлэн өөрсдийн зоргоор дахин барилгын ажил эхлүүлээд байгаа нь зургаадугаар сургуулийн биеийн тамирын талбай аж.

Сургуулийн багш ажилчид, захирал бүгдээрээ нийлж энэ барилгыг эхлүүлэхгүй, бариулахгүй хэмээн чадлынхаа хэрээр тэмцсэн ч тэдний тэмцэл үр дүнд хүрээгүй гэнэ. Тэр ч бүү хэл, П.Мэндбаяр захирал зургаадугаар сургуулийн захирал Н.Алтангэрэлд “Миний хувийн өмч. Та нар шиг юмнуудад ердөө хамаагүй” гэсэн хариултыг өгөөд амыг нь тагладаг аж. Сургуулийнхны мэдээлж байгаагаар хөл бөмбөгийн талбай, үерийн ус зайлуулах шугамны дээр нь барилга барьжээ. Гэтэл энэ барилга ямар ч зөвшөөрөлгүйгээр эхэлсэн, үүнийг ч хянаж шалгадаг хүмүүс нь илрүүлж байсан байна. Харин барилгын ажил эхэлсний дараа П.Мэндбаяр холбогдох бичиг баримтуудаа хөөцөлдөж эхэлсэн бөгөөд тэрбээр энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр 500 ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч гэсэн нэрийн дор АН-д элсэж, ажлуудаа амжуулж эхэлжээ. Угтаа бол АН-ын хүн хотын Засаг даргаар томилогдож, барилгуудад хатуу хяналт тавих болсноор “Авзага трейд”-ын хөлбөмбөгийн талбай дээр барьсан барилгыг нураах, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан ч энэ шийдвэр тус компанид хэрэгжээгүй нь магадгүй намд элссэний буян ч байж болох юм. Ямартай ч сургуулийн биеийн тамирын талбай дээр барилга барьж буй үйлдэл нь Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг болж байгаа аж. Газрын тухай хуулийг зөрчиж, зөвшөөрөл аваагүйгээс гадна Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас мөн холбогдох зөвшөөрлөө аваагүй байгаа гэнэ.

Мөн ус зайлуулах шугаман дээр барьсан барилгын хор уршиг нь сургуулийн хашаагаар дүүрэн ус тогтох аюулыг дагуулж байгаа юм билээ. МАН-ыг засгийн эрх барьж байх үед А зэрэглэлийн бүсэд газар дээрэмдэж гаршсан нэгэн байсан тэрбээр ийнхүү АН-ын шударга гэгдэх засгийн үед ч сургуулийн хашаан дотор барилга барьж байна. Ингээд харахаар түүний ард тусладаг нам, журмын нөхдүүд байдаг бололтой. Тэгээд ч барилгын ажил эхлүүлэхдээ байр орон сууцны хороолол дунд, сургуулийн ойролцоо бол эргэн тойрны хүмүүсээс зөвшөөрөл авдаг шинэ тогтолцоо бий болчихоод байхад дуртай нэг өдрөө кран, камаз асаагаад хүрээд ирдэг байдал алга болоогүй л байна. Зургаадугаар сургуулийн эргэн тойронд орон сууцны барилгууд олон бий. Тэнд оршин сууж буй айл өрхүүдийн эрх ашиг зөрчигдөж, хэдэн зуун хүүхэд суралцаж буй сургууль гадаа биеийн тамирын хичээл орж, сурагчид чөлөөт цагаа өнгөрөөх боломж ийнхүү хаагдаж байгаа юм. Хэргийн гол учир нь, хотын Засаг дарга тус барилгыг нураах шийдвэрээ яагаад буцаав, Мэргэжлийн хяналтынхан яагаад зүү залгисан мэт эргэн тойрны хүмүүсийн гомдлыг авч хэлэлцэхгүй, шалгахгүй байна вэ гэсэн асуулт болоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ