Малын хулгайчийг цаазаар авдаг байжээ

Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан боловч малын хулгай гаарсаар байгаа. Шүүхээр мал хулгайлсан гэмт хэрэгт шийтгүүлэгчдийн 12,5 хувь нь тэнссэн, 27,6 хувь нь 1-6 сар хүртэл баривчлах ялаар шийтгүүлсэн бол хохирлыг нөхөн төлөөгүй, давтан үйлдсэн этгээдүүдэд хорих ял оноожээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 2002 оны шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн гэмт хэрэгт багтаасан нь төрийн хамгаалалтыг бий болгож чадахгүйд хүрсэн байна.
Уг нь 1942 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг тусгайлан зааж, хорих ялын бодлого баримтлан хүндрүүлэх бүрэлдэхүүнд цаазаар авах ял оноохоор заасан нь манай улсад мал хулгайлахтай тусгайлан хатуу тэмцэж байсны бодит илрэл юм. Гэтэл өдгөө ийм гэмт хэрэг өсч, арга нь улам нарийсч, тууврын мал дайран өнгөрдөг аймаг, сумдын нутагт хулгайн малыг тууврын малаар солих, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх, галт зэвсэг, хурдан унаа хэрэглэх зэргээр улам бүр зохион байгуулалтад орж байгаа нь нууц биш.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрт мал сүрэг нь манай улсын үндэсний өвөрмөц нөхөн сэргээгдэх баялаг, Монголын соёл уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс гэж тодорхойлсон байдаг. Эзэн Чингисийн “Их засаг” хуульд мал хулгайлсан хүнийг хатуу ширүүн шийтгэдэг, харж гэрчилсэн иргэнийг бод, богоор шагнадаг журамтай байжээ.
Саяхан Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь, Л.Цог, Д.Оюунхорол нарын найман гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, мал хулгайлсан гэмт этгээдийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруутай үйлдэлд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдүүлэхээр зорьсон байна. Тухайлбал, хуулийн төсөлд бусдын малыг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 3-5 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Мөн энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан, нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж, түүнчлэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн, хээлтэй буюу нялх төлтэй, хурдан, жороо, ашиг шим өндөртэй мал хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна. Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, олон тооны мал хулгайлсан, малыг олноор устгах зэвсэг хэрэгсэл хэрэглэсэн бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Малын хулгайг нуун дарагдуулсан этгээдийг ч зүгээр орхихгүй бололтой.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ