Хубилай хаан өмнөд Хятадыг эзэлж бусад оронд довтолсон түүх

Хубилай хаан Өмнөд Сүн улсыг мөхөөж бүх Хятадыг эзлэн авч ноёрхлоо тогтоохыг зорьж байв. Тэр үед Умард хятадын бүх нутаг монголын байлдан дагуулагчдын мэдэлд орж, Өмнөд Сүн улс хятадын зөвхөн урд хэсгийг эзэлж байснаас гадна, нутгийн хойд хэсгээс зарим нь монголын цэрэгт эзлэгдэж, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчин буурай болж байсан цаг байжээ.

Өмнөд Сүн улсын хаан, ноёд, газрын эзэд, цэргийн эрхтэн нар өөрийн орны ард түмэн, тосгоны тариачин, хотын иргэдийг дур зоргоор хүнд алба оногдуулан зүйл бүрээр зовоож байсан учир ард иргэдийн тэмцэл хурц байсан ажээ. Тариачид үргэлж бослого хөдөлгөөн гаргаж, эрх баригчдын эсрэг тэмцэж байжээ.

Эрх баригчдын дотоодын зөрчил ч мөн үлэмж хурц байжээ. Газрын эзэд, ноёд, түшмэд жанжин нар эрх ашгаа булаацалдаж байнга тэмцэлдэж байсан байна. Эрх танхил, баялаг тансагт умбасан Сүн улсын хаан, ноёд түшмэд нь харийн түрэмгийллийн эсрэг ард түмний хүчийг нэгтгэн зохион байгуулж чадахгүй байжээ. Энэ бүх байдлыг Хубилай сайн мэдэж байсан учир цэргийн хүч хэрэглэхээс гадна эд мөнгө, хээл хахуулиар урвагч ноёд, гэнэхэн этгээдүүдийг талдаа татах зэрэг элдэв арга мэхээр Сүн улсыг дотроос нь эвдэн задлах бодлого явуулж байжээ.

Өмнөд Сүн улсын байдал хэдий хүнд болж байсан боловч ард иргэд нь харийн түрэмгийлэгчдийн эсрэг бас тэмцэж байсан учир түүнийг эзлэн авахад бас ч тийм хялбар байсангүй. Тийм учир монголын байлдан дагуулагчид Сун улсыг хэдэн чиглэлээр нэгэн зэрэг цэрэг оруулж хавчин байлдах арга хэрэглэжээ. Сүн улсын хойд талаас их цэрэг оруулан байлдахын хамт Хөх нуураар цэрэг давшуулан, Сычуань, Юаньнань мужуудыг байлдан эзэлж, тэндээс Сүн улсын ар тал, баруун гараас довтлохоор шийджээ. Монгол цэргийг их жанжин Баян захиран морджээ.

Монголын цэрэг ийнхүү хэдэн талаас дайран орсон нь Сүн улсын байдлыг нэн хүндрүүлжээ. Монголын цэрэг дотогшлон орох тусам Сүн улсын дотоодын хямрал, ялангуяа эрх баригчдын зөрчил тэмцэл нэн хурцдаж урвагч этгээдүүд идэвхжиж иржээ. 1261 онд Сүн улсын нөлөө бүхий их жанжин Лю Чжэн цэргээ дагуулан Монголын талд орж иржээ. Лю Чжэн өөрийн улсын цэргийн хамаг нууцыг задалж, газарчлан байлдах болсон явдал Сүн улсад бүр ч их аюул учруулжээ.

Гэвч Лю Вэн-хуан нарын зэрэг зарим жанжин, дарга нар тус тусын захирсан хот, боомтыг чандлан сахиж, дайсантай эрэлхэг тэмцэж байжээ. Лю Вэн-хуан Сүн улсын умард хязгаарын чухал боомт, эртний хятадын нийслэл агсан Сяньян хотыг бэхлэн сахиж, Хубилайн цэргийн эсрэг зоригтой байлдаж байжээ. Сяньян хотыг байлдан эзлэхэд их хэмжээний усан цэргийн хүч хэрэгтэй байсан тул монголын байлдан дагуулагчид Лю Чжэн тэргүүтэй ноёдыг ашиглан, 7 түмэн хүнтэй усан цэргийн хүчийг байгуулж, 1268 онд Сяньяныг усан ба хуурай замаар дайлан бүсэлжээ. Хотын цэрэг, иргэд таван жил гаруй монголын цэрэгтэй баатарлаг тэмцэж, тэднийг хотод оруулсангүй. Гагцхүү 1273 онд хоол хүнсээр бүрмөсөн тасран өлсгөлөн ховорт учирч, гаднаас туслах хүчингүй болж арга буюу бууж өгсөн билээ. Сяньян хот автсан явдал Сүн улсад ноцтой цохилт болжээ. Сяньян хотыг эзэлсний дараа монгол цэрэг Сүн улсын нутагт гүнээ цөмрөн орж, удалгүй нийслэл Линань (одоогийн Ханьчжоу) хотыг буслэн байлджээ. Тэр үед Сүн улсын дотоодын улс төрийн хямрал туйлдаа хүрч хэд хэдэн хаан солигдсоны эцэст 1275-1276 онд хаан ширээнд Чжао Бин гэдэг бяцхан хөвгүүн сууж эх нь төр хамаарчээ. 1276 онд монгол цэрэг очиж хотыг бүслэн авахад Сүн улсын төр хамаарагч хатан бачимдан, төрийн тамгаа өргөж, хүүгийн хамт монголын цэрэгт буун өгчээ. Гэвч хятадын зүүн өмнө зүгийн Гуандун, Гуанси зэрэг мужид жанжин Чжан Шицзэгийн удирдлагын дор монголын цэргийн эсрэг хэдэн жилийн турш эрэлхэг тэмцэл хийжээ.

Чжан Шицзэ, Чжао Бингийн дүү 9 настай нэгэн хөвгүүнийг хаан хэмээн өргөмжилж монголын цэрэгтэй тэмцсэн боловч хүчинд автан хөөгдсөөр далайд шахагдан гарч, эцэст нь дайсны гарт амьдаар баригдахгүйн тул бага хаанаа тэврэн далайд харайн үхсэн ажээ. Ингэж 1279 онд Өмнөд Сүн улс мөхөж, бүх хятад орон монголын эрх баригчдын гарт орсон байна. Хубилай хаан ширээнд суусан анхны жилүүдээс эхлэн, япон зэрэг бусад улс орныг эрхэндээ оруулан авахын тул олон зүйлийн арга сийлж, аян дайн хийсэн билээ.

1266-1271 оны хооронд японд хэд хэдэн элч илгээж, Юан гүрний хараат улс болохыг шаардаж байжээ. Японы эзэн хаан Юан гүрний хараат болохыг зөвшөөрөөгүйгээр үл барам, шийдвэртэй эсэргүүцэн тэмцэх бэлтгэл хийж эхэлжээ. 1270-1274 оны хооронд Хубилай хаан Солонгосын хойгт гарсан бүх бослогыг тэгштгэн дарах, солонгос дахь монголын захиргааг улам чангатгах, японыг довтлох цэргийн түшиц газар байгуулах, усан онгоц хийлгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлыг хийжээ. 1274 оны 10-р сард Юан гүрний том жижиг 900 онгоц хөлөглөсөн 25 000 цэрэг японд довтолсон боловч далайн шуурганд цохиулж олонхи нь амь үрэгдэн, цөөн хэсэг нь нутаг буцжээ. 1281 онд Хубилай хаан монгол, солонгос, хятад их цэргийн хүчээр японыг хоёрдахь удаагаа довтлов. Төв замын цэргийг монгол Жанжин Атаахай, хятад жанжин Фан Вэньху нар удирдаж, солонгос нутгаас гарсан зүүн замын цэргийг монгол жанжин Шинду, солонгос жанжин Хон Тагу нар тус тус удирджээ. Их цэрэг японы өрнө хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрлажээ. Гэтэл бас далайн шуурга хөдөлж, Цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Атаахай, Фан Вэньху нар үлдсэн цөөн цэргийн хамт нутгийн зүг зугтжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг японы цэрэг хүйс тэмтрэн хядсан ажээ. Ийнхүү японыг эзлэх гэсэн Хубилайн бодлого нуржээ.

Хубилай хаан Зүүн Өмнөд Азийн зарим улсын нутагт монголын цэрэг аль Мөнх хааны үед цөмрөн орж байсныг сэргээн үргэлжлүүлж, Вьетнам буюу Аннам нутгаар хэдэн удаа аян дайн хийж, улмаар далайн арлын улсуудыг довтолжээ. Мөн хааны төр барьж байх үед Урианхайдай жанжин Түвэдийг дайлахаар Вьетнамын хилээр нэвтрэн ороход тэр цагт Вьетнамын ван эсэргүүцэн тэмцэх хүчин мөхөс байсны улмаас зайлан зугатаж, нэгэн арал дээр бүгж, 1257 онд ор суусан Вьетнамын шинэ ван Монголын хаанд хараат түшиг улс болохоо илэрхийлж байжээ. Гэвч Вьетнамын ард түмэн Монголын байлдан дагуулагчдын эрхшээлд орохыг хүсэхгүй эрс шийдмэг эсэргүүцсээр байсан бөгөөд 1281-1284 оны үест Зүүн Өмнөд Азийг эзлэхээр мордсон Тогоон жанжны цэрэг нутгаар нь гарахад вьетнамчууд бослого гарган монголын цэргийг цохисон ажээ. Тогоон жанжин үлдсэн цэргээ авч халуун орны битүү ой шугуй дотуур нуугдан явсаар зугатан гарчээ. Хубилай хаан 1288 онд 90 мянган цэргийг мөн Тогоонд өгч дахин Вьетнамыг байлдуулахад Вьетнамын ард түмэн Монголын цэргийг газар бүр цохиж байжээ. Монгол цэрэг удаан хугацаагаар Вьетнамын нутагт байхдаа хоол хүнсээр гачигдан дутагдаж бас халуун орны бөгчим уур амьсгалд тэсэхгүй өдий төдийгөөр өвчлөн үхэж, үргэлжлэн байлдах нөхцөлгүй болжээ. Тогоон жанжны хэдэн удаагийн аян дайн тийнхүү амжилтгүй өнгөрсөн атал удалгүй Хубилай хааны үед Вьетнам Монголын хараат улс болж, жил бүр алба хураалгаж байсан бөгөөд Монголын даргач сайд Вьетнамд очих захиран суужээ.

Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмийн ард түмэн мөн л сүрхий эсэргүүцэн тэмцсэн боловч 1287 онд Бирмийн ван Юан гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ. Юан гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан, далайн арал хойгийн улс орнуудад удаа дараа ноёрхлоо тогтоожээ.

Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед монголын байлдан дагуулагчид бүх Хятад болон Зүүн Өмнөд Азийн олонхи орныг эрхшээлдээ оруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ