Хот байгуулалт гэдэг барилга байгууламжийн бөөгнөрөл биш

Улаанбаатар хотын орлогч дарга асан, Улаанбаатар хотын хүндэт иргэн Ц.Баасанжавтай ярилцлаа.

-Таныг Улаанбаатар хотын орлогч даргаар ажиллах байх үеийн Улаанбаатар ямар өнгө төрхтэй байв?

-Би 1990-1992 оны хооронд Улаанбаатар хотын барилга, орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний салбар хариуцсан орлогч даргаар ажиллаж байлаа. Тэр үед Улаанбаатар хот 860 гаруй мянган хүн амтай байсан. Ер нь тухайн хотын том жижгийг хүн амын тоогоор хэмждэг юм. Дэлхий нийтэд нэг саяас дээш хүн амтай хотыг мегаполиус гэж нэрлэдэг.

Иймд миний бие метрополиусын үед ажиллаж байсан гэж хэлж болно. Харин одоо нэг сая 200 мянган хүн амтай болоод дэлхийн жишгээр манай Улаанбаатар хот мегаполиус хот болсон. XXI зуунд хүн амын төвлөрөл асар хүчтэй явж байна. Дэлхийн томоохон хотууд дээр дэлхийн хүн ам төвлөрөх хандлага бий болж байна.

Тиймээс хүн амын төвлөрлийг дагаад байгаль экологит сөрөг үр дагавар үүсгэж байгаа юм. Тиймээс дэлхийн хотуудын удирдлагууд өндөр байшин хөгжүүлэх тухай биш, экологийг л их ярьдаг. Үүнийг дагаад машин тэрэгний тоо их болж байна. Дөрвөн хүний суудалтай машин дотор нэг хүн суугаад давхиад байх жишээтэй. Нэг ч хүн бай, дөрвөн хүн ч бай машинаас яндангаар гардаг утаа ижилхэн.

Зарцуулдаг бензин ч адилхан. Энэ нь экологит нөлөөлж байна. Хот байгуулалт гэдэг барилга байгууламжийн бөөгнөрөл биш, бие даасан организм. Тийм учраас нийслэл хотыг жижигхэн дэлхий гэж ярьдаг юм. Энэ нь дэлхий дээр байдаг бүх зүйл нийслэл хотод байдаг гэдэг утгаар нь хэлж байгаа юм.

Дээр нь хүн амын төвлөрөл анхаарал татаж байгаа энэ үед газар нутгаа чөлөөтэй сонгож амьдрах тал дээр олон улсын хэмжээнд хотын даргаих анхаардаг юм билээ. Дөрвөн жилд нэг удаа дэлхийн хотын дарга нарын бага хурал гэж болдог юм. Миний бие Япон, Хятадын Сичваан, Тайваньд болсон гурван удаагийн хуралд оролцож байлаа.

Тэр хурал дээр хэт нэг газраа бөөгнөрөхгүй, нийслэл хотын иргэд чөлөөтэй амьдрах ёстой гэж их ярьдаг юм билээ.Тэгээд ч тэр үед хот цомхон, жишээ нь нэг гудамжны эхэнд зогсоход нөгөө гудамжны төгсгөл чөлөөтэй харагддаг, бас Богд уул маань хаанаас ч харагддаг байлаа.Ийм цэгцтэй цэвэрхэн хот байлаа. Зарим нь Азийн цагаан дагина ч гэж ярьдаг. Үнэхээр ч тийм байсан.

-Хотын хөгжил иргэдээсээ их хамаардаг. Таны үед иргэдийн соёл хүмүүжил ямар хэмжээнд байв?

-Бидний үедиргэд соёлтой хүмүүжилтэй байсан. Жишээ нь хотын иргэн зүлгэн дээгүүр явдаггүй, ил задгай газар бие засахгүй, хэрэв зүлгэн дээгүүр явбал гурваас таван төгрөгөөр торгуулдаг байлаа.Бүр нийтийн тээврийн автобусанд дугаарлаж суудаг байсан.Үүнийг одоогийн залуучууд сонсоод үнэмшихгүй байх.

Нийтийн тээврийн автобусанд суухын тулд хэний ч шаардлагагүйгээр дугаарладаг байсан.Энэ бол том соёл. Харин одоо энэ байдал алдагдсан.Өнөөдөр залуучууд, машин унасан хүмүүс хотын гудамжинд дуртай газраа бие засч байна.Үүнийг хараад их эмзэглэдэг. Мөн хотын тохижилт, бүтээн байгуулалтад иргэд өөрсдөө гар бие оролцдог байсан.Хагас сайн өдөр болгон яам тамгын газрын ажилчин албан хаагчид субботник хийдэг байсан.

Субботникийн дарга яамны орлогч сайд байсан гээд бод доо. Би тэр үед Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт орон сууц тохижилт хариуцсан инженер байлаа.Тиймээс хотын доторхи тохижилтыг манай байгууллага хариуцдаг байсан юм. Хагас сайн өдрийн субботникийнхоо мэдээг хоёр өдрийн доторбидэнд өгдөг тийм хариуцлагатай дэг журамтай байлаа шүү дээ. Хотын иргэд төлөвшихгүйгээр хот хөгжихгүй. Хотод сайн сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхгүйгээр хүн төлөвшихгүй. Сүүлийн 20 жил хотын иргэнийг төлөвшүүлэх тал дээр аль аль тал нь муу байгаа.

Иргэдч үүргээ муу биелүүлж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс та нийслэлийниргэн байвал хотын бүтээн байгуулалтанд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг үүрэг хариуцлага байхгүй байна. Сүүлийн 23 жил Улаанбаатар хот төлөвлөгөө гаргаад байгаа хэрнээ төлөвлөгөөгөөрөө хөгжихгүй байна.Хот байгуулалтын зорилго, төлөвлөгөөгүй хот хөгжинө гэдэг харамсалтай.Ингэж хөгждөг хот байхгүй. Шулуухан хэлэхэд сүүлийн 20 гаруй жил манай хот иргэдийн сайн дурын үзэл бодол дээр хөгжсөн.Үр дагавар нь ингэж харагдаж байгаа юм.Үүнийг хэлэхээс өөр аргагүй.

-Тэгвэл таныхаар хот байгуулалтыг ямар үндэслэлээр хийх нь зүйтэй гэж үздэг вэ?

-Хот байгуулалтад шинжлэх ухааны үндэслэлтэй хан­дах ёстой юм. Хот бай­гуулалтын бодлого гэдэг бие даасан шинжлэх ухаан юм.Хотын эдийн засгийг яаж хөгжүүлэх юм, түүнээс хэн нэгэн хүн дураараа үйлдвэр барьчихдаг зүйл биш. Хаана ямар үйлдвэрхөгжүүлэх юм, хот үйлчлэх үүргээ яаж биелүүлэх юм, хот хөгжүүлэх бодлогоо яаж тодорхойлох юм, эдийн засгийн ямар бодлого байх юм, бодлогыг ямар бүсэд барих юм гээд олон асуудал байна. Сүүлийн үед хот байгуулалтын цоо шинэ зарчим гарч ирж байгаа.

Үүнийг манай хүмүүс төдийлөн сайн ойлгож хот байгуулалтын бодлого дээр хэрэгжүүлэхгүй байна. Хотыг том жижиг ч бай хотын хэмжээндбиш мужийн хэмжээнд асуудлыг авч үздэг болсон. Хотын ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн төлөвлөгөөнийүндсэнд асуудлаа ярих ёстой. Түүнээс хэн нэгэн дураараа байшин бариад барьж болохгүй. Ингэж иргэдийн гарч байгаа хөдөлгөөнийг хот байгуулалтын төлөвлөгөнд оруулж хотыг хөгжүүлэх ёстой.Харин сүүлийн үед хот байгуулалтын бодлого дээр хотын өнөөгийн удирдлага шинжлэх ухааны онолын үндэслэлтэй зүйл ярьдаг болсон.

Энэ бол сайшаалтай зүйл. Үүнийг үндсэндээ сүүлийн 20 жил яриагүй. Харин одоо суурьшлын бүс бий болгоё, дагуул хот бий болгоё, троллейбустай болъё гээд энэ бүхнийг хотын хөгжлийн явцад хот байгуулалтын бодлогоор гарч ирдэг зүйл. Түүнээс хэн дуртай хүн хүсээд хийдэг ажил биш.Зам тээврийн бөглөрлийг шийдэхийн тулд зарим онцгой бүсүүдийг төлбөртэй үйлчилгээнд шилжүүлэх ёстой.Мөн машины зогсоол олноор байгуулах хэрэгтэй.

Хэдий чинээ өндөр байшин барина, түүнийг дагаад машины урсгал явна.Үүнийг хот байгуулалтын онол нормативаар шийдэх ёстой.Гэтэл энэ асуудал орхигдоод байгаа. Гаднаа машины зогсоолгүй 20 давхар байшин барьчихаж байна. Үүнээс болоод түгжрэл үүсч байна.Нөгөө талаар заавал метро гэхгүй, метроны үүргийг гүйцэтгэдэг өөрийн хөрөнгө багатай, түргэн галт тэрэг явуулах хэрэгтэй.Шилжих хөдөлгөөнд ямар ч хязаар тавиагүйгээс болоод ийм замбараагүй болчихож байгаа юм. Бидний үед үнэхээр эмх цэгцтэй хот байсан.

-Та дөнгөж Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үеийн хотын орлогч дарга. Тиймээс ард иргэдэд эрсдэл багатайгаар шийдэх асуудал нэлээд тулгарч байсан байх даа?

-Тийм ээ.Миний хувьд дөнгөж зах зээлд шилжиж байгаа үед хотын орлогч даргын ажлыг хүлээж авсан. Тэр үед хотод үйлдвэр аж ахуйн чанартай аж ахуйнууд тарсан, хувийн хэвшил рүү шилжсэн тэр нь бэхжиж чадаагүй, төрийн өмч нь хувийн өмч рүү шилжсэн шилжилтийн үе байсан. Тухайн үед хотын 300 гаруй мянган хүн нийтийн тээврээр зорчдог, хувийн тэрэг байхгүй, такси хөгжөөгүй байлаа. Тийм учраас нийтийн тээвэр дээр онцгой анхаарч Японы Засгийн газрын тусламжаар хөх цэнхэр автобус оруулж ирж байлаа.Энэ нь үүргээ хэд дахин биелүүлсэн.Хотынөндөр настангуудыг үнэ төлбөргүй зорчуулдаг болгосон.

Дэлгүүрийн лангуун дээр хүнс бараа туйлын ховор, давс гоймонгоос өөр зүйл байхгүй, мах архийг картаар авдаг байсан.Үүнийг шийдвэрлэж аль болох иргэдийг зах зээлд ширвэлт багатай шилжүүлэхийг хичээсэн. Зах зээлд шилжихэд нийт иргэд 700 сая төгрөгийн хадгаламжтай байсан. Бас хүнс барааны дэлгүүрүүд хувьчлагдчихсан, хүн амын өргөн хэрэглээний бараа хорогдолтой, тиймээс хорогдолтой бараа зарахыг хүсдэггүй байлаа.

Тэгээд би хүнсний дэлгүүр хувьчилж авсан хүмүүсийг хорогдолтой ч байсан талх ,мах ,гурилаа зар гэдэг шийдвэр гаргаж байсан. Дээр нь найман нэрийн бараа зар, тэгэхгүй бол хүнсний дэлгүүр гэж үзэхгүй гэсэн шаардлага тавьсан.Гэтэл энэ байдал өнөөдөр өөрчлөгдөөгүй л байна шүү дээ.

Одоо хамгийн гол нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс зарах ёстой.Уул нь нийслэлийн иргэд бөөний сүлжээний дэлгүүрээс бараагаа авах ёстой. Харин жижиглэнгийн үнээр жуулчид, хотод ирж байгаа түр оршин суугч хүмүүс бараагаа авдаг.Гэх мэт шат дараалсан тогтлолцоо руу шилжих нь удаашралтай байна.Мөн хот дүүргийн бүтэц зах зээлийн харилцааг дагаад өөрчлөгдөх хэрэгтэй.Гэтэл одоо бүх зүйлийг төр зохицуул гэсэн бодлоор хандаж байна.

-Өнөөдөр хотын төвлөр­лийг бууруулна гэж ярьж байгаа. Энэ хэр оновчтой зүйл вэ?

-Өнөөдөр бүх зүйл хотдоо төвлөрчихсөн учраас хотын төв рүүгээ ирж үйлчилгээ авч байна.Тийм учраас хотын төв шиг төвүүд бий болгоно гэж яриад байгаа нь маш зөв асуудал.Энэ бол жинхэнэ хот байгуулалтын бодлогоор хэрэгжүүлэх гэж байгаа ажил.Өмнө нь жишээлбэл бидний үед хотын ерөнхий төлөвлөгөө яс хэрэгждэг байлаа.

21-р хорооллыг хэсэгчлээд барьсан. Яг л хэрэгжсэн.Тийм учраас гэр хорооллыг бодлогоор цэгцлэхэд цоо шинэ эрх зүйн үндэс шаардаж байгаа юм.Энэ утгаар хотын удирдлагын яриад байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлийг хотын иргэд хэрэгжүүлэх хэрэгтэй.Бүтээж бий болгосон зүйлээ эвдэж сүйтгээд байдаг газар монголоос өөр байхгүй.

Тэгээд байвал яаж улс орон хөгжих юм.Нөгөө талаас шилжин ирэгсдээс татвар авах хэрэгтэй.Яагаад гэвэл төсвийн жилийн эхэнд сум орон нутаг хүн амынхаа тоогоор төсвөө авчихдаг.Тэгээд жилийн дундуур хүн нь шилжиж ирээд төсөв нь аймагтаа үлддэг.Ингэж сумынхаа иргэдийг Улаанбаатар руу явуулчихаад сумын хөгжлийн талаар ярих нь ч утгагүй. Сумын иргэдийн өдөр тутмын амьдралыг хангах ажил хийхгүйгээс болоод сумын хүмүүс хот руу шилжиж ирж байна.

-Танд хэрэгжүүлж амжаа­гүй одоогийн хотын дарга нар санаа аваад хийчихмээр ямар ажлууд байна вэ?

-Байхаар барахав дээ. Энэ бүхэнд санаа зовжявдаг юм. Дээр хэлсэнчлэн шилжин ирэгсдээс татвар авах хэрэгтэй.Иргэнээс нь авдаггүй юм бол хүнээ явуулж байгаа сумаас нь авах хэрэгтэй.Түүнээс хотын татвар гэж ярьж болохгүй. 50 гаруй жил хотод амьдарчихаад хотод татвар төлнө гэдэг утгагүй. Иргэд өнөөдөр олон татвар төлж байна.Тэдний авч байгаа цалин нь хэд билээ.Шилжих хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй.Монгол Улсын нийслэл хотыг эсгий гэрээр дүүргэж болохгүй. Ингэж хэлж байгааг гэр хорооллын иргэд эсэргүүцэж магадгүй. Үүнд ард иргэдийн эрх ашиг хохироод байна.

Тэд халуун усанд орж, халуун паар, цахилгаан шаттай байранд амьдрах хэрэгтэй.Эсгий гэрт гадаа жорлон ухаж хөрс бохирдуулаад, түлээ нүүрс түлж агаар бохирдуулаад байна.Монгол Улсын нийслэл хот дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцэж хөгжих ёстой. Бас буруу талдаа рультэй машиныг Улаанбаатарт оруулж ирэхийг хязгаарламаар байна.Гэхдээ одоогийн явж байгаа машинуудыг боль гэж байгаа юм биш.Тэд хуучирч, муудна. Харин нэмж оруулж ирэхийг болих хэрэгтэй. Бас хуучин машинууд байна.Бас хотын суурин амьдралтай холбоогүй үйлдвэрүүдийг хотоос гаргах нь зүйтэй.

-Таны үед мэдээж утаа өнөөдрийнх шиг хэмжээнд хүрээгүй байсан байх. Тухайн үед энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг байв?

-Утаагүй байна гэж юу байх вэ. Гэхдээ өнөөдрийнх шиг хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөр байгаагүй. Харин одоогийн авч байгаа арга хэмжээг хөрөнгө мөнгө үрсэн ажил болоод байгаа юм уу гэж боддог юм. Дулааны инженер хүний хувьд утааг багасгахын тулд түлшний хэлбэрийг өөрчилнө үү гэхээс зуух өөрчлөөд үр дүн гарахгүй. Миний үед Английн Лидс хотынтуршлагаар зуух өөрчилнө гэж нэг хэсэг явсан. Гэвч би түүнийг огт дэмжээгүй. Түүнийг гэр хороололд хэрэгжүүлэх боломжгүй. Гэр хороололд нүүрснээс өөр түлш түлэхээр дулаанаа хадгалах чадвар байхгүй. Тийм учраас нүүрсийг орлох ямар түлшний төрөл байж болохов, хийн түлш буюу бусад орны аргаас нэвтрүүлэх үү гэдэг нэг номерын асуудал. Иймд гэр хорооллыг барилгажуулахаас өөр үр дүнтэй боломжтой арга байхгүй. Энэ бодлогод хот байгуулалтын бодлого хүчтэйгээр орж ирэх ёстой.

Д.Нэргүй

Албан ёсны тусгай зөвгөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ