Ам нээх ч эрхгүй “”Өгөөмөр“-ийнхөн

“Хүчит шонхор”, “Нарантуул”, “Гранд плаза”, “Хархорин” гэх мэт худалдааны төвүүдэд түрээс төлж, лангуу түрээсэлж аж амьдралаа авч явдаг түрээслэгчид байн байн хэцүү байна, түрээс өндөр байна, дарамттай байна, амьдрах хэцүү байна гэж гомдол гаргаж л байдаг. Үүнд нь хариулт болгож зарим нэг улсын их хурлын гишүүд хааяа нэг эргэж тойрч, санал сэтгэгдлийг нь сонсдог гэсэн.  Яг үнэнийг хэлэхэд хийж байгаа, авч байгаа арга хэмжээ, шийдвэрлэж байгаа зүйл нэгээхэн ч алга. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай томилогдож Нарантуул руу ороход авдаг байсан 50 төгрөгийг болиулсаныг эс тооцвол. Өө нээрээ энэ 50 төгрөг түрээслэгчидтэй хамаагүй асуудал л даа. Гэхдээ яахав сураг сонсохнээ О.Магнай түрээслэгчдийн тухай хууль санаачлах гэж байгаа гэх юм билээ. Хэзээг бүү мэд. Сая он гарахаас өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, энэ салбарт зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай хэмээн үзэж Түрээсийн тухай хууль батлах санаачилга гарган, түрээслэгчдийн холбоо байгуулсан гэсэн. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд эмэгтэй гишүүд ил, задгай худалдаа, наймаа эрхэлдэг “Хархорин” захын түрээслэгчидтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцан санал, гомдлыг нь сонссон. Яг үнэндээ нэг өдөр санал гомдол сонсоод яах юм бэ. Түрээслэгчдийн амьдрал ахуй, ажиллаж байгаа нөхцөл байдал, түрээсийн нөхцөл нь сайжрах юм уу. Үгүй л байхгүй юу. Уг нь санал бодол сонсож явснаас маш хурдан хугацаанд түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль санаачлаад УИХ-д өргөн баривал хэтдээ нэг юм хэлэлцээд батлах үгүйгээ шийдэх байлгүй дээ гэж бодно. Эрхбиш Монголын ард түмний бараг тэн хагасын амьдралын шийдэх энэ хуулийг нааштайгаар шийдэх байлгүй. Түрээслэгчдийн эзэн компаниуд үнэхээр даварлаа. Жишээ дурдахаар би “Өгөөмөр” техникийн захыг зорисон юм. Яагаад гэхээр энэ захын түрээслэгчид хамгийн даруухан гэх юм уу эсвэл дарамтанд байдаг болохоороо ч тэр юм уу өөрсдийн эрх ашгийн төлөө дуугардаггүй хэсэг бүлэг хүмүүс. Түрээс нь жил жилээр л өсч байдаг, тэгсэн хэрнээ дэээшилж, дэвшиж, орчин нөхцөл нь сайжирч байгаа юм хүний урманд нэг ч алга. Би яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр манай аав тэр зах дээр наймаа эрхлээд 8 жил болж байна. Би ч оюутан байхдаа зун, өвлийн амралтаараа аавтайгаа хамт зогсдог байлаа. Хүн ер нь оюутан байхдаа юу эсийг хийж үзэхэв дээ. Тэгж гадаа гандаж хөдөө хөхөрч зун нь халж, өвөл нь тэсэхүйеэ бэрх даарч зогсохдоо би аавынхаа, өгөөмрийн түрээлэгчдийн зовлонг мэдэрч билээ. Дээрээс нь эмэгтэй хүн шүү дээ би. Зөвхөн амралтаараа зогсоод ханиад томуу хүрэх энүүхэнд байсан. Гэтэл хэдэн  жил, улирал хамаарахгүй зогсож байгаа эмэгтэй хүмүүс, ер нь эмэгтэй ч гэлтгүй эрчүүд доороосоо даарч, жинхэнэ өвчний үүр болж байгаа шүү дээ. Энэ бол тэдэнд тулгамдаж байгаа наад захын асуудал. Тэдний эрүүл мэндийг харж хамгаалж, хяналт тавьж байгаа эмнэлэгийн хэсэг байгтугай эмч ч алга тэнд. За тэгээд машины сэлбэг зардаг газар болохоор хар тосоор дүүрэн. Хавар болоод цас хайлснаар өнөөх тостой холилдоод бөөн шавхай шалбааг. Өнөө уран гулгалтын улиралаас уртын хариалтын улирал руу шилжиж байгаа нь л энэ л дээ. Машиндаа сэлбэг авч тавихаар яваа хүмүүс дор дороо үсэрч хуурай газар хайсан хүмүүс. Тэр захаас гарахад хувцас гэж авах юмгүй болно. За тэгээд авсан сэлбэгээ өөрсдөө тавьж чадахгүй, машины тухай А ч үгүй хүмүүс нь засварчинаар хийлгэх гэхээр хаанаас нь яриад байгаа юм бүү мэд цагаан хоолойгоор “Засвар хийсэн байвал 30 мянгаар торгоно” хэмээн зарлах юм аа. Уг нь бол тийм олон түрээслэгчидтэй техникийн зах юм бол засварын нэгдсэн газартай байх хэрэгтэй шүү дээ. Байдаггүй юм аа гэхэд тэр хэдхэн засварчныг хөөж тууж гадуурхаад яахнав дээ. Бас л амьдрах гэж ядаж байна. Машинаа засч чадахгүй хэн нэгэнд тус болоод байж байвал хэн хэндээ аштай юу даа. Хэдэн гуанз байх юм аа. Сургаар бол “Өгөөмөр”-ийн эздийн, захиргааныхны мэдлийнх гэсэн. Эд нар авч идэхгүй яах юм бэ гэсэн шиг үнэ нь тэнгэрт хадчихсан. Хөлдөж хөлөө дулаацгах газар хайж бараадсан хүмүүс яг үнэндээ тэр хэдэн гуанзанд л орж дулаацаж байна. Ер нь яагаад нэгдсэн нэг дулаацах газар нээж болохгүй гэж Бараг 700-аад түрээслэгчдээс авч байгаа мөнгөөрөө яг юу хийгээд байдаг юм бэ? Тэндэхийн түрээслэгчдийн хэлж буйгаар энэ 700-аад чингэлэгийг дугаарласан байдаг гэнэ. Гэтэл дугаар бүр давхардсан, өөрөөр хэлбэл барууны нэгдүгээр чингэлэг, зүүний нэгдүгээр чингэлэг гэж байгаа гэсэн. Тэгэхээр цаашаа татвар төлөхдөө 350 чингэлэгтэй гэж төлж байхыг үгүйсгэхгүй. Үлдсэн 350-иад чингэлэгний түрээсийн мөнгө хаашаа орж байгааг би мэдэхгүй, хардах эрх нь харин сэтгүүлч надад байгаа гэсэн утгаараа би ингэж бичлээ. Энэ асуудлыг шалгах байгууллагууд нь шалгаасай.

Чингэлэгний тонноосоо, зарж байгаа бараанаасаа шалтгаалаад “Өгөөмөр”-ийн түрээслэгчид 135-230 мянган төгрөг сард төлж байна. Гэхдээ энэ чингэлэгнүүд нь өгөөмрийнх биш бүгд хувь худалдаачдын өмч гэж бодохоор энэ авч байгаа түрээс нь тосонд хутгалдсан “сөөм” газрын түрээс юм байна. Хэтэрхий өндөр биш гэж үү. Ядаж чингэлэг нь “Өгөөмөр”-ийнх байгаад түрээслэж байгаа бол өөр хэрэг. Бас нэг асуудал нь ОО-н асуудал. Тээр урд буланд нь эрэгтэй эмэгтэй ноль байна. Төлбөр нь 200 төгрөг. Түрээслэгчид нь ч бас мөнгө төлж ордог. Халуун зунаар ус ундаа уусан хүн бол өдөрт дор хаяж 5 удаа бие засна гэхээр 1000 төгрөг. Сард 30 мянга. Энэ чинь бас л түрээс гэсэн үг биз дээ. За энэ яахав. Гэтэл өгөөмрийн нолиос бүр хол нөгөө буланд нь байгаа хүмүүс нь чингэлэгнийхээ булан руу бие зассаар байж халуун дулааны улиралд тэсч суумгүй муухай үнэр үнэртэнэ. Яагаад ингээд өөрсдийнхөө орчин нөхцлийг бохирдуулаад байгааг нь асуухад “Бараагаа орхиод хаа байсан тэр хол явж бие засах хооронд нь “урт гарнууд” ирээд барааг минь цөлмөөд байна шүү дээ” гэсэн юм. Нээрээ л тэр ил задгай тавьсан машины сэлбэгийг сайн харж л байхгүй бол эзнээ амархан олдог гэсэн. Тэнд дахиад нэг бие засах газар шийдээд өгчихөд болохгүй зүйл баймааргүй л юм. Ядаж энэ чинь эрүүл ахуйн үүднээс хэрэгтэй юм даа. Тэр захиргааныхан ч гэсэн тэр шээстэй агаараар амьсгалж байгаа даа. Тэгээд бас болоогүй “Баянзүрхийн татварын албанаас явж байна” гээд сар бүр түрээслэгчдээс 10 мянган төгрөг хураадаг. Түрээсээ төлж байгаа хүмүүс бас дахиад татварын албанд татвар өгөх хэрэгтэй юу. Тэртэй тэргүй авч байгаа түрээснээс нь “Өгөөмөр”-ийн удирдлага татварын албанд  өгч байгаа шүү дээ. За яахав зарим хэл амтай хүмүүс нь өгөхгүй энэ тэр гэж хэлж үзсэн гэсэн. Гэтэл өгөхгүй байгаа хүмүүсийг нь “Өгөөмөр”-ийн захиргаанаас элдэв янзаар дарамталдаг гэх. Солонгосоос сэлбэг оруулж ирдэг, ажилчин гаргадаг гэх мэт ер нь л захиргаанаасаа “Энд наймаа эрхэлдэг нь үнэн болно” гэх тодорхойлолт авах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ 10 мянган төгрөгийг өгөөгүй гээд тодорхойлолт бичиж өгдөггүй гэнэ. Ганц тодорхойлолтоос болж амьдрал нь шийдэгдэхэд тулсан хүмүүс аргагүйн эрхэнд тэр мөнгийг нь өгдөг бололтой юм билээ. Тэд худалдан авагчдын машинаас 500 төгрөг авдаг байснаа саяхнаас түрээслэгчдийн машинаас бас 500 төгрөгийн татвар авна хэмээх яриа гарсан гэх. Гэвч түрээслэгчид тэснэ гэж яаж тэсэхэв. Арай ч энэ шийдвэрийг нь үг дуугүй дагаагүй бололтой. Дахиад энэ талаар яриа гараагүй нам жим байна гэсэн юм. Хүнд чинь бас ичих нүүр гэж байдаг. Арай ч ингэхгүй байх гэж найдъя. Энэ мэтчилэн тэндэхийн түрээслэгчдэд маш олон асуудал тулгамдсаар байна. Бүгдийг нь бичих гэхээр мөд дуусахгүй байх. Хамгийн гол нь тэд захиргааныхан гэх сүржин нэртэй улсуудаас айж амьдардаг нь мэдэгдэж байсан. Учир нь яриа өгөх, өөрсдөдөө тулгамдаа байгаа асуудлаа ил цагаанаар, нэр усаа хэлээд, зургаа авахуулаад ярих хүн олдохгүй байлаа. Хэрвээ тэгэх юм бол тэр хүнийг араандаа зуугаад тодорхойлолт өгөх байтугай “Чингэлэгээ аваад эндээс яваарай” гэж сүрдүүлэг гэсэн шүү. Байж боломгүй хэрэг. Би тэр захиргааны том даргатай нь уулзах гээд ортол байхгүй байлаа. Эсвэл сэтгүүлч явж байгаа сургаар нуугдсан ч байж мэдэх. Мэдээж уулзлаа гэхэд өөрийгөө өмөөрөх нь дамжиггүй. Би энэ сурвалжлагаараа нэг л зүйлийг хэлэхийг хүссэн. Юу вэ гэхээр шийдвэр гаргах түвшний дарга нарын л шийдэх асуудал болчихжээ. Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах цаг аль хэдийн болсон. Сэтгүүлч бид яахав энд юу болж, юу болохгүй байгаад олон нийтэд ил болгож, шийдвэр гаргагчдийн сонорт хүргэх зорилготой улс. Энэ нь ч “Та нар энд ирж зураг аваад, нийтэл бичлээ гээд шийдэгдэх асуудал биш дээ” гэх түрээслэгдийн итгэл найдваргүй ярианаас тод харагдана. Би ч нэгийг бодлоо. Нийгэмд дөрөв дэхь засаглалын үүрэг гүйцэтгэгч гэж цоллуулдаг бидний дуу хоолой ч ард түмэнд, төрийн өндөрлөгүүдэд үнэ цэнэгүй болж дээ гэж...

Б.Бурмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ