Ц.Нямдорж: Монголд мөнгө угаах, залилан хийх ажлыг Монголбанкаар дамжуулан хийдэг байсан


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Алтан Дорнод Монгол"-ын захирал асан С.В.Паушокийн“Etv” телевизэд онлайнаар өгсөн ярилцлагадаа өөрийг нь гүтгэсэн гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэрээр "МАН-ын 27 дугаар их хуралтай зэрэгцээд зохионбайгуулалттай, захиалгаар хийсэн ярилцлага” хэмээн үзэж байгаа аж. Ц.Нямдорж "С.В.Паушок гэгч нь 1997-1998 оны үед Монголд орж ирээд алтны олборлолтын бизнес эрхэлсэн. Ерөнхийдөө Монголын хуулинд захирагддаггүй. Монголын газар, нутгийг өөрийн хувийн өмч мэтээр тооцчихсон. Татвараа төлдөггүй байсан. 1990-ээд он бол Оросын дотоод амьдралд туйлын эгзэгтэй хүнд үе байсан. Заамар гэх мэт нийт дүнгээрээ 40 шахам ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авч, үйл ажиллагаа явуулж, тэр газарт нь Монголын төр хууль, хяналтыг оруулдаггүй, Монголын зарим улс төрчдөөр бамбай хийж, тэдний нөмөр нөөлөгт дураараа дургиж байсан явдал байдаг. 2006 онд намайг УИХ-ын дарга байх үед 68 хувийн татварын хууль гарсан. Энэ хуулийн дагуу татвар төлөхөөс зайлсхийж, тэр ажиллагааг нь тухайн үеийн Монголбанкны дарга байсан О.Чулуунбат өөгшүүлж, 1.5 тонн алтыг Монголбанкинд хадгалалт нэрийдлээр байлгаж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэлээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-С.В.Паушокийн ярилцлагыг зохион байгуулалттай, гүтгэлэг хэмээн үзэж байна гэлээ. Ямар үндэслэлээр гүтгэлэг хэмээн үзэх болов?
-С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил бид дөрвийг энэ ярилцлагад дурдсан байсан. Энэ маргаан С.Баярын Засгийн газраас эхлээд Сү.Батболдын Засгийн газрын үед дууссан учраас тэгж ярьсан байх. Намайг тэдний гар хөл, тэр байтугай аллага зохион байгуулсан гэж дурдсан байсан. Машинаа барьж яваад нас барсан хүний үхэлд буруутгасанбайгаа юм. Тэр чинь ажлаа хийж яваад л зүрхний шигдээсээр машиндаа өнгөрсөн байсан.
-МАН-ын их хурлын үеэр зориуд ийм ярилцлага гаргасан хүн хэн байх магадлалтай вэ?
-Монголбанкны Ерөнхийлөгч байсан одоо Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат байх магадлалтай. О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байхдаа Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компанийн 1.5 тонн алтыг хадгалж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. Үүнээс болж С.В.Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрийн шүүхэд хандсан. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэж таслан зогсоосон.
-С.В.Паушок Монголд шалгагдаж байхдаа оргон зайлсан. Түүнийг хилээр гаргахад манай хууль хяналт, хил гаалийнхан тусалсан гэх зүйл яригддаг?
-Намайг 2008 онд Хууль зүйн сайдаар ирэхэд С.В.Паушок хилээр гарчихсан байсан. Хууль хяналтынхан оролцсон эсэх нь баримтаар нотлогдоогүй. Ер нь Монгол Улсын хил хамгаалахад амаргүй. Хоёр хөрштэй 10 мянга гаруй км газраар хиллэсэн. Газар нутгаа сайн мэддэг нутгийн хүнтэй танилцахад л хилээр гарчих боломжтой гэдэг ойлголтыг надад өгсөн.
-С.В.Паушокоос өөр татвараас зайлхийсэн ийм төрлийн хэргүүд хэр олон байна вэ?
-1990-ээд онд нийгэм задарч Монголд эмх замбараагүй байдал бий болох үед Канадын нэг луйварчин орж ирж бужигнуулж байсан юм. Дараа нь Жаргалхаан гэдэг нөхөр орж ирээд бас л баахан бужигнуулсан. Харин 1990-ээд оны сүүлээр С.В.Паушок орж ирээд, өөрийн вант улсаа байгуулах оролдлого хийсэн ч бүтээгүй. Тиймээс цаашдаа эмх замбараагүй байдал дахин бий болгох, Монголын төрийг самрах үйл ажиллагаа хийж байгаа юм. Намайг хуулийн сайдаар ажиллах үед олон, олон луйврыг таслан зогсоох ажиллагаа хийгдсэн. Японы "Марбон" пүүсээс авсан 18 сая ам.долларын маргаан Олон улсын Арбитр дээр дэгдсэн. Тэр маргааныг хоёр сая ам.доллар төлж байж Монголын талд ашигтайгаар шийдвэрлүүлсэн. Дараа нь "Гандирс" хороолол барих нэрийдлээр Чальмос гэх америк хүн 250 сая долларын өрийн бичиг Монголбанкнаас гаргаж Монголын хөрөнгийг зальдах арга зохиосон. Тэрээр Индонезид түрээсийн байранд амьдардаг. Харвардын хуурамч дипломтой болох нь илэрсэн зэрэг олон хэрэг байгаа.
-Тэгээд 250 сая ам.долларын өрийн бичгийн хэрэг юу болсон бэ?
-2005 онд УИХ-ын дарга болчихоод Монголбанкны даргыг солих ажлыг хийсэн. Сольсны орой дээрх 250 саяын залилангийг асуудал үүсч гарсан. Тэр даруй өрийн бичгийг хүчингүй болгуулах арга хэмжээ авсан. Нийт дүнгээрээ 230 сая ам.долларын өрийн бичгийг хүчингүй болгоод, 30 сая ам.долларын өрийн бичгийг яаж ч чадаагүй алдсан. Одоо Женевийн шүүхэд маргаан гараад энэ 30 сая долларыг Монгол төлөх ёстой гэдэг анхан шатны шүүхийн шийдвэр гараад байна.
-Нийтдээ хичнээн төгрөгийн татвараас зайлсхийсэн бэ. Энэ бүх хэрэгт Монголбанк холбоотой юу?
-Нийт дүнгээрээ 170 тэрбум төгрөгийн татвар төлөлгүй гараад явчихсан. Өөрөөр хэлбэл Монголд мөнгө угаах, залилан хийх ажлыг Монголбанкаар дамжуулж хийдэг ажиллагаа олон жил болсон. 2001 оны үед Оросын дампуурч байсан "Транс" банкинд Монголбанкнаас 10 сая ам.оллар шилжүүлсэн. Мөнгийг авуут Оросын компани дампуурч, энэ мөнгө одоо хүртэл олдохгүй байгаа. Ийм залилангийн хэрэгтэй тэмцэл хийж явсан болохоор өс хонзон санаж ийм зүйл хийж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ