Гуравхан өвгөн зургаан залууг зодчихсон болж таараад байна

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын задгай гэх газарт өнгөрсөн есдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө үл таних залууст нэвширтлээ зодуулсан иргэн Н.Нацагаас гомдол ирсэн юм. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нар зодсон залуусын талд орж хохирогчдыг илт дарамтлах болсон гэнэ. Энэ талаар ярилцлаа.

-Ямар учраас таныг үл таних залуус зодох болов. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манай ах өнгөрсөн есдүгээр сарын 4-нд шинээр газар авч хашааныхаа банзыг буулгасан юм. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас зөвшөөрөл авч тэнд хашаа хатгаж газрын гэрчилгээ авч болно гэсэн бичиг хийж өгсөн юм. Үүний дагуу манай ах шинээр хашаа хатгаж суурших гээд "Хангай" модны захаас банз худалдаж аваад буулгасан юм. Манай ах О.Баасан 1956 онд төрсөн хүн. Харин нөгөө ах маань О.Мягмар 1951 оных. Би 1963 онд төрсөн. Бүгд л 55-65 насны хүмүүс. Шинээр авч байгаа газраа банзаа буулгачихаад майхан барьж хоносон юм. Хулгайч шөнө ирээд хашааны банз аваад явчихаж магад гэж ярилцаад өглөө эрт хашаагаа босгохоор болж хамт хоносон. Цай, хоол идэж уучихаад майхандаа унтацгаасан юм. Шөнийн 00:20 цагийн орчимд мотоцикльтой хүн майхны гадаа хүрээд ирэхээр нь сэрсэн. Хоёр хүн хоорондоо ярилцаж байснаа "Майханд байгаа хүмүүс гараад ир" гэж зандарсан дуугаар дуудсан. Бид гурав ч хэн бэ гэж хэлээд бостол майхан дотор нэг хүн орж ирээд шууд миний цээж рүү өшиглөж гарсан. Бүр чирч гаргаж, ирээд газар унагаж байгаад өшиглөж, дэвсэж эхэлсэн. Юу болоод байгааг мэдэх ч сэхээ өгөхгүй зодоод эхэлсэн. Тэгж байснаа энэ энгэр миний эдлэн газар "Чамайг би хашааны чинь үүдэнд амьдаар нь цовдолж, шатаана. Надад бол хууль үйлчлэхгүй" гээд мөн л зодоод эхэлсэн. Тэгж байснаа яваад өгсөн. Нас хэвийж яваа гурван хөгшин 35-45 насны бололтой хоёр залууг яаж ч чадахгүй юм билээ. Ингээд тэр шөнө түргэн дуудаад эмч ирж үзээд маргааш нарийн шинжилгээ өгөхгүй бол толгой чинь гэмтэлтэй болсон байх шиг байна гэж хэлээд яваад өгсөн. Цагдаа дуудсан юм. Хорооны цагдаа ирээд маргааш зодсон залуусыг чинь олно гэж хэлээд өргөдөл бичүүлж аваад явсан. Миний хоёр нүд булуу болтлоо хавдчихсан, хамар чихэгдчихсэн байсан. Түргэн тусламжийн эмч ирэх үед айж сандарсан байсан болохоор юу өвдөж байгаагаа сайн хэлж чадаагүй. Хорооны цагдаа маргааш нь нөгөө залуусыг олчих байх гэж бодоод өдөржин эмнэлгээр явсан.

-Энд хашаа барьж болохгүй, бидний эзэмшлийнх энэ тэр гэж ч хэлэлгүй шууд зодож байгаа юм уу. Эсвэл та нар эсэргүүцэл үзүүлсэн юм уу?

-Бидэнтэй хүн ёсоор нэг ч үг, өгүүлбэр солиогүй. Шууд л зодож эхэлсэн. Нэг удаа зодоод зогсоогүй. Бид уг газарт бууж болохгүй юм байна гэж шийдсэн ч банзаа авч явж амжилгүй есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө дахиад хоносон юм. Тэгтэл 21:00-22:00 үед урд гупер нь салбарсан цагаан өнгийн япон тэрэгтэй залуус хашааны банзыг хуга дайраад ороод ирсэн. Машинаас буусан намхан биетэй бор царайтай залуу миний нүүрэнд шууд цохиод авсан. Нэг мэдсэн ухаан алдаад уначихсан байсан. Намайг ухаан алдаад унасан байхад гурван залуу дээрээс өшиглөж, дэвсэж байсан гэсэн. Миний хэвтэж байсан газраас арав гаруй метр газар үсдэж чирсэн байгаа юм. Тэгснээ хоорондоо энийг алчихъя гэж хүртэл ярьж байсан гэсэн.

Хоёр ахыг минь хүртэл хэвтэрт ортол зодсон. О.Баасан, О.Мягмар гээд миний хоёр ахыг лоом, жоотуугаар хүртэл зодсон байсан. Биднийг зургаан залуу зодсон юм. Тэр шөнөдөө Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Цагдаа нар ирж хэргийг бүртгээд зодсон залуусыг мөрдөх гээд явсан. Шинжилгээгээр цээжиндээ цус хуралт ихтэй, хоёр бөөр доргилттой, зүүн гар талын бөөр цус хуралт ихтэй, нурууны үе суналттай толгойдоо доргилт авсан байна гэх дүгнэлтийг гаргасан. Тархины нарийн бичлэг хийлгэ гэсэн боловч мөнгө байхгүйн улмаас чадаагүй. О.Баасан ахын зүүн талын хоёр хавирга хугарсан. Бөөр гэмтсэн. Толгой руу нь банзаар цохиноос болж оёдол тавиулсан. Тархи доргилттой, хойшоо суусан гэж эмчийн дүгнэлт хүртэл гарсан. Жоотуугаар өгзөг, гуя, хоёр тахим болон гуяны ард явж чадахгүй болтол нь цохисон байгаа юм. 60 настай бие нь өвддөг О.Мягмар ахыг мөн л хайр найргүй зодсон.

-Та нарыг зодсон залуусыг цагдаа нар барьсан биз дээ?

-Тэр шөнөдөө биднийг зодсон зургаан залууг барьсан юм билээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаа эрүү үүсгэн шалгаж байгаа гээд биднээр өргөдөл бичүүлж аваад явсан. Тэгээд таг чиг болчихсон юм. Бид ч хэрэг юу болж байгааг байнга асууж байсан юм. Тэгтэл аравдугаар сарын 24-нд буюу хэрэг гарснаас 48 хоногийн дараа хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч биднийг дуудсан. Биднээс мэдүүлэг авч байсан байцаагч харилцан зодоон болсон учир та гуравт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана гэж хэлсэн. Бүр яг одоо хорино гэж дарамтлаад ар гэрийн хүмүүсийг дуудуулсан. Тэр цагдаагийн хэлж буйгаар зургаан залууг гурван өвгөн хүнд гэмтэл автал зодсон юм гэсэн. Бид өмнөөс нь эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж байгаагүй гэдгээ хэлсэн боловч гарын үсэг зур гэсээр байгаад мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд бид нөгөө залуучуудыг зодсон болж таараад байна. Бүр эхнэр, хүүхдээ дуудан батлан даалтын маягтад гарын үсэг хүртэл зуруулсан.

-Хэргийг ямар цагдаа шалгаж байгаа вэ. Та нарыг зодсон залуус юу хийдэг юм бол?

-Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Батсайхан гэж хүн шалгаж байгаа юм. Биднийг зодсон залуус хэн болохыг одоо хүртэл мэдээгүй. Сайханжав, Энхсайхан гэсэн 28-32 насны хоёр залуугийн нэрийг мэдэж авсан. Тэд яг л араатан шиг авирлаж, өөрсдийгөө хамгаалж чадахгүй гурван өвгөнийг зодож байсан. Цаанаа их мөнгөтэй хүмүүс шиг байна лээ. Тийм болоод төрийн цагдааг хүртэл эрхшээлдээ авчихаад байна шүү дээ. Сүүлдээ гурван өвгөн зургаан залууг зодсон болж таараад байна. Мөнгө, төгрөг муутай биднийг хог шаар шиг үзэж байна. Үүнд их гомдолтой байна. Бид хууль, журмынх нь дагуу л газар авах гэсэн. Түүнээс биш хулгайгаар эсвэл хэн нэгнээс дээрэмдээгүй. Улсад насаараа ажилласан биднийг Монголын цагдаа өмөөрөхгүй, хөсөр хаяж байгаад гомдож байна.

Э.ХҮРЭЛБААТАР

logo

СЭТГЭГДЭЛ БИЧИХ