Ази, Европыг холбосон далайн гүн дэх төмөр зам нээгдлээ

Европ Азийг холбосон анхны нүсэр том байгууламж болох тунел зам өнөөдрөөс нээгдэж байна. Энэхүү дэлхийн анхны далайн гүн дэх нүхэн гарцыг Турк улс нээлээ. Ази, Европ тивийг дамнан оршдог Истамбул хотод өрнөж буй эл бүтээн байгуулалт нь Босфорын хоолойг гаталж буй нүсэр байгууламж билээ.

Төсөл 2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм. Нийтдээ 4.5 тэрбум еврогоор бүтэж буй уг төсөлд Японы Төв банк 735 сая еврогийн хөрөнгө оруулсан аж. Босфорын хоолой доорх, далайн ёроолоос 50 метрийн гүнд орших уг нүхэн гарц нь 76 км урт. Уг газар доорхи төмөр замын нүхэн гарцаар нэг цагт 150 мянган хүн зорчих боломжтой хэмээн Истамбул хотын захирагч Кадир Топбашем хэлсэн юм. Энэхүү шинэ гарцыг орчин үеийн "Торгоны зам" хэмээн нэрлэж байна.

Анх төслийн хугацааг дөрвөн жил хэмээн төлөвлөсөн байсан ч газрын гүнээс эртний олдворууд олдсонтой холбоотойгоор цаг хугацааны хувьд сунжирч өнөөг хүрсэн.

Энэ төслийн санааг анх Османы эзэнт гүрний султан Абдул Меджид 1860 онд санаачилж байсан ч технологи болон хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс бүтэлгүйтсэн гэдэг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ