Монгол Улс 2,9 их наядын зээлээ 2052 онд төлж дуусна

Монгол Улс 1990 онд капитализмыг алгассан цагаан мориныхоо амыг эргүүлж, зах зээлийн нийгэмд хөл тавьснаас хойш гадаадаас 2,8 тэрбум ам.долларын зээл авчээ. Үүнээс 990,9 саяыг нь буцаан төлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр тэрбум ам.доллар буюу 2,9 их наяд төгрөгийн өртэй байна.

Гадаадаас авсан хөнгөлөлттэй зээлийн ихэнх хэсэг буюу найман хувь болох 216,3 сая ам.долларыг 1991 онд авч ашигласан нь дэлгүүрийн лангуу хоосорч картын бараанд шилжин, ихэнх үйлдвэр аж ахуйн газар хаалгаа барьсан шилжилтийн эхэн үед жинхэнэ амь тариа хэрэгтэй болсонтой холбоотой. Харин 2004 онд нийт зээлийн 5,7 хувь буюу 154,9 саяыг ашигласан нь АХБ-наас “Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр”, “Засаглалын шинэчлэлийн хөтөлбөр-2”, Дэлхийн банкнаас “Санхүүгийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”, ЯОУХАБ-наас “Улаанбаатар хотын IV цахилгаан станцын шинэчлэл төсөл” зэрэгт зарцуулжээ. 2009 онд ашигласан 206,6 сая ам.долларын зээл бол (7,7 хувь) 2008 оны дэлхий дахины эдийн засгийн хямралыг давах, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулахаар Энэтхэгийн Засгийн газар, олон улсын банкуудаас авсан зээл юм. Гадаад зээлийн хамгийн том донороор АХБ, дараа нь Япон, Дэлхийн банк орж байна.

Сүүлийн 22 жилд зээлийн хөрөнгөөр нийт 189 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс 161 нь амжилттай өндөрлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 28 нь хэрэгжиж байгаа. Харин зээлийн хувьд 29 нь гэрээний дагуу бүрэн төлөгдөж, 160 нь эргэн төлөгдөх хуваарийн дагуу явж байна. Ер нь манай улс 2052 он хүртэл гадаад зээл төлөх бөгөөд 2024 он хүртэл тогтмол өсч, 2025 оноос аажмаар буурах ажээ. Одоогоор зээлийн үлдэгдэл 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэв.

Засгийн газар өнгөрсөн жил 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбумын бондыг 10 жилийн 5.125 хувийн хүүтэйгээр нийт 1,5 тэрбумын бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. Үүнийгээ “Чингис” бонд гэж нэрлэсэн. Тэгвэл “Чингис” бондын хөрөнгөөр чухам юу хийсэн бэ.

Аливаа улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр хөгжлийн бодлоготойгоо уялдуулсан дэд бүтэц барьж байгуулах, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг хувийн сектор дангаараа хийх боломжгүй үйлдвэрлэлийн салбарыг дэмжих болон төсвийн алдагдлаа нөхөх гэсэн хоёр үндсэн зорилгоор бонд гаргадаг ажээ. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжих, дэд бүтэц барьж байгуулах, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор анх удаа бонд гаргасан юм.

“Чингис” бондын хөрөнгөөс Засгийн газар автозам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр баталж, одоогоор 837,9 тэрбумыг олгожээ. Үүнээс орон нутгийн автозамын төслийн хувьд энэ жил шинээр тавих есөн зам, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон замын хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан 570 хүртэл тэрбумын санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсний дагуу 256,3 тэрбумыг 1800 км замын ажилд зарцуулж байна. Одоогоор 700 орчим км замын бүрэн хучилт хийж, 250 орчим км замын суурийн ажил хийжээ.

Мөн “Гудамж” төслийн хүрээнд 32,4 тэрбум төгрөгөөр нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ихтэй, нэвтрүүлэх чадвар багатай 13 уулзварыг өргөтгөн шинэчилж, Хүй долоон худаг цогцолборын ажлыг хүлээлгэн өгснөөс гадна Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний 66 төслийг 200 тэрбумаар санхүүжүүлсэн байна. Орон сууцны долоон хороолол, 10 гэр хорооллын цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан, кабелийн инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхийн хамт хорооллуудад инженерийн дэд бүтэц барьснаар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуйн үйлчилгээ, засварын төв, зочид буудал, оффис, олон нийтийн барилга байгууламж баригдах нөхцөл бүрдэнэ. Инженерийн дэд бүтцийн төслүүдэд 60,6 тэрбумыг олгожээ.

Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нийт 1800 км төмөр зам барихад 83,1 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Мөн ноос, ноолуур, хүлэмж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 270,2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Байшин үйлдвэрлэх комбинатын тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөрт долоон сая ам.доллар, Буянт-Ухаа орон сууцны хороолол барихад 50 тэрбум төгрөг тус тус олгосноос гадна Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэх зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгожээ. Тус банкаар дамжуулан төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэр барихад 50 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилт хийх юм.

“Чингис” бондын хүүгийн төлбөрт 37,7 сая ам.доллар буюу 54,4 тэрбум төгрөг төлсөн бөгөөд үндсэн өрийг 2018, 2022 онд буцаан төлөх ажээ. “Чингис”-ийн араас “Самурай” бонд дуншиж байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ