Террорист халдлага үйдсэн гэх таван уйгар хүнийг баривчилжээ

Тян Ань Миний талбайд болсон машины ослыг хятадууд террорист халдлага байсан хэмээн үзэж хэрэгт холбогдолтой хэмээн сэжиглэж таван сэжигтнийг баривчлаад байна.
Ослын үеэр жийп машин хурдтайгаар хашлага даван орж ирж өөр хоёр машиныг мөргөсний дараагаар дэлбэрч их хэмжээний гал гарсан. Энэ үеэр таван хүн амь насаа алдаж 38 хүн хүнд хөнгөн бэртсэн.
Хятадын цагдаа нар хэрэг үйлдсэн этгээдүүдийг баруун нутгийн Шинжаан уйгарууд хэмээн үзэж байгаа. Лалын шашинт уйгарууд тусгаар тогтнолынхоо төлөө байнга тэмцэл өрнүүлж ирсэн нь энэ хэрэгт сэжиглэгдэх хамгийн том үндэс болж байгаа.
Гэсэн ч сэжиглэгдэн баривчлагдсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан цацагдаагүй байна. Цагдаа нар хэрэгт сэжиглэж анх найман хүн баривчилсан бөгөөд тэдгээрийн долоо нь Уйгар үндэстэн байжээ.
Шинжаан-Уйгарын бүс нутагт орших исламын шашинт уйгар үндэстэн нь Хятадын дарангуйллын эсрэг удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Энэ явдлаас өмнө өнгөрсөн зургадугаар сард Шинжаан-Уйгарын Шаншан хотод бослого дэгдээж, цагдаагийн газар, мужийн захиргааны байрууд руу халдсанаас 27 хүн амь үрэгдсэн хэрэг гарч байсан. Түүнээс өмнө 2009 онд Урумчи хотод томоохон бослого гарч 200 хүн амь насаа алдсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ