Үсчин, гоо сайханчид тамирчидтай адил эрх эдэлнэ

Үсчин, гоо сайханчид тамирчидтай адил эрх эдэлнэ
Монголын эдийн засгийг солонгоруулах нэг гарц нь ахуйн үйлчилгээний салбар гэнэ. Тоон мэдээнээс харахад эл салбар өдгөө 80 мянга гаруй ажиллагсадтай, жилдээ 60 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг аж. Нөгөөтэйгүүр үсчин, гоо сайхны салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, тоног, төхөөрөмжөө гаднаас оруулж ирвэл гаалийн албан татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт үзүүлэх боломж нээгдэх нь. Энэ өдрүүдэд манай улсад ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 82 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойн хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилгаар “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд залуусын оролцоо” сэдэвт улсын хэмжээний чуулга уулзалтыг өчигдөр нийслэлд зохион байгууллаа. Уг чуулганаар энэ салбар дахь залуусын хүрээг тэлэх, бизнес эрхлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг төрөөс илүү анхаарах асуудлуудыг ярьж байсан.
Б.Бат-Амгалан: Төрийн зохицуулалт дутмаг байна
Энэ үеэр Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалангаас дараахь асуултад хариулт авлаа.
-Энэ удаагийн чуулга уулзалтаар салбарын тулгамдаж буй асуудлуудыг ярьж байна. Гэхдээ үйлчилгээний салбарт боловсон хүчин нь бий ч хууль эрхзүйн орчин муу учраас төдийлөн сайн хөгжихгүй байна гэдэг?
-Ахуйн үйлчилгээний тухай хуулийг манай яаман дээр хэлэлцээд мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагууд оролцсон ажлын хэсэгтэй хамтарч хуулийн шинэчлэлийг чухам ямар байдлаар өөрчлөх вэ гэдгийг нухацтай ярилцаж байна.
-Тэгэхээр залуучуудын орон зайг ахуйн үйлчилгээний салбарт илүү нэмэгдүүлнэ гээд буй. Чухам ямар замаар яаж нэмэгдүүлэх юм. Төрийн зохьцуулалтыг хийж чадсан юм уу?
-Энэ салбарт залуусын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний орон зайг тэлэхэд олон суваг бий. Гэвч таны сая асуусан төрийн зохицуулалт үнэндээ дутмаг байна. Зах зээлийн хуулиараа зохицуулагдаад хөгжиж байгаа үсчин, гоо сайхны салбарт залуучуудын оролцоо маш түлхүү болсон. Тийм ч учраас сүүлийн үед олон улсын тэмцээн уралдаанд тэд оролцож Монгол Улсынхаа нэрийг гаргаж байна. Харамсалтай нь төрөөс ийм төрлийн амжилт гаргасан хүмүүсийг хэр анхаарч байна вэ гэдэг нь асуулт. Тиймээс цаашид энэ салбарт төрөөс илүү анхаарч олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авах болно. Түүнчлэн жижиг дунд, үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөлөх байдлыг ч ярьж буй. Нөгөөтэйгүүр ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг илүү олгох , хувь хэмжээг тогтоож өгөх талаар ярьж байна.
-Хувь хэмжээг нь яаж тогтоох юм бэ?
-Ахуйн үйлчилгээний салбар дахь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хувийг ирэх оноос тогтоож, хэрэгжүүлнэ. Харин сүүлийн дөрвөн жилд тус салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ 350 сая төгрөгт хүрсэн гэх статистик мэдээ гарлаа.
-Тэгэхээр бизнес эрхлэхээр зорьж буй залууст жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хэмжээг хэр зэрэг нэмэгдүүлэх юм. Өөр хөнгөлөлт, бололцоог залуучуудад хэрхэн нээж өгөх юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд ахуйн үйлчилгээний салбарт олгосон 350 сая төгрөгийн зээлийн хэмжээг ирэх онуудад салбарын хүрээнд нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эцсийн дүндээ энэ зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлж буйн цаад утга нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх бодлого бий. Тэрбээр ийн ярьж байна.
Гадаадад туршлага хуримтлуулаад ирсэн залуусыг илүү дэмжинэ
Мөн гадаадад ажиллан туршлага хуримтлуулсан залуусыг төрөөс дэмжих гэнэ. Жишээлбэл, Өмнөд Солонгост үсчнээр ажиллаж байсан Мөнхөө гэж залуу Монголд ирлээ гэж бодъё. Тэрбээр Солонгосоос ирээд сар гаруй болж байгаа ч Монголд ямар нэгэн ажил эрхэлсэнгүй. Харин өөрөө үсчний салон байгуулах гэж буй юмсанж. Гэвч түүнд салоноо байгуулахад бага зэргийн мөнгө дутагджээ. Тиймээс Мөнхөө банкнаас зээл авах гэтэл энд ямар нэг байгууллагад харьяалаг-даггүй болохоор байдал жаахан хүндхэн болчихлоо. Тэгвэл ийм залууст шинэ боломж нээгдэх аж. Тодруулбал, Хөдөлмө-рийн яамныхан гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуусыг бодлогоор дэмжих гэнэ. Ингэхдээ Өмнөд Солонгост ажиллаж байсан залуус тухайн улс дахь Хөдөлмөрийн яамны нэг цэгийн үйлчилгээнд хандаж бүртгүүлэх юм байна. Мөн бүртгүүлж амжаагүй бол нийслэлд ирж бүртгүүлэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр бизнесээ өргөжүүлэх, эхлүүлэхэд төрөөс том дэмжлэг авах боломжтой болжээ.
Түүнчлэн үсчин, гоо сайхан, хумс засалчдын ажлын байрыг шинээр бий болгоход Хөдөлмөрийн яамнаас илүү анхаарах юм байна. Үүнээс гадна Зээлийн батлан даалтын сан анхлан бизнес эрхлэх гэж буй ч барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа бол тухайн авсан зээлийнх нь 60 хүртэлх хувийг батлан даах гэнэ.
Ц.Цогзолмаа: Залуучуудын ур чадварт анхаарах цаг болсон
Түүнчлэн “Цоогий” үсчин гоо сайхны олон улсын академийн тэргүүн, “ХОУН ЭНД ЦО” компанийн захирал Ц.Цогзолмаа салбарын асуудлаар ийн ярилаа. Тэрбээр “Ахуйн үйлчилгээний салбар дундаа үсчин, гоо сайхны салбар хамгийн хурдацтай хөгжиж буй нь. Мөн ажиллах хүч хамгийн их нэмэгдэж байгаа. Ялангуяа мэргэжлийн ур чадва-раараа манайхан Ази тивдээ танигдчихлаа. Үсчин, гоо сайхны салбарын ажилчдын 65 гаруй хувийг залуус эзэлж байна. Мэдэгдэхүйцээр хөгжиж буй энэ салбарын алдаа оноо, бүтээмжийг бид ярихгүй, хэлэлцэхгүй олон жил болжээ. Манай салбарынханд нэг дутагдаж байгаа том асуудал нь мэргэжилтнүүд олноороо бэлтгэгдэж зах зээл дээр гарч буй ч тэдний ур чадвар хэрхэн хөгжиж байна вэ, чанар нь ямар түвшинд хүрэв гэдэг нь асуудал болоод байгаа юм. Техник технологи шинэчлэгдээд байхад мэргэжилтнүүдийн дийлэнх нь анх төгссөн хэвээрээ л байж байна. Өнөөдөр мастер цол авах гэсэн эрмэлзлэлтэй залуус өчнөөн бий. Гэвч тэд яагаад уг цолыг авч чадахгүй байгаа вэ гэхээр ур чадвар нь хөгжөөгүйгээс болж тэр. Тиймээс хөдөө орон нутагт ч гэсэн энэ бүхнийг анхаарах цаг нэгэнт болсон. Түүнчлэн мастер цол авсан 130 хү-нийг улам бүр чанаржуулж атестатчилах хэрэгтэй. Нэг сайшаалтай зүйл хэлэхэд манай үсчин, гоо сайханд олон улсын томоохон тэмцээнээс медаль авбал тамирчдын нэгэн адилаар 40 хүртэл сая төгрөгийн урамшуулал улсаас авна” гэлээ.
Л.Баатархүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ