Д.Зоригт: Надад улс төрөөс холдож зайлах бодол алга

МАН-ын Их хурлаар сүүлийн үед олны өмнө төдий л гарахгүй байгаа эрхмүүд ирцгээсэн байгаа харагдсан. Энэ үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригттой уулзаж ярилцсан юм. Түүнийг намынхандаа гомдон эргэж ирэхгүйгээр гадаадад амьдрахаар явсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед сураг алдарсан улс төрчөөр таныг нэрлэх боллоо. Цагтаа яам толгойлон, УИХ-ын гишүүн байж байгаад усанд хаясан чулуу шиг алга болсон гэлцэж байна. Та одоо юу хийж байгаа вэ?

-Би олдсон боломжоо ашиглан Япон улсын Кюшюгийн их сургуульд компанийн засаглалын чиглэлийн хуулиар докторын зэрэг хамгаалж байна. Энэ сургуульд өмнө нь хуулийн чиглэлээр магистр хамгаалж байсан юм. Тиймээс Япон, Монголын хооронд ирэн очин байгаа. Өнгөрсөн хугацаанд хүмүүс намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн, муугаар их бичлээ. Энэ бүхний араас хөөцөлдөөд явна гэдэг цаг заваа барсан ажил болох байх. Бид шинэ зууны иргэд тул мэдлэг боловсролдоо анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол танк хүлдэг лам нараас ялгаагүй болох нь. Одоо надад хамгийн чухал нь сурч боловсрох ажил байна.

-Таныг МАН-даа гомдоод "Дахин энэ намд ирэхгүй" гээд гадаадад амьдрахаар болсон тухай яриа гарсан байна лээ?

-Би намдаа үнэнч яваа. Тиймээс ч намынхаа Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ардын нам гэдэг янз бүрийн үзэл бодолтой хүмүүсээс нэгдсэн нэгдэл юм. Олон хүн дотор олон санаа бодолтой хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн дунд суугаад намайг элдэвлэж байгаа тэдгээр хүмүүст гомдоод яахав. Энэ бүхний араас хэрүүл хийгээд явах нь надад утгагүй санагддаг.

-МАН XXVII Их хурлыг түүхэн хурал болно хэмээн ярьж байсан. Үнэхээр түүхэн хурал болж чадав уу?

-Манай намын Их хурлаас гарах хамгийн гол мессэж нь эв нэгдэл байлаа. 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд бүх хүмүүс фракцын, хувийн, бүлгийн ашиг сонирхлыг ардаа орхин ажиллана гэсэн үр дүн гарсан нь сайшаалтай. Засгийн эрх барьж байхдаа гишүүд хоорондоо шөргөөцөлддөг байсан бол одоо сөрөг хүчин болсон тул түүнийг ардаа орхин сөрөг хүчин шиг сөрөг хүчин болох хэрэгтэй.

-Таныг 2016 оны сонгуульд эргэн улс төрд ирнэ хэмээн яриа гарсан байна лээ?

-Эхлээд докторын зэргээ хамгаалах хэрэгтэй байна. 2015 оны сүүлээр доктороо хамгаалчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Намайг улс төрөөс холдох боломж олгохгүй юм шиг байна. Докторын зэрэг хамгаалах гээд сурч байхад нэг хэсэг нь зугтлаа гээд Монголдоо ирэхээр "Энэ муу Зоригт энд юугаа хийж байгаа юм" хэмээн муулцгааж байгааг сонссон. Намайг зүгээр байлгахгүй хэсэг бүлэг хүмүүс байгаа юм болов уу. Тэр хүмүүс гэхээсээ илүү миний хийж байгаа ажил тодорхой хүмүүст хүрч байгааг харсан хүмүүс үүнийг зогсоох гэсэн явуургүй оролдлого хийж байгаа юм. Надад улс төрөөс холдож зайлах бодол алга. Бодлого гаргах ажилд оролцоно гэдэг муу юм биш. Улс төрийн тэмцэл рүү орох юу нь буруу байхав дээ.

-Сүүлийн үед Оюу толгойн гэрээний талаарх асуудал ихээр яригдах боллоо. Таныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа бусад хүмүүстэй хамтран муу гэрээ хийсэн хариуцлага тооцох хэрэгтэй, тус гэрээгээр эх орноо худалдсан гэх мэдээлэл гараад байна. Оюутолгойн гэрээ үнэхээр тартагтаа тулсан муу гэрээ болсон юмуу?

-Энэ тухай мэдээллүүдийг би уншиж, дуулсан. Яагаад өнөөдрийг хүртэл дуугуй явсан бэ гэхээр хүмүүст ажлаа хийх бололцоог нь олгохын тулд чимээгүй явсан. Энэ миний байр суурь. Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг хийж байсан хүний хувьд энэ ажил амаргүй гэдгийг мэднэ. Маш олон зүйлийг бодолцож, олон зүйлийн балансыг олж байж нэг шийдэлд хүрдэг. Уг боломжийг нь гаргаж өгөхийн тулд чимээгүй явлаа. Төрийн төлөө өөрийн сэтгэл санаагаа төвлөрүүлэн ажиллах хэрэгтэй.

-Өмнө нь байгуулагдсан гэрээний тухай яриад байгаа юм л даа, уг нь?

-Өмнө нь байгуулагдсан гэрээний тухайд гэвэл тэрхүү гэрээг байгуулсан болохоор өнөөдөр Оюутолгойн баяжмал экспортоор гарч эхэлж байна. Энэ гэрээ байгуулагдсан байгаа болохоор гэрээний үндсэн дээр зургаан тэрбум биш түүнээс илүү хөрөнгө оруулах нь байна шүү гээд маргаан үүсэх хууль эрхзүйн боломж нь олдож байгаа юм. Хэрэв муу гэрээ байгуулсан бол энэ боломж олдохгүй. Би зарим нэг хүмүүсийг хараад л байгаа. Оюу толгойн гэрээний тухай ярьж өөрийгөө алдаршуулах, энэ сэдвийг мөлжиж амьдрах бодолтой хүмүүс байна. Эцсийн дүндээ уг гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэж, олон мянган хүнийг ажилтай болгосон гэрээ байгаа юм. Энэ гэрээ сайн болсон гэдэгт хэзээ ч би эргэлзэж байгаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ