"Гэнэтхэн тэнгэрээс унаад өдий зэрэгт хүрчихээгүй"

УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатартай ярилцлаа.
-“Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино нээлтээ хийлээ. Таны найруулсан хоёр дахь кино байх аа?
-Миний анхны дэлгэцийн уран бүтээл “Үл таних эмэгтэй” гэж милодрам байсан. Харин энэ удаад инээдмийн кино найрууллаа. “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг нэр Монголын үзэгчдэд их танил, дотно сонсогдож байгаа болов уу. Учир нь энэ кинонд олон хүний амьдралд хандах хандлага, хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Тиймээс ч энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөд үлдсэн гэж би ойлгодог.
-Яагаад заавал ийм нэр өгөх болов?
-Манай кинонд ихрүүдэд тохиолддог үйл явдлыг нэг талаас нь харахад байж болох юм шиг хэрнээ нөгөө өнцгөөс нь харвал зүүдэнд ч оромгүй явдал өрнөдөг юм. Тиймээс “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж нэрлэсэн. Зүүд өөрөө бол нэг бодлын маш замбараагүй боловч заримдаа асар их зөн совинг илтгэж байдгаараа уялдаатай болж байгаа юм. Амьдралдаа тохиолдсон хамгийн гайхамшигтай үйл явдлыг л хүн зүүдэнд ч оромгүй явдал боллоо гэдэг шүү дээ. Эсрэгээрээ зүүдэнд ч оромгүй муу муухай явдал тохиож болно. Гэхдээ бид муу муухай зүйлээс ангид байх учиртай. Тиймээс ч зүүдэнд ч оромгүй сайхан учрал, явдал амьдралд тохиодог юм аа гэдэг санааг л агуулсан бүтээл болсон. Манай кинонд эцэг, эх нь салсан ихрүүдийн тухай гардаг юм.
-Киногоороо нийгэмд ямар мессэж өгөхийг хүссэн бэ?
-Тэдний амьдралаар гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг өнөө цагийн залууст ойлгуулахыг хичээсэн. Учир нь орчин цагт гэр бүл салалт, түүнээс үүдсэн “тал” амьдралтай хүүхдүүд олширсон байна. Эхтэй нь эцгийн хайрыг, эцэгтэй нь эхийн хайраар дутаж, түүнийг үгүйлж байгаа хүүхдүүд маш олон бий. Тиймээс ч тэд өсч томорсон хойноо эргээд бусдыг “тал” хайрлаж байна л даа. Тэгэхээр гэр бүлийн үнэт чанар, элэг бүтэн амьдралын үнэ цэнийг ойлгуулахыг зорилоо.
-Гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшинийг яагаад сонгов?
-Миний нэг бодлого байдаг юм. Хүн бүхэн залуу насыг тойрч бус дайраад өнгөрдөг. Бид гэнэтхэн тэнгэрээс унаад өдий зэрэгт хүрчихсэн юм биш. Энэ бүхнийг даван туулдаг учраас бид залуустаа өгөөмөр хандах ёстой. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээс харамгүй хуваалцахыг хичээдэг. Ер нь Д.Равжаагийн нэг гайхалтай үг бий шүү дээ. Үйл бүхний дээд нь бодох, туурвих, дэмжих. Дэмжих гэдэг бол их чухал зүйл байгаа биз. Тэгэхээр бид залуу үеийнхээ тулгуур, багана нь байх учиртай. Тиймээс ч залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй хамтарч ажилласан юм.
-Таны уран бүтээл хийхдээ ямагт санаж явдаг ямар үг, афоризм байдаг вэ?
-Яруу найрагч агсны О.Дашбалбар агсны нэг шүлэг бий.
…Доромжлуулах тусмаа чи
Долоон бурхан од шиг гялалзаж
Гүтгүүлэх тусмаа чи
Гүн шөнийн од шиг гялалзаж яв… гэсэн мөртүүдийг нь сэтгэлдээ ямагт санаж явдаг.
-Тэгвэл таныг залхааж байгаа зүйл юу байна?
-Улстөрчдийн энэ утга учиргүй тэмцэл, элий балай ярианууд.
-Хэн нэгнийг шагнах болбол таны хувьд?
-Гавьяа байгуулсан мөртлөө шагнал авч чадаагүй байгаа хөгшдийг хамгийн түрүүнд баярлуулна. Би нэг зүйлийг хэзээ ч мартдаггүй, мартахыг ч хүсдэггүй. Өвөө маань модны үйлдвэрт насаараа шахам ажиллачихаад “Алтан гадас” одон авч чадалгүй өнгөрсөн. Тэр хүний хувьд энэ шагнал хамгийн том хүндлэл байсан байж мэднэ. Харин би 20-иодхон насандаа “Алтан гадас” одонгоор шагнуулчихаад хамгийн түрүүнд өвөөдөө үзүүлэх гэж яарсан. Бас сэтгэл минь шимширч, өвөөгөө өрөвдөж байсан. “Алтан гадас”-аа өвөөд үзүүлэхэд “Миний хүү авчихсан болохоор өвөө нь өөрөө авсан юм шиг сэтгэл хангалуун боллоо” гэж билээ. Сүүлийн үед шагнал урамшуулал гэдэг зүйл утгаа алдсан шүү дээ. Үнэхээр энэ мэт шагналууд нүдээ олохгүй өнгөрч, шагнуулах ёстой хүмүүс нь хоосон хоцорч байгаа тохиолдол олон байдаг болов уу.
-Таны найруулсан жүжгүүдээс хамгийн их сэтгэлээс гардаггүй нь?
-Миний хувьд сэтгэлээс гардаггүй бүтээл бол “Тэнгэрийн хүү” жүжиг. 2220 жилийн тэртээх төрт ёсыг, баялаг бахдам сайхан түүхийг тайзнаа амилуулсны дараа үнэхээр кайфтай байсан. Маш их судалгаа хийсэн, үнэхээр завгүй хөдөлмөрлөсөн. Энэ жүжгийг тавих гэж байхад юун зуны амралт. Хүн чинь уг нь зун цагийг ашиглаад нэг сайхан амраад авахыг боддог биз дээ. Гэхдээ дараа нь энэ бүхнийг эргээд бодоход зовлон биш жаргал байжээ. Энэ бүхэн эргээд надад асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан. Арай л булш ухахаас наахнуур судалгаа хийсэн. “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэн үзэгчдийн нүднээс “Би монгол хүн, бид монголчууд” гэдэг омогшил мэдрэгдэж байсан шүү.
-Таны хувьд УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Театраар сонин юу байна?
-Бид “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг тавилаа. Үүнээс гадна УГЗ Д.Баатар найруулагч “Кихот ноён” жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Одоо гуравхан хоногийн дараа үзэгчдийн хүртээл болгох гээд ажиллаж байна. Мөн Шекспирийн, Д.Намдагийн зохиолыг тоглож байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн сонгодогуудаас гадна Монголынхоо суутнуудын бүтээлийг тайзнаа амилуулж байна. “Фауст”, “Ромео Жульетта” хоёрын алийг тавих талаар судалж, ярилцаж байгаа. Үүнээс гадна монгол ардын үлгэрүүдээр хүүхдийн уран бүтээл тавихаар төлөвлөж байна.
-Монгол театр дэлхийд өрсөлдөх боломж байна уу?
-Би бол Монголын театрын уран бүтээлчдийг чадалтай, чадвартай гэж боддог. Гагцхүү бидэнд гарц ховор байна. Тухайлбал, бид “Тэнгэрийн хүү” жүжгээрээ фестивальд оролцох гэхэд хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа юм. Дуучин бол ганцаараа яваад л оролцчихож байна шүү дээ. Гэтэл театр нийлмэл урлаг учраас тайз, гэрэлтүүлгээс эхлээд л маш олон хүний бүрэлдэхүүнтэй явах шаардлага тулгардаг. Энэ бүхэн чинь мөнгө шаардана. Миний хувьд энэ бүх бэрхшээлээс хэрхэн ангижрах вэ гэж бодсоны үндсэн дээр ирэх онд том төсөл хэрэгжүүлэхээр болсон.
-Ямар төсөл?
-Камерын жүжгийн уралдаан зарлана. Энэ уралдаанд түрүүлсэн бүтээлийг Урлагийн зөвлөлөөс санхүүгийн асуудлыг шийдэж өгөөд томоохон фестивальд оролцоно. Төрөл жанр чөлөөтэй. Сэтгэлгээний, комеди гээд чөлөөтэй.
-Гэхдээ салбар хариуцсан яам байгуулагдлаа. Нэг үеэ бодвол асуудлаа шийдэхэд харьцангуй дөхөм болсон болов уу?
-Үнэн. ССАЖЯ байгуулагдсанаар бид зовлонгоо тоочих газартай болсон. Тиймээс ч сайд маань урлагийнхантайгаа харьцангуй ойрхон ажиллаж байна. Цаашид олон сайхан ажил хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаа.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би хань, таван хүүхдийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байна. Эхнэрийг маань Л.Гантуяа гэдэг. Багш мэргэжилтэй. Хүлээцтэй, тэвчээртэй, юмны наад цаад учрыг нарийн сайн тунгааж байж, шийд гаргадаг, даруухан, дуу цөөнтэй болохоор жинтэй үг хэлчихнэ. Би ямарваа зүйлийг романтик талаас нь сэтгэж харах дуртай байхадэхнэр бодит талаас нь илүү харах жишээтэй. Мэргэжилдээ дуртай, амжилт гаргах гээд зүтгэдэг дайчин чанараар нь бахархдаг.
-Яаж танилцаж байв аа?
-Би эхнэрээ бурхнаас заяасан хань гэж хэлэх дуртай. Найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байлаа. Тэр үед надад “Энэ чиний хань болох хүн мөн” гэж бурхан шивнэх шиг болсон. Хэлснээр нь ханиа болгох гээд зүтгэсэн. Зүтгэсэн минь талаар болоогүй ээ, харин ч амжилт олоод өдий зэрэгтэй сайхан амьдарч явна.
-Хайр юунаас эхэлдэг бол?
-Хайр бодлоос эхэлдэг. Дурласан хүнээ хүн боддог. Нэг нэгнээ хүндлэх сэтгэл дээр хайр тогтдог гэж боддог. Өнөө үед залуус хайранд өнгөцхөн сэтгэлээр ханддаг болжээ. Аливаад нухацтай, наад цаад учрыг олж харахухааны цар хүрээ, мэлмийтэй амьдрах чухал болоод байгааг цаг үе сануулж байна. Гэр бүл тогтвортой байна гэдэг улс, гүрэн амгалан байхын үндэс шүү дээ.
-Сайн аав байх даа?
-Сайн аав байхыг хичээдэг. Хэр халамжтай аавыг болохыг хүүхдүүдээс минь асуувал үнэнд ойр хариулах болов уу. Одоохондоо гэр бүлээсээ гомдлын үг сонсоогүй л явна. Тэгэхээр найдвартай гэж ойлгож болно. (Инээв)
-Хоол хэр сайн хийх вэ?
-Хийнэ, хийнэ. Манай гэр бүл хийцтэй цай, банштай, ногоотой шөл идэх дуртай. Амарсан өдрөө хоол зохиож, хийх дуртай . Бас болоогүй ээ түүндээ нэр зохиогоод өгчихнө.
-Энэ олон ажлыг яаж амжуулж явдаг юм бэ?
-Хүний нас мандаад жаргах нар шиг богинохон. Нийгэм маань мэдээллийн эрин зуунд хурдтай хөгжиж байна. Өнөөдөр сэтгэснээ маргааш хийхгүй бол хэн нэгэн аавын хүү амжуулчихна. Амрахаа хойш тавиад ч болов хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Хийж, бүтээе гэсэн хүсэл, тэмүүлэл, эрч хүчээрээ олон жүжгийн ард гарсан.
-Ямар ч их ажилтай байсан гэр бүлээ тэргүүнд тавьж чаддаг уу?
-Хүн гэр бүл, хайр сэтгэлээ хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй. Хамгийн нандин үнэтэй эрдэнэ бол гэр бүл байдаг гэж би ойлгодог. Насны эцэст нэгэндээ түшиг болж үлддэг хүн бол хань л байдаг. Үр хүүхэд өсөж томроод, үүрээ орхисон шувуу шиг нисээд оддог шүү дээ. Эхэндээ хоёулаа танилцаж байсан шигээ эцэс төгсгөлд мөн л хоёулаа үлддэг гэдгийг буурлуудынхаа амьдралаас харж, мэдэрч байна.Амжилт бүтээлтэй явахад ханийн халамж хамгаас чухал. Ханийн зөвлөгөө хаана ч явсан үнэ цэнэтэй. Өөрийн минь төлөө сэтгэлийнхээ үнэн үгийг нээж хэлдэг ганц хүн бол ханилсан хань шүү дээ. Ажил ажил гэж гүйсээр орой гэрийн бараа харахад эхнэр халуун цай, хоолтой, хүүхдүүд дуу шуутай угтдаг. Тэднийхээ баяр хөөртэй байгааг хараад, хамаг стресс тайлагдах шиг болдог. Аз жаргал ерөөсөө л энэ. Жаргал хол бус дэргэд минь байгааг гэр бүлээсээ мэдэрдэг. Хүн гэр бүлдээ хайртай, хэн нэгэн халдаж чадахааргүй бат цайз байх хэрэгтэй.
-Ажиглахад хайр сэтгэлийн зөрчил, тэмцлийг харуулсан бүтээл барьж аваад байх шиг санагддаг юм?
-Хайр өргөн хүрээтэй утга илэрхийлдэг. Хүн хорвоо ертөнцөд давтагдашгүй төрдөг шиг хайр ч мөн адил. Залууст хайрын тухай бүтээлүүд ус, агаар мэт хэрэгтэй байна. Хайрын зөрчил, тэмцэл ,эв нэгдэл, зовлон гуниг, аз жаргалын тухай өгүүлсэн олон бүтээл байдаг ч хүмүүс огт уйдахгүй байгаа биз дээ. Хэрвээ хайр тийм зүйл шүү дээ гээд мэдчихвэл амьдралаас амархан уйдна. Хязгааргүй огторгуй шиг таагдашгүй ертөнц, бас шавхагдашгүй мөнхийн сэдэв бол яах аргагүй хайр мөн.
-Хүмүүс драмын жүжиг гэхээр л уянга, түүхийн сэдэвтэй байх нь гэж ойлгодог байсан. Харин таны хувьд шинэ сэдэв буюу инээдмийн жүжиг найруулсан шүү дээ. Инээдмийн жүжиг дутагдаад байгааг та мэдэрч чаджээ?
- 2007 оноос хойш манай театр инээдмийн жүжиг хийгээгүй. Тухайн үеийн түүхэн тэмдэглэлт ой, цаг үеэс хамааран уянгын болон түүхэн жүжиг хийж байсан. Үүнээс өмнө бол манайд инээдмийн олон жүжиг тавигдсан. Доржсамбуу найруулагчийн үеэс жил бүр “Туйлшрал” гээд хошин тоглолт хүртэл хийдэг байсныг үзэгчид санаж байгаа байх. Гэхдээ инээдмийн жүжиг хийлгүй удсан бас энэ төрөл жанрт тохирсон жүжигчид маань байгаа учраас сайхан “Эцсийн зогсоол ба зөвхөн чи” жүжгийг тайзнаа амилууллаа.
-Таны болон бусад уран бүтээлчийн хувьд инээдмийн жүжиг дээр ажиллах хэр байв?
-Найруулагч хүн инээдмийн, эмгэнэлт, зөгнөлт гээд бүхий л төрлийн жүжиг найруулдаг байж гэмээнэ сая өөрийгөө найруулагч гэж үзэх байх. Тэр утгаараа инээдмийн жүжгийг дээр ажиллахад манай жүжигчид, миний хувьд ч нэг хүндрэл гараагүй гэж хэлж болно. Жүжигчид маань маш чадварлаг тоглосон.
-Танд бусдаас онцгой мэт санагддаг зүйл байгаа гэж боддог уу?
-Үгүй ээ, надад ямар ч онцгой юм байхгүй. Аливаа зүйлд энгийн байдлаар хандах дуртай. Ямар ч үед түрүүлж дуугарахгүй, сүүлд нь харин “атгаж” хэлнэ дээ. Харин намайг зоригжуулж, хийж бүтээхийн төлөө хурцалж байдаг зүйл бол хор шар. Бас амьдралд итгэх итгэл, гэр бүл, үр хүүхэд, мэргэжил минь гэж боддог.
-Өөрийнхөө ямар сонголтод сэтгэл хангалуун явдаг вэ?
-Би уг нь багадаа нисгэгч, тэр дундаа байлдааны онгоцны нисгэгч болохыг хүсдэг байсан. Гэтэл дунд сургуулиа төгсөөд нисгэгч болох мөрөөдлөө урлагийн амьдралаар сольсондоо сэтгэл хангалуун явдаг. Энэ бол жинхэнэ миний амьдрал, бас миний орон зайг гэрэлтүүлсэн ертөнц.
-Биширдэг түүхэн хүн тань хэн бол?
-Олон бий. Тэр дундаа, манай нутгийнх болоод ч тэр үү. Чин ван Ханддорж гэж хэлнэ дээ.
Б.Цовоо
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ