Сайн яваа нэгнээ битгий муулаач дээ

Би хүн муулах дуртай. “Tэр их хөөрхөн хүүхэн шүү” гэнгүүт “аа тэр чинь унгадаг л байж таараа”, “Энэ их мундаг толгойтой хүн шүү” гэнгүүт “Тэхдээ наадах чинь майга шүү дээ”, “Энэ залуу шиг бакь болох юмсан” гэнгүүт “наадах чинь толгой муутай” энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаа л үзээд байна. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг “но” олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдохгүй бол гөрдөж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ. Хүн муулахад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдуу байвал сүртэй болж ирдэг юм байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирэхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан юмаа үнэгүй зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байна шүү энээ тэрээ гээд л муулаад явахад болдог л юм билээ.
За за тоглосон юм. Би нээх хүн муулаад байдаггүй юм шүү. Муулахгүй байхыг хичээдэг гэх үү дээ. Харин манайд ам халсан яриандаа сэтгэл нь сэргэж, бусдыг муулах тусмаа өөрөө “өнгө орон” гялалзаж, энэ тааламжиндаа “хөлс нь чийхарч”, “бие нь тавирдаг” хүмүүс мэр сэр байх юм аа.
“Хэрүүл цухалдаа багтаж ядсан хүний амнаас сэтгэлд дотно сайхан үгс гарахыг хүлээх нь тахианы өндөгнөөс яс хайхтай адил. Хэрэлдэж байгаа хүмүүс муу муухай үгсийн цуглуулгаар бие биенээ бөмбөгдөнө.” хэмээн ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэн “Титэм үг”-ндээ бичжээ. Нээрээ л манайхны нэгнээ муулдаг зан арай л хэтэрхий л дээ. Түүнийг нь ерөнхийлөгч асан маань ч анзаарч, сэтгэл нь эмзэглэсэн бололтой юм.
Бид Монголчууд, Чингисийн үр сад, халуун сэтгэлтэй эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай хүмүүс. Хаана байна тэр халуун сэтгэл, монгол зан чанар чинь. Хятадууд гэж бидний муулах дуртай улс. Гэтэл тэд адгийн наад зах нь Эрээний зах дээр хүртэл нэгнээ өмөөрч, хаацайлан бүгд шаваад хэрүүл хийж хэн нэгэнтэй нь муудалцсан хүнийг бараг зодох шахдагийг нь ч бид гайхаж ирээд л ярьдаг. Тэдэнд бидэнд байхгүй зан чанар, сэтгэхүй байдаг аж. Би л бүхнийг сайхан болгоно, бусад нь дандаа худалч, хулгайч нар гээд л. Тэгэнгүүт нөгөө нөхрийг өөр бас нэг гэгээнтэн юу ч үгүй болтол нь муулна. Хоёр дахь гэгээнтнийг гурав дахь нь гарч ирээд өмнөх өмнөхөөс нь ч дор муу муухайгаар хэлээд хүн төрхтэйгөөс биш мангас, чөтгөр, бирд гээд далд ортол нь муулчихна. Энэ мэтээр бие биеэ үгүйсгэсээр, энэ харлуулан муулах, гутаан доромжлох ад дон олон нийтийг хамарна. Монголд нэг ч сайн хүн байхгүй болж хувирна.
Гурван найз “буу халж” сууна гэнэ. Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа “тэр ч хөгийн амьтан”, “энэ ч новшийн амьтан”, “ёстой бүтэхгүй нөхөр” гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь “яс юман дээр энэ ч бас л хөгийн гар даа” гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.
Зүгээр л жишээ дурдахад бидний амьдралд дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр ямар ч саад болоогүй биз дээ. Тийм байхад л нэгийг нь хүний нөхөр салгаж суусан, арчаагүй увайгүй гэж муулаад л, нөгөөг нь юу ч чадахгүй байж том юм ярилаа гээд л. Үгүй яахав дээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй гэдэг биз дээ. Тэгээд л муу хэлнэ. Тэгсэн хэрнээ дуулсан дууг нь сонсоод л байна, дагаж дуулаад л байна. Үнэндээ Жавхлан, Баясгалан хоёрыг газар доогуур ортол нь муу хэлээд яах юм бэ, энэ хоёрын дуугаар амьсгалж байсан цаг үе байгаа шүү дээ. Нийтийн дуу гэдгийг жинхэнэ утгаар нь амилуулсан улс шүү дээ. Караокед ороод эдний дууг дуулдаггүй хүн байхгүй биз дээ. Харин ч хаа очиж энэ хоёр чинь цэвэр өөрсдийнхөө хөдөлмөрөөр амжилтанд хүрч гарч ирсэн хүмүүс шүү. Сайн яваа нэгнээ магтаж гийгүүлдэггүй юмаа гэхэд битгий муулж урмыг нь хугалж бай л даа, миний монголын ард түмээн...
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ