Д.Дашдаваа: Нэг нэг байр л өгчих

Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд 1937, 1938 онд хэлмэгдэж, Төр засагтаа буудуулан алагдсан хүмүүсийн үр хүүхэд, ойр дотны хүмүүс цугларч цагаатгалын хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ хүмүүс бүгд хэлмэгдэгсдийн төлөөлөл аж.Тэд хэлмэгдүүлэлтийн хуулийг эсэргүүцсэн уриа лоозон барьсан байв. Их хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү цагт эх эцэг, эмээ, өвөө алдсан гэх эдгээр хүмүүсийн дийлэнхи нь 60-80 насныхан. Тэд уг мэдээллийн үеэрээ Төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Уг мэдэгдэлдээ “1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувийн “хувьсгалын эсэргүү” хэмээн яллаж, 15 хувийг нь буудан алсан. Өөрөөр хэлбэл, зургаан эрэгтэй тутамын 1-ийг хэлмэгдүүлж, алаад зогсохгүй тэдний гэр бүлийн бүх хөрөнгийг дээрэмдэж, улсын хөрөнгө болгосон. Мөн өнчирсөн, ядуу хүүхдүүдийг нь ажил, сургуулиас олноос хөөсөн билээ.Ингэснээр хэлмэгдсэдийн ихэнх хүүхдүүд боловсролгүй, мэргэжилгүй үлдэж, өдгөө хамгийн ядуу амьдралтай иргэд болоод байна. Одоо тэднээс үхэж үрэгдсээр байгаад 75-80-аас дээш настай 900 хүрэхгүй хүн үлдээд байна.
Хэдийгээр Цагаатгалын тухай хууль гараад 16 жилийн нүүр үзэж байгаа ч, өнөөдөр хэлмэгдсэдийн ар гэр, үр хүүхэд бидэнд нааштайгаар тусалсан юм үгүй. Бид 1998 оноос хойш хэд хэдэн удаа “байр өгөөч” гэж Цагаатгалын улсын комисст хандсан боловч, тэд “Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тэгэхээр нь байрны асуудлыг тусгана” гэж хэдэн хөгшчүүд биднийг хуураад 10 жил боллоо. Аргаа ядсан бид энэ удаагийн мэдэгдлээрээ Төрийн гурван өндөрлөг болон Хууль зүйн сайд нарт дахин хүсэлтээ хүргүүлж байна.
Учир нь бид эцэг эх, ах дүүсээ цаазлуулж, бүх хөрөнгийг маань булаан авч, бидний нэрний өмнө насан туршид мань “эсэргүүний хүүхэд, эсэргүү” хэмээн нэр зүүсэн. Тухайн үеийн Монголын Төр биднийг адлаж байсныг одоогийн Төр хэлмэгдсэн бидний эцэг эхийн туулсан амьдралыг харгалзан амьд мэнд дээр минь байр өгөхийг хүсэж байна. Тухайн үед бидний хураалгасан бүх хөрөнгө нийлээд ганц байрны үнэд хүрэхгүй. Яагаад гэвэл, тухайн үеийн аавын маань ганц хөөрөг гэхэд одоогийнхоор 150 саяд хүрнэ шүү дээ.
Энэ дашрамд хэлэхэд, УИХ-ын дэргэдэх Л.Цог даргатай “Цагаатгалын улсын комисс” бидний саналыг сонсдоггүй. Тиймээс хэлмэгдсэдийн ар гэр, үр хүүхэд бидний хүсэлтийг хүлээн авч, “Цагаатгалын улсын комисс”-ийн удирдлагуудад хүлээн авна уу” хэмээн бичжээ.
Хэвлэлийн хурлын үеэр Улс төрийн хэлмэгдсэдийн хорооны тэргүүлэгч гишүүн Д.Дашдаваа ярихдаа “1937 оны хэлмэгдүүлэлтэд манай аав, ээжийн талын бүх хөгшчүүдийг буудан хороосон. Тухайн үед манайх Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг, малчин айл байлаа. Гэтэл аавыг маань “Японы тагнуул” гээд 1937 оны намар буудан хороосон. Уг нь буриад ястан юм шүү дээ. Над шиг хэлмэгдсэн хүний хүүхдүүд өдгөө 75-аас дээш насны хүмүүс ихэнх нь хэвтэрийн дэглэмтэй хүмүүс бий” гэв.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ