Тас загнаад сод ухаантан төрүүлчих үү

Өглөө бүрийн наран яах гэж манддаг юм бол, үдэш болгоны одод яах гэж гялалздаг юм бол, хаврын нялх ногоо яах гэж ургаж байгаа юм бол, уулын жижигхэн горхи түмэн нугачааг даван хамаг хүчээрээ урсдагийн учир юу юм бол, бяцхан хүү юуны төлөө хэл, хөлд орж тэнтэгнэн алхдаг юм бол? Амьдрал бүхлээрээ ямар нэг юм руу зорьж тэмүүлээд л байгаа биз. Яг үүний адилаар өнөөдрийн багш нар, аав, ээжүүд юуны төлөө амьдраад байгааг нь л хүүхдүүддээ ойлгуулах цаг болчихжээ.
“Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ, дандаа хоолоо асгаж байх юм” гээд энэ олон шүүмжтэй хатуу үгийг ажилдаа түүртэж ядарсан эгчийнхээ амнаас хүүхдүүддээ хэлж байхыг бишгүй сонссон. Харин нөгөө хүүхдүүд нь том том нулимс унаган, тэдний дотор өөртөө итгэх итгэл нь ихээр буурсан нь ойлгомжтой. Харин хүүхдүүдээ загнахаасаа өмнө тэвчээр гарган алдаа хийхээс нь өмнө “энэ зүйлийг ингэж хийдэг” хэмээн биеэрээ үлгэрлэн үзүүлэх, улам сайн болж байна, чи их сайн хүү, ажилсаг охин шүү хэмээн урам өгөх хэрэгтэй байна л даа.
Зургаан настай хүүхэд хүртэл яаж амьдрахаа мэддэг. Бага гэж голсоор байгаад галыг нь унтраачихдаг. Юмны утга учрыг бодуулах, төрмөл чанараа олох, өөрийгөө дотогшоо чагнах зав өгөлгүй шахуу цагаар эрдэм ном зааж, долоо найман настай хүүхдийг доктор болгох гээд зүтгэчихдэг нь бидний гол алдаа. Би л хувьдаа зургаан настай хүүхдийн амнаас “урлагаар л амьдарна даа” гэсэн хэвлүүхэн хариулт сонсоод их бахархаж, бас гайхаж байсан. Гэтэл манай боловсролын систем, сургалтын арга нь хүүхдэд үүнийгээ ярих боломж өгөхгүй байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд аав ээждээ хайртайгаа хэлэх, эх орныхоо тухай ярих, асрал нигүүлслийн тухай бодох зав олгохгүйгээр л довтолчихдог. Мэддэг байтал мэдэхийг нь болиулаад, яримаар байтал яриулахгүй байсаар амьдрал дээр гарахаар яахаа мэдэхгүй иргэд болж байна.
Тив дэлхийн аваргуудыг бид телевизээр харан, сониноос уншиж тэднээр бахархаж байдаг. Хүүхэд маань шагнал авбал бүр ч башийж байгаа нь тэр. Ангийн аварга үгүй ер юу ч байсан яахав дээ. Өөрсдөө шагнал авснаасаа л илүү баярлацгаадаг. Манай дүүгийн нэг охин ангидаа зохиогдсон таван тэмцээний хоёрт нь түрүүлээд нэгд нь хоёрдугаар байр эзэлжээ. Үүнийг ярьж байхдаа дүүгийн маань царай ямар баяртай гэрэлтэж байсан гээч. Тухайн үедээ бол бараг үүнийг л ярих гэж манайд орж ирсэн байх. Хүүхдээрээ бахархаж тэднийхээ төлөө явсаар насыг илээдэг байх учиртай хүмүүс бид чинь. Алдаа эндэгдэл гаргахад нь сэтгэл өмөрч, сайн зүйлд нь сэтгэл ханаж амьдардаг байх учиртай хүмүүс бид. Амьдрах гэж хоол иддэг үү, хоол идэх гэж амьдардаг уу гэсэн асуултанд хүүхдийнхээ төлөө л хоол идэж, амьдардаг гэж хариулмаар санагддаг. Элдэв уралдаан тэмцээн ч их болж, мэдээж бүгд ялагч болохгүй нь тодорхой. Харин түрүүлээгүй хүүхдээ бид чинь яаж урамшуулдаг билээ. Багш нь бол бараг л загнаад өнгөрдөг байх.
“Үүнийг бид мөн их давтсандаа, Иймхэн юман дээр алдаад байхдаа яахав дээ” энэ тэр гээд л. Хүч хөдөлмөр зараад тэр нь талаар өнгөрч байхад бухимдаж буй багшийг ойлгож байна л даа. Харин үүний цаана хүүхдийн сэтгэл зүй хохирч байж мэдэх. Аав ээж нь л аргадахгүй бол өөр хэн байх билээ. Амьдрал бол тэмцэл, дандаа сайн сайхан байгаад байдаг амттай зүйл биш бас ялагдал гэж гашуун зүйл байдаг гэдгийг бид л хүүхэддээ ухааруулж өгөх ёстой. Түрүүлж чадаагүй ч гэсэн гол нь тэмцээнд орсон гэдэг нь өөрөө чухал гэдгийг л ойлгуулах гэж үзэх хэрэгтэй юм. Миний хүү ч мундаг юмаа, ангиасаа (магадгүй сургуулиасаа ) шалгараад тэр тэмцээнд оролцож байдаг гээд хэлчихэд л түрүүлж чадаагүйдээ гонсгор байсан хүүхдийн нүд сэргээд ирнэ. Тэгээд л тэр тэмцээн, олимпиад хэрхэн явагдсан талаар ярилцахад нүд нь гялалзаад л ярьж өгнө дөө. Өөрөө ямар мундаг байсан, шүүгч жаахан буруу шүүсэн энэ тэр гээд л. Үнэн ч байж болох, зүгээр тэгж санагдсан ч байж мэдэх гэхдээ та их л ойлгож байгаа байдалтай анхааралтай сонсож, хааяа уухай тэгээд гээд л яриаг нь хөгжүүлж өгвөл зүгээр.
Сэтгэлд нь нэг юм горойгоод л өөрөө буруутай ч юм шиг гэмшил төрөөд л хэн нэгэнд яримаар байгаа. Биднийхээр бол стрэссээ тайлмаар гэх үү дээ. Аав ээжтэйгээ үүнийгээ ярилцчихаар сэтгэл нь онгойгоод нэг л сайхан болоод явчихна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг биз дээ. Арай ядан үсэглэн унших гэж ядаж байгаа хүүхдээ тээршаан амандаа унш гээд загнадаг хүн бол хүүхэд нь сурлагадаа гавихгүй байхад гайхаад байх зүйл биш л дээ. Урам хайрлахгүй бол хүүхэд дэвжихгүй. Тас загнаад хичээлийг нь давтуулаад сод ухаантан төрүүлчихнээ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Манай Монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Магтах үгийн далд нь зэмлэх үгийн ил нь сайхан”зэрэг зүйл үгсийг хүүхдийнхээ хүмүүжилд ихээр хэргэлж ирсэн. Харин өндөр хөгжилтэй орнуудын киноноос эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа ямар чөлөөтэй, илэн далангуй байгааг хараад гайхацгаадаг. Зарим нь бүр “замбараагүй, даруулгагүй” гэж шүүмжилдэг. Хүүхэд ч гэсэн хүн гэдэг ойлгомжтой ч бид яагаад ч юм “хүүхэд”, “хүн” хоёр өөр мэтээр хандах дуртай. Хэн ч бусад хүний эрх, эрх чөлөөнд халдах эрхгүй байдаг шиг хэн ч хүүхдийн эрхэд халдах ёсгүй юм. Яагаад гэвэл хүүхэд ч насанд хүрэгчдийн нэгэн адил халдашгүй дархан байх эрхтэй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ