"Хархны жим" нууц ажиллагаа

... Дэлхийн II дайн өндөрлөөд олон арван жил өнгөрч байгаа хэдий ч Аргентинд орогнолоо олсон Германы цэргийн гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад өнөөг хүртэл цагаан толбо болон асуултын тэмдгүүд дурайж байгаа билээ. Хамгийн гол асуулт бол “Өмнөд Америк руу зугтаасан хүмүүсийн дотор Гитлер байсан уу?” юм...


Ялалтын баяр буюу тавдугаар сарын 9-ний өдөр болохоос хоёр хоногийн өмнө жил бүр хувьсгалын өмнө баригдсан хуучирч муудсан байшингуудын дундах манай хаагдмал агаад уйтгартай гудамжинд хэц татагддаг билээ. Тэдгээр дээр уг байшингуудад амьдардаг хүмүүс хуучны цэргийн дүрэмт хувцаснуудаа гарган ирж өлгөөд чийг болон нафталинаас нь ангижруулдаг байв. Нар тэдгээр хувцсын мөрдөс болон одон, тэмдгүүд дээр тусч гялтагнуулах бөгөөд салхи сэвэлзэн хэц утас найгалзах нь гоёмсог харагдуулдаг байсан юм. Төдөлгүй үдэш болонгуут тэдний эзэд гарч ирдэг байлаа. Гэхдээ цөөхөн хүн. Тав, зургаан л хүн болов уу. Амьд үлдсэн нь тэр шүү дээ. Тэдний зарим нь нэг гаргүй, нөгөө нь хөлөө тайруулсан, гурав дахь нь нүүрэндээ аймшигт сорвитой байдаг байв. Эрчүүд нар, салхинд элэгдэж хуучирсан сандал дээр суугаад аягатайгаа чимээгүйхэн хөнтөрдөг байж билээ. Эхний аягыг тэд үргэлж л чимээгүйхэн балгадагсан. Ингэж манай гадаа Их ялалтын баяр эхэлдэг байсан юм. Тэр жилүүдэд ялалт шинэхэн байсан. Дайн дуусаад арван жил өнгөрөөгүй байсан хэрэг. Тиймээс дайны тухай ярих бүрт хүмүүс айж, цочин таагүй дурсамжаа сэдрээдэг байлаа. Тэр дайнд оролцоод гэртээ эргэж ирээгүй хүмүүсийн гэрэл зураг айлуудын ханан дээр дурайж байсан юм.

Тэгэхэд тав, зарим нь долоон настай хөвгүүд бидэнд бүх зүйл тодорхой, энгийн ойлгомжтой байж билээ. Дайсан ялагдаж, шийтгэл хүлээн устгагдсан. Дэлхий дээр ахиж дайсан үлдээгүй мэтээр бид ойлгодог байв. Хамгийн заналт дайсан маань хангалттай шийтгэл амсч түүний хар бараан сүүдэр дагуулсан чандарыг цас, бороо юу ч үгүй хийсэн гэж бид боддог байв. Бидэнд ямар ч эргэлзээ байгаагүй юм. Тэгээд ч тийм эргэлзээ бий болгохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Зөвлөлт орон элдэв эргэлзээ байх ёсгүй гэж хатуу шийдсэн. Тиймээс элдэв бодол гаргахыг тэсвэрлэхгүй байсан аж. Хүүхдийн гэнэн цайлган бодол маань насан туршид хадаастай байх учиртай гэж бид бодож байсан ч эргэлзэж, бодох эрх чөлөөт цаг ирсэн юм.

Танго хөгжмийн аянд дэгдсэн яриа

Нацизмын үлдэгдэл өнөөдөр дэлхий дээр амьдарсаар байна. Өнөөдөр Европт, Америк тивд болон ОХУ-д залуус фашизмын үзэл суртлыг талархан дэмжиж, хас тэмдэг тэргүүтнийг бахархалтайгаар зүүн хэмжээлшгүй засгийн эрхийн төлөө улайрах болсон нь ариун явдал биш гэж би боддог. Гол заналт дайсан маань хангалттай шийтгэл амсаагүй болох нь ч тодорхой болов. 1980-аад оны сүүлээр Аргентины Буэнос-Айрес хотод анхны эргэлзээ төрсөн билээ. ЗХУ-д ил тод байдал бий болсон ч төдийлөн хэрэгжиж амжаагүй байлаа. Тийм учраас зарим нэг таагүй бодол, мэдлэгээ өөр дотроо нууж явах шаардлагатай байсан юм. Албан ёсны байр суурь, үзэл бодлоос ямар нэг байдлаар хазайсан тохиолдолд үүнийг урвалт мэтээр ойлгож хүлээж авдаг байсан цаг. Холбогдох байгууллагууд ч шаардлагатай нэгнийг барьж авч шийтгэдэг байсан үе.

Тэр үед Аргентины нийслэл хотод “кафе-тангеро” гэдэг газрууд цөөнгүй байсан юм. Тэнд танго бүжгийн сонирхогчид болон мэргэжлийн бүжигчид цуглардаг байснаас гадна түүхийн бузгай мэдлэгтнүүд, хөгжмийн зохиолчид зэрэг хүмүүс яриа дэлгэх, бусдыг сонсох, мэтгэлцэх, эс бөгөөс ердөө л танго бүжиг хийх зорилгоор цуглардаг байжээ. Хэрэв та жинхэнэ аргентин танго гэж юу болохыг өөрийн нүдээр үзэхийг хүсвэл эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр тийшээгээ очих хэрэгтэй юм. Танго бүжгийн тухай яриа тэрхүү кафед давамгайлах ч цорын ганц сэдэв нь биш байжээ. Уур амьсгал болон сайн чанарын дарс зэрэг нь юуны ч тухай яриа дэлгэхэд хүргэж байсан аж.

Нэгэн ийм кафед саатах үеэрээ би талийгаач Сильвано Сантандерын нэрийг анх удаагаа сонсч билээ. Цагтаа нэртэй улс төрч, Аргентины парламентын гишүүн байсан тэрбээр 1950-иад оны эхэн үед “Аргентин дахь нацизм” гэдэг ном бичиж хэвлүүлснээсээ болж тус улсын алдарт Ерөнхийлөгч Хуан Доминго Перонтой хүчтэй сөргөлдөж байсан гэдэг. Сантандер 1939 оноос хойш Аргентин улсад нацистуудын явуулж байсан үйл ажиллагааг мөрдөн шалгах комиссыг тэргүүлж байхдаа олж авсан материалууд дээрээ тулгуурлан энэ баримтат номыг бичжээ. Уг комисс Ерөнхийлөгч Перон тус улсыг удирдаж байх үеэр ажлаа хийж байсан юм. Зарим нэг дор дурдагдах учир шалтгааны улмаас Ерөнхийлөгч Перон уг комиссын явуулж байгаа ажилд таагүй ханддаг байсан аж. Иймээс Сильвано Сантандер Уругвай улсад хэсэг хугацаанд цагаачлахад хүрсэн билээ.

Перон ба түүний Эвита

СЭТГЭГДЭЛ БИЧИХ