“Give me талх and масло”

Аливаа үндэстний хэлний 30 хувийг харь үг эзлэх юм бол тухайн хэл мөхдөг гэдэг. Өнөөдєр та бидний өдөр тутам хэрэглэж байгаа үгсийн хэд нь харь үг болохыг та анзаарсан уу? Тэгвэл монгол хэл маань хаашаа зүглэж байгааг эрх биш гадарласан байх. Монголчуудыг аливаа хэл сурахдаа гаргууд хэмээн гадаадынхан магтах ба магтаалд нь хөөрсөн бид харийнхны өмнө өөрсдийнх нь хэлээр ярих гэж халтар хултар оролдоно. Хэлтэй бол хөлтэй гээд гадаад хэл сурах хөдөлгөөн монголд өрнөөд олон жил болж байгаа. Ганц хоёр гадаад үг цээжилсэн хүмүүс монголоор ярихдаа хольж хутгаад төрөлх хэлээ эрлийз болгоод байгаа юм. Монголчууд эрлийзүүдэд үнэн голоосоо дургүй хэрнээ үндэсний хэлээ өөрсдөө эрлийз болгоод байгаагаа юман чинээ санахгүй.

Зарим нэг гадаад нэр томъёог монгол руу орчуулах гэхээр оновчтой үг олдохгүй юм. Нэг англи үг монголоор наад зах нь хоёр гурван холбоо үг болоод үнэн ядаргаатай. Шууд л англиар нь хэрэглэсэн нь дээр гэх бодолтой залуус олон тааралддаг. Гадаад үг хольж хэрэглэх тусам монгол хэл үндэсний гэх шинжээ алдаж байгаа юм. Эцэстээ монгол хэл эрлийз болоод “Би оросоор плохо говорю. Иногда хольж говорю”, эсвэл “Give me талх and масло” гэдэг онигоо шиг юм болох вий дээ. Буриадууд оросын нөлөөгөөр төрөлх хэлээ авах юмгүй аймаар эрлийз болгожээ. Жишээ нь явах гэдэг үйл үгийг би явахую, чи явхуешь, тэр явхует гээд хувиргадаг болжээ. Хөгийн юм болсон байгаа биз.

Харь хэлийг хальт мөлт сурсан төдийгөөр “эх хэл”-ээ үл тоомсорлож харь хэлний нарийн ширийн утга санааг дутуу мөчид ухан ухаарсныхаа хар гайгаар монгол хэлний үгийн санг бохирдуулсан бас монгол хүн сонсоход жихүүцмээр гаж үг хэллэгийг хэрэглэх болсон нь заримдаа жигшмээр, заримдаа ичмээр болох юм. Ийм гаж хэллэг, гаж утга агуулгатай үг өгүүлбэр манай улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын индэр дээрээс гараагаа авч, төр түшилцэж яваа гэх “эрхэм” хүндэтгэлтэй боловч эрээ цээрээ алдсан УИХ-ын гишүүдийн амнаас унаж, суртал ухуулгын хамгийн хүчирхэг хэрэгсэл болсон телевизийн нэвтрүүлэгчдийн амаар дамжин газар аван авсаар нийтийн дунд тархан хэлэгдэх амны уншлага болсон нь бүр ч гутамшигтай.

Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай /ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний "much" тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга, гэжийгаа, боджийнэ, гэжүүл яахуу, ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд, бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан, хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын г.м

Эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан ам руу нь алгадмар гэж айлган харцаараа шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутсанаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг, эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.

Хотын төвөөр, хотын захаар явж байхдаа, ТВ үзэж байхдаа, ер нь л дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээ үзэх, албан байгууллагуудаар орох гээд л явж байхдаа хааяа би чинь Монголд байгаа биз дээ гэж бодох юм. Наад зах нь, Дэлгүүрүүдийн хаяг, ТВ-р гарах рекламнууд, хамтлаг дуучдын, дууны нэрс. Жишээ нь дуучин Нарангийн тоглолт байна. Тоглолтын нэр нь My Voice. Энэ зүгээр л захын санаанд буусан жишээ юм шүү. Гадаадынханд зориулж тоглох гэж байгаа бол яахав ингэж нэрлэж болохсон...

Заавал гадаад нэр өгөх гээд, гадаадаар бичих гээд байгаа юм бол ядаж хажууд нь монгол хэлээрээ заавал дагалдуулж бичиж баймаар юмаа. Хөгшин настай хүмүүс, хүүхдүүд ямар ч монгол хэлээр бичээгүй гадаад үг үсгээр бичсэн хаяг, нэрийг хараад лав ойлгохгүй ээ. Үүнийг эрлийзүүд нь даяарчлал гэж тайлбарладаг юм гэсэн. Юм үзээгүй нөхдүүд нь боловсрол гэж ойлгодог юм гэсэн. Ухаан суугаагүй жаалууд нь маяглал гэж дуурайдаг юм гэсэн. Ер нь эрлийз хурлийзуудаар дүүрэн болсон энэ эрин үед монгол хэл устах биздээ. Казакууд хүртэл хотод ирчихээд төрөлх хэлээрээ ярьдаг байхад бид гэртээ суучихаад гадны хэллэгийг хазгай солгой хэрэглээд байх нь өөр өнцгөөс харвал хэрхэн харагдах талаар сайн бодоод үзээрэй.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ