Б.Тэмүлүн: Ихэнх цагийг фейсбүүк группдээ хоолны жор оруулж, гишүүдтэйгээ харилцахад зарцуулдаг

Та бүхэнд фейсбүүк хуудсан дахь “Sweet Kitchen” группийг үүсгэн байгуулагч Б.Тэмүлүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. “Sweet Kitchen” Б.Тэмүлүн гэдгээр чинь хүмүүс ихэвчлэн мэднэ. Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Таньд болон Zun.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Тэмүлүн гэдэг. Би айлын гурван хүүхдийн отгон хүүхэд. Урлаг судлаач, багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ жил ажлаад хүүхэдтэй болж айл гэрийн эзэгтэй болсон. Одоо нөхөр хүүхдийн хамт амьдардаг.
-“Sweet Kitchen” групп анх яаж үүссэн бэ?
- Бүжгийн багш хийж байхдаа их завгүй байдаг байлаа. Багшлаад, сураад бараг гал тогоогоор “шагайдаггүй” байсан. /инээв/ Анх хүүхэдтэй болчихоод залуу ээжүүдийн группэд нэгдэж тус группээс мэдээлэл авдаг байсан. Учир нь би өөрөө анхныхаа хүүхдийг гаргаад мэдэхгүй зүйл их байсан л даа. Хүүхэд өсгөхөд юу шаардлагатай байдаг гэх мэтчилэн мэдэхгүй зүйлээ тус группээс дамжуулж авдаг байсан. Нэг удаа хүүхдийн хооллолт түүнчлэн бялуу хийх жорыг сонирхуулах журмаар оруултал маш их эерэгээр хүлээн авч жороо өгөөч гэж хүсэлт тавих болсон. Үүнийх нь дагуу хоолны жороо группэд нэмэх тусам нөгөө ээжүүдийн группийн асуултууд, болон яриан дунд хоолны зураг ороод холилдож өөрөөр хэлбэл замбараагүй болсон л доо. Тэгээд тусад нь 2011 оны 12 сард хүүгээ хараад гэртээ суудаг байхдаа Facebook хуудсан дахь Sweet Kitchen группээ нээсэн. Өдөр гэртээ уйдахаараа сайхан амттай хоол хийж, заримдаа туршдаг байлаа. Тэр хоолнуудын зургаа тавьж эхэлсэн дээ. Нээсэн тэр өдөртөө бараг 200 гаруй гишүүнтэй болсон.
-“Sweet Kitchen” групп одоогийн байдлаар 50000 гаруй гишүүнтэй байна. Цөөнгүй хувийг эрчүүд эзэлдэг юм байна?
-Анх “Sweet Kitchen” хуудсаа “Бүтээлч бүсгүйчүүд”-ийн групп нэрээр нээсэн. Тэгээд хүн нэмэхдээ дандаа эмэгтэй хүмүүсийг харж байгаад гишүүн болгодог байлаа. Тэгсэн эрчүүдээс яагаад бид нар орж болохгүй байгаа юм вэ? Бид нар ч бас хоол хийж, түүнчлэн шинэ жор сурмаар байна гэсэн хүсэлт тавих болсон. Уг хүсэлтийн дагуу эрчүүдээ ч бас гишүүн болгож эхэлсэн. Нэгэнт эрчүүд маань гишүүн болчихсон учраас нэрний асуудал сөхөгдөж маргаан гарч улмаар нэрийг нь өөрчлөх гэсэн боловч гишүүдийн тоо олон болсон тул өөрчлөхгүйгээр хэвээрээ үлдсэн. Яваандаа эрчүүд маань ч ойлгож хийсэн хоолоо группдээ оруулах болсон.
-Та ихэвчлэн бялуу, кекс гэх мэтчилэн амттай зүйлс хийсэн байдаг?
-Тиймээ би бялуу, кекс хийх их дуртай. Аль болох нарийн ажиллагаа шаардсан, чимэглэл ихтэй зүйлс хийхийг боддог. Энэ маань миний гэрийн хүмүүжилтэй холбоотой байх. Эмээ маань Буриад хүн. Буриадууд талх гэх мэтчилэн хоол хүнсэндээ их анхаардаг улсууд. Манай эмээгийн аарцтай зайрмаг, бялуу хийх жор байдаг. Одоо ч би энэ жорын дагуу хийдэг. Багын хүмүүжил маань нөлөөлж бялуу хийх дуртай болсон байх. Тэгэхдээ сүүлийн үед манай бүсгүйчүүд биеийн жин нь нэмэгдээд байна гэх гомдол гаргах болсон. /инээв/ Хүн нэгэнт амьдарч байгаа л юм чинь хүссэн зүйлээ идэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд ус сайн уух мөн идэх зүйлээ хүссэн хэмжээгээрээ идчихээд хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ямар нэг сайхан зүйлийг сурах ч юм уу хийхэд заавал золиос хэрэгтэй байдаг. Тэрэн шиг сайхан хоол, амттан хийж сурахад золиос хэрэгтэй шүү дээ.
-Фейсбүүкгрупп нээгээд түүгээрээ дамжуулж гишүүдтэйгээ ойр дотно харьцаж, түүнчлэн хоолны жоруудаа тогтмол оруулдаг байх. Та ер нь цахим ертөнцөд хэр их цагийг өнгөрүүлж байна?
-Мэдээж цахим ертөнц, social media гэдэг зүйл байхгүй байсан бол ажлаа хийж чадахгүй байсан. Миний хувьд өглөө 07 цагт сэрээд facebook-д 10 минут хиртэй ороод хүүхдээ 09 цагаас цэцэрлэгт нь хүргэж өгнө. Өдөр ажлаа амжуулаад орой 12 цаг хүртэл Facebook болон Twitter, Yahoo messenger зэрэг интернэт орчинд цагийг өнгөрүүлдэг. Бараг донтчихдог гэхэд болно. /инээв/ Өдөрт ихэнх цагийг Facebook хуудсан дахь группдээ хоолны жор оруулах түүнчлэн гишүүдтэйгээ харилцаа үүсгэхэд зарцуулдаг. Тиймээс цахим ертөнц бол миний салшгүй нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй байх л даа. Мэдээж амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ хамт аль болох их цагийг өнгөрүүлэхийг боддог доо.
-Таныг цахим ертөнцөөр дамжуулан фейсбүүкхуудас ашигладаг гэрийн эзэгтэй нар, бүсгүйчүүд гэлтгүй олон хүмүүс танийг хэдийн таньдаг болчихсон байна. Сөрөг, эерэг сэтгэгдлийг яаж хүлээж авдаг вэ?
- Мэдээж шантрах үе байсан. Тухайлбал миний талаархи мэдээлэл, хийж буй зүйлийг маань буруугаар ойлгосон аль эсвэл намайг сайн мэдэхгүй хүмүүс янз бүрээр бичиж сэтгэгдэл үлдээх тохиолдол байсан. Ихэндээ тэр сэтгэгдэлүүдийг уншаад хийж буй зүйлээ орхих хүртэлх тийм хэмжээний сэтгэлийн дарамтанд орж байсан удаа ч бий. Амьдарч буй нийгэмдээ хүнд шүүмжлүүлэхгүй, магтуулахгүй, хүнээр яриулахгүй байя гэх юм бол манлайлагч байгаад хэрэггүй. Хүссэн хүсээгүй чи манлайлаад эхэлчихсэн, түүнчлэн чи тэр хүмүүсийн хэлж ярьж бичсэн шиг болчихгүй учраас даван туулах хэрэгтэй. Мөн манлайлагч байя гэвэл шүүмж сонсож сурах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал юм. Харин эерэг сэтгэгдэлээс урам авч цаашид улам гоё хоол туршиж жор болон зургуудаа оруулах эрч хүч авдаг.
- Фейсбүүк ашиглахын давуу тал болон сөрөг зүйл юу байна?
- Фейсбүүк ашиглах нэг давуу тал гэвэл олон хүмүүстэй нэгэн зэрэг харилцаж түүнчлэн уулзаж амжихгүй байгаа хүнтэйгээ сүлжээгээр дамжуулж байнга харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл холыг ойртуулж хоёрыг учруулдаг гэсэн үг л дээ. /инээв/ Энэ бол давуу тал. Хүмүүсийн хооронд амьд харилцаа үүсгэхгүй байх сөрөг талтай.
-Сүүлийн үед Facebook болон Twitter ашиглан сайн үйлсийн аян их зохион байгуулах болсон. Таны хувьд ийм ажил хийе гэсэн бодол байдаг уу?
-Сайн үйлсийн аян гэдэг бол өөрөө их гэгээлэг зүйл байх ёстой. Өнөөгийн нийгэмд цахим ертөнц асар өргөн хүрээ хамарч байгаа. Энэ том зүйлийг зөвөөр ашиглах хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүмүүс их цугласан газар эерэг энергитэй байх хэрэгтэй. Түүнчлэн сайн үйлсийн үйл ажиллагаа хийж байх естой гэж боддог. Эмэгтэй хүн гэдэг өөрөө гэгээлэг энэрэнгүй. Миний хувьд аль болох группын бүсгүйчүүдтэйгээ нийлж зайлшгүй шаардлагатай хүмүүст туслахыг боддог. Хэрэгтэй хүнд нь туслаад буяны үйл ажиллагаа хийдэг учир манай группэд төрийн бус байгууллагууд их ханддаг. Хэдийгээр цахим ертөнцөөр дамжуулж буяны үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэдий ч шууд хүмүүсээс мөнгө татах хэлбэр нь өөрөө буруу юм. Зарим нь бодит үйл ажиллагаа явуулж байхад нөгөө нэг хэсэг нь хүмүүсээс авсан мөнгөө юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болдог. Хүнээс ямар ч шалтгаангүйгээр мөнгө татаж болохгүй. Энэ нь цахим ертөнцөөр дамжуулж луйвар хийж байгаа нэг хэлбэр юм.
-Та цахим ертөнц дэх залуу охид бүсгүйчүүдийн төлөөлөл. Манлайлагч бүсгүйчүүд болон залуустаа хандаж юу хэлмээр байдаг вэ?
- Залуус цагийг ашиглаж бүтээлч байх ёстой. Бэлэнчлэх тусам хүн гэдэг амьтан залхуу хойрго юмыг чин сэтгэлээсээ биш хийдэг болчихдог. Тэр тусмаа залуу ээжүүд, гэрийн эзэгтэй нар маань аль болох өөрөө их зүйлийг амжуулж байх хэрэгтэй. Мөн манай группэд буй гэрийн эзэгтэй нар гэртэй байж байгаад нөхрийнхөө гарыг харахгүйгээр мөнгө олдог болсон. Энэ бол цахим ертөнцийн нэг том давалгаа боловч цаанаа гэртэй байсан ч хөдөлмөрлөж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг харуулж байгаа зүйл юм.
-Ярилцлага өгсөнд таньд баярлалаа.
-Цаашид Social media хэмээх энэхүү хүчирхэг хэрэгслийг ашиглан гэртэй байгаа гэрийн эзэгтэй нартаа болон шинээр хоол хийж сурах гэж байгаа залуу охид бүсгүйчүүддээ сайхан хоол хийх аргаасаа үргэлж хуваалцаж байгаарай.
-Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.




3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ