Х.Батмэнд: Царай муутай байж болно

Төрөлхийн басс, баритон буюу эр хvний аргил бvдvvн хоолой гэдэг их л ховор чухаг зvйл гэлцдэг. Ингээд ховорхон хоолойтой дуучин Х.Батмэндтэй хийсэн яриагаа хvргэе.
-Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Гурав дахь бие даасан цомог болох “Уярч дуулж хамтдаа” нэртэй, 16 дуунаас бүрдсэн цомгоо гаргалаа. Шинэ уран бүтээл нэлээд зонхилсон. Тухайлбал УГЗ Цэвээнравдангийн хөгжим, яруу найрагч СГЗ Ц.Дашдондовийн шүлэг “Гүнжиймаа”, “Андуудын дуу”, “Совин зөнтэй бүсгүй”, “Төгөлдөр их монгол бөх” гэх мэт. Түүнээс гадна алтан үеийн “Налгар намрын уянга”, “Мөнгөн бороо” гэх мэт дуунууд багтсан. Тэгээд энэ цомгоороо нэрлэсэн “Уярч дуулж хамтдаа” нэртэй тоглолтоо энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас тоглох гэж байна. Тоглолтод МУГЖ Х.Болормаа, Ж.Алтанцэцэг, СТА Э.Төрмандах, яруу найрагч Б.Ичинхорлоо, ЦДБЭЧ-ын жазз оркестр, Хөсөгтөн хамтлаг оролцоно.
-Тоглолтын онцлог юу вэ?
-Бүх дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаараа онцлог. Сүүлийн үед ихэвчлэн понаграмм тавиад л дуулаад байгаа шүү дээ. Бэлтгэл ерөнхийдөө хангасан. Би өөрөө тоглолтынхоо зохион байгуулж байгаа болохоор гадуур дотуур хөөцөлдөх ажил ихтэй.
-Таны уран бүтээлүүдээс үзэгчдэд илүүтэй хүрсэн, хит болсон ямар дуу байна?
-Хамгийн хүн хүрсэн дуу бол УГЗ, “Соёл эрдэнэ” хамтлагийн ахлагч Н.Энхбаярын хөгжим, яруу найрагч Д.Банзрагчийн шүлэг “Чамайгаа яаж мартах вэ дээ” дуу. 2011 оны тоглолтоо энэ дуугаараа нэрлэж байсан. Бас “Төгөлдөр их монгол бөх” дууг бөхчүүд их сонсох дуртай болсон байна билээ. Бас хуучны “Ургацын далай” гээд намар цагийн тухай сайхан дуу байна. Би энэ дууг албан ёсны зөвшөөрөл авч урын сандаа нэмсэн. Ер нь миний уран бүтээлийн дийлэнх нь намрын сэдэвтэй дуу байдаг. Энэ дуунуудаар минь үзэгчид илүү таньдаг гэж боддог шүү.
-Намрын сэдэвтэй дуу дуулдагийн шалтгаан нь юу вэ?
-Би намарт их дуртай. Үр тариа, жимс боловсорсон, сааль сүү сав дүүрсэн, хүн малын зоо тэнэгэр, налайгаад л цаанаа л нэг сэтгэл хөглөсөн сайхан улирал. Бага залуу насны бүтэх, бүтэхгүй хайр дурлал санаанд бууна.
-Бүтэх бүтэхгүй хайр дурлалын дурсамжаасаа хуваалцаач?
-Охид эргүүлдэг байсан. Бидний үед хүүхэд насандаа эрэгтэй хүүхэд охидод сайн болохоороо очоод шууд хэлж чадахгүй, шоглоно. Дэгээдэж унагаана, үснээс нь зулгаана. Өөрөө сайн байж өөр эрэгтэй хүүхэдтэй холбоно. Ер нь ганц надад биш, эрэгтэй хүүхэд бүрийн туулдаг зам байх.
-Дуучин хүнд байх ёстой хамгийн гол чанар таны бодлоор юу юм бол?
-Дуучин хүн олныг манлайлагч байх ёстой. Урлагийн хүн царай муутай төрсөн байж болно. Гэхдээ хариуцлага өндөртэй, урлагийн нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой юм болов уу. Жаахан л хазгай гишгэвэл буруутана.
-Манай нийтийн дуучид хоорондоо хэр сайн харьцаатай байдаг юм бол?
-Гайгүй шүү дээ. Гэхдээ рок попынхныг бодоход жаахан тиймэрхүү. Тэд нэг нь тоглолт хийхэд хамтраад л , тоглолтыг нь дэмжээд оролцдог.
-Дуучин П.Адарсүрэн гуайн дууг сэргээж дуулсан гэсэн?
-Тийм ээ. “Сэвтээ нь үгүй сэтгэл” гэдэг дууг нь сэргээж дуулсан. Энэ дуунд дуртай. Гэхдээ дуртай дуу болгоноо аваад дуулаад байна гэж байхгүй. Адарсүрэн гуайн дууг тэр хүнээс муу дуулах юм бол муухай юм болно. Гэхдээ би П.Адарсүрэн гуайгаас илүү дуулна гэж ямар юм байхав. Тийм болохоор хүн дуурайхгүйгээр, өөрийнхөө өнгө аясаар, тухайн дууны амин зүрхийг нь алдагдуулахгүйгээр дуулахыг хичээсэн.
-Ахмад үеийн уран бүтээлчдээс хэний дууг сонсох дуртай вэ?
-Манай ахмад уран бүтээлчид бүгдээрээ сайн дуучин. Гэхдээ тэр дундаас П.Адарсүрэн гуай, Н.Гэрэлт-Од, Ц.Өлзий-Орших, Х.Галхүү гэх мэт сайхан дуучдын дууг сонсож, биширч явдаг. Орой унтахдаа дууг нь youtube-ээс татаж сонсчихоод унтдаг.
-Орчин үеийн дуучид урлагийг нэг талаас мөнгө олох хэрэгсэл гэж боддог болсон шүү дээ?
-Харин тийм. Ингэж битгий бодоосой. Амь бөхтэй уран бүтээл хийж гэмээнэ хойч ирээдүйдээ дурсагдах зүйлтэй үлдэнэ. Гэхдээ өөрөө энэ тогоон дотор чанагдаж яваа болохоор тэр дуучин сайн, энэ дуучин муу гэж хэлж чадахгүй. Сайнтай, муутай зөндөө л байгаа. Үзэгч, сонсогчид өөрсдөө ялгаж салгадаг байх. Ер нь менежментээр амжилтад хүрдэг болчихсон. Хоолойн чадал, авъяасаараа биш. Ахад нь тийм менежмент байхгүй. Менежментгүй байгаа нь миниймуугийнх уу мэдэхгүй.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүн аялал жуулчлалын компанид ажилладаг. Бид хоёр ханилаад цөөхөн жил болж байна. Намайг индүүдсэн өмдтэй, цэвэрхэн явуулж байгаа хүн гэргий маань. Уран бүтээлч миний ар талыг үнэхээр сайн авч явдаг. Миний уран бүтээлд тэр хүний сэтгэлийн нөмөр нөөлөг их бий.
-Таны хоолой аргагvй л өвөрмөц баргил юм. Танайханд нэг ийм удам байна уу?
-Бид эцэг, эхээс тавуулаа. Би ээжээрээ овоглож явдаг хvн л дээ. Ер нь, энэ аргил бvдvvн хоолой бол манайханд бvгдэд нь шахуу бий.
-Дуучин болох тухай мөрөөдөж байсан дурамжаасаа хуваалцаач?
- Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1975 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн. Нэг явдал санаанаас минь гардаггvй юм. 1982 оны намар манайх намаржаандаа дөнгөж буучихаад нэг их сайхан налгар өдөр гэрээ барьж байлаа. Би тэр vед сургуульд ороогvй долоон настай жаахан юм байсан. Намрын шар нар ээсэн тэр нэг өдөр ээж минь радио сонсоод гэрийнхээ бvрээсийг оёж суусан юм. Радиогоор Цэдэндамба гуайн хоолой хvрхэрч, “Ургацын далай” дуу явж байлаа. Нэг харсан чинь ээж минь нулимсаа арчиж сууна. Манай ах, эгч нар хотод оюутан болж намрын ажилд дайчлагдсан байсан л даа. Тэднийгээ санаад л уйлж сууж. Яг тэгэхэд би “Ээжээ та харж л байгаарай. Би удахгvй том болоод яг энэ дууг танд дуулж өгнө” гэж хэлж байлаа. Ээж минь хачин их баярлаж “Миний хvv мундаг дуучин болно. Алив хvvгийнхээ тvнжгэр толгойг vнэрлэе” гээд vнсч байсан. Хэлсэн амандаа хvрч энэ дуугаа сайн ч дуулсан.
-Уран бvтээлийн ажилд нэлээд хожуу орсон гэлээ. Өөртөө итгэлгvй байсан хэрэг vv?
-Ээж, дvv хоёртойгоо хорь хол гартлаа хөдөө мал маллаж байлаа. Дунд сургуулиа төгсөөд Алтай сумандаа цэргийн алба хаасан. Тэр vед хөдөө мэдээллийн хэрэгсэл гэвэл радио л байлаа. Радиогоор Ардын жvжигчин Самбуу, Адарсvрэн агсан, Өлзий-Орших, Гэрэлт-Од нарын дууг их сонсдог байсан. Миний хоолойтой ойролцоо болохоор тvvж сонсоод байсан хэрэг л дээ. Арвын хувин бариад усанд их явна аа. Нөгөө хувин луугаа нvvрээ оруулж байгаад л дуулж гарна. Хувин дотор хvнгэнээд л явчихна. Адарсvрэн гуайн “Хоньчин барилгачин хоёр” дууг их дуулдаг байлаа. Бас Бямбадорж гэдэг дуучны “Нvдэн нуур” дууг яг дууриаж дуулах гэж их оролддог байв. Дөрөвдvгээр ангид байхад манай ангийн Цанжид багш “Манай ангид хамгийн гоё дуулдаг хvvхэд хэн бэ” гэсэн чинь манай ангийнхан зэрэг шахуу “Батмэнд, Батмэнд” гээд л хашгиралдаад унасан. Одоо Говь-Алтай аймгийн Тонхил суманд байгаа дуу хөгжмийн багш Нямаасvрэн маань “Чи бол дуучин л болох ёстой хvн шvv” гэж урам өгдөг байлаа. Шинэ жилийн баяраар анх удаа сургуулийнхаа зааланд монгол ардын дуу “Могой хээр”-ийг дуулсан чинь хvvхдvvд, багш нар алга ташаад бөөн юм болсон. Дахиулж магадгvй гээд бэлдчихсэн байсан Самбуу гуайн дуулдаг “Vйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулж тvvнээс хойш сумын бvх л арга хэмжээнд оролцож дуулдаг болсон. Манай нутагт ОХУ-ын Якутын төлөөлөгчид ирэхэд сумын концертонд орж дуулаад тvvнээс гайгvй vнэлгээ авч тэрvvхэндээ их л хөөрч явлаа.
-Малчин заяагаа тvшиж явсан хvнийг аргагvй л авьяас, сонирхол нь урлаг руу хөтөлсөн байх даа?
-2000 онд Говь-Алтай аймгийн 60 жилийн ой тохиож “Миний нутаг сайхан” гэдэг соёл урлагийн гурав хоног болсон юм. Тэр vед хавар ид мал төллөж байхад нэг өдөр манай хvргэн ах, эгч хоёр хvрч ирээд “Аймгаас хvмvvс ирчихээд сумын клубт хvмvvс бэлдvvлж байна. Чи очоод шалгуулаатахаач. Хvргэн ах нь малыг чинь хараад байж байя” гэсэн. Би ч том сэгсvvргэн дээлтэй, памбагар цагаан хэмээх эсгий гуталтай нөхөр шууд л сумын клубт харайгаад очсон. Манай сумын уран сайханчид ч “Өө нөгөө нөхөр чинь хvрээд ирлээ” гээд л бөөн юм болж байлаа. Аймгаас Номер гэдэг нэртэй морин хуурч, бас бvжгийн багш Гансэлэм нар ирсэн байсан. Тэр хоёр “За чамайг дуулдаг гээд байна. Нэг дуу дуулаатах” гэлээ. Би ч Адарсvрэн гуайн “Сэвтээ нь vгvй сэтгэл”, ”Янлинхуар”, ”Хулсан ташуур” дууг дуулсан. Тэгсэн нөгөө хоёр “Өө энэ хvн чинь сумын клуб байтугай, аймгийн театрт дуулж байх ёстой хvн байна” гээд л жигтэйхэн юм боллоо. Удалгvй аймаг орж “Алтай” чуулгын тайзан дээр анх удаа гарч Адарсvрэн гуайн дуунуудыг дуулж нутгийнхнаасаа өндөр vнэлгээ авсан. Соёл урлагийн гурав хоногийн дараа манай аймгийн 18 сумын уран сайханчдаас “Төгрөг сумын уран сайханч Батмэндийг “Алтай” чуулгад дуучнаар ажиллуулна” гэсэн шийдвэр гаргасан юм. Тэр vед их хэнэггvй байж. Тушаал нь гарчихаад байхад хаячихаад л сум руугаа буцаад явчихсан. Тэгсэн “Алтай” чуулгын даргаас манай сумын даргад албан бичиг ирсэн. Аймгийн 60 жилээр хотоос урлагийн гавьяат зvтгэлтэн Эрдэнэбулган гуай, ардын жvжигчин Лувсаншарав гуайн охин Халиунсvрэн хоёр ирж “Учиртай гурван толгой” дуурийг найруулан тавьж байсан юм билээ. Тэгээд намайг “Хvvе чи байз гэм, Хvн биш ээ мод байна” хэмээн дуулдаг тэрэгчний дvрд тоглуулахаар дуудсан байсан. Тэгээд аймаг орж тэр дvрд нь дуулсан. Тэр vед Эрдэнэбулган гуай намайг их л тоож “Чи хө энд байгаад байж болохгvй. Хот орж номыг нь vзэж мэргэжлийн дуучин бол” гэсэн юм. Тэгээд л гэрээрээ хотод шилжээд ирсэн. Манай хамаатны эгч Vндэсний дуу бvжгийн чуулга дээр дагуулж очоод Оюунаа гэдэг нягтлан эгчтэй танилцуулж өгсөн юм. Оюунаа эгч маань хөгжмийн зохиолч Сэр-Од дээр дагуулаад орсон чинь ганц хоёр дуулуулж vзээд “Чи одоохондоо энд дагалдан хийж бай. Удахгvй СУИС-д эчнээ ангид оруулахыг бодъё” гэсэн.
-Та их азтай хүн юм?
-Би их азтай хvн. Дандаа л сайн сайхан хvмvvстэй учирч байлаа. Vндэсний дуу бvжгийн чуулгад гурван сар дагалдан хийж байгаад СУИС-д Жамьянжав багшийн шавь болж дөрвөн жил оройгоор сурч төгссөн. Намайг нэгдvгээр курст байхад хамт сурч байсан цэргийн дуу бvжгийн чуулгын дуучин Сайнбаяр маань “Чи манай чуулгад ор. Манайд яг чиний хоолой буюу баргил хоолой их хэрэгтэй байгаа юм” гэхээр нь явж очиж шалгуулаад Бvх цэргийн дуу бvжгийн чуулгын дуучин болж байлаа. Дээхнэ vед “60 хар” гэж гайхалтай хорын чуулга байлаа шvv дээ. Яг л тэдний хойч vе нь болж зургаан жил хорын дуучин хийсэн.
-Хүмүүс хоорын дуучин гэхээр чадвар муутай гэж боддог юм шиг байна билээ?
-Манайхан хоорын дуучин гэхээр л ур чадвар, хоолойны хvч муутай дуучин байдаг юм шиг буруугаар бодоод байдаг. Би зургаан жил хоорт зогсохдоо vнэхээр их юм сурсан. Олон хоолой салгаж дуулахаар дуучин хvний сонсгол улам сайжирч, хоолойны өнгө тогтворжиход маш сайн нөлөө vзvvлдэг. 2006 онд Бvх цэргийн чуулгаасаа гарч нэг жил хувиараа бизнес хийж байгаад 2007-2009 онд Төмөр замын дуу бvжгийн чуулгад ажилласан юм даа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ