Сайд ч бай хэн ч бай ялгалгүй авраасай

Нялх үрээ уйлахад нь мөсний хэлтэрхий хөхүүлж явсан байх даа
Одоогоос нэг жилийн өмнө яг өдийд Сэлэнгэ мөрөнд осолдсон эх наймхан сартай балчир үрээ тэвэрч элэг нэгт түмнээсээ аврал эрсээр сураггүй болсон.
Аймгийн онцгой байдлын газрынхан ослын газарт ажиллаж, найман иргэнээс зургааг нь үхлийн аюулаас аварч чадсан ч харамсалтай нь ээж хүү хоёрыг аварч чадаагүй. Том мөсний хэлтэрхий цохиж алчих гээд, чөмөг хага ташим хүйтэн усанд байгаа зургаан иргэнээ онцгойгийнхон хайнга хандсан ч аварч чадсан.
“Усанд иргэд осолдлоо” гэх дуудлагаас 20 гаруй минутын дараа очиж, хүн хүч, багаж хэрэгсэл, завь дутмаг гэх шалтгаанаар бүхэл бүтэн зургаан цагийн турш юу ч хийж чадаагүй гэдэг.
Тиймдээ ч Н.Саранчимэг гэх эмэгтэй наймхан сартай үрээ тэвэрсээр жижиг мөсний хэлтэрхий дээр “Амь авраач, ядаж хүүг минь аваач” хэмээсээр ОХУ-ын хил давсан юм. Түүний ийнхүү орилох дууг хилээ манаж байсан хоёр хилчин сонссон байдаг. Гэвч тэд ямар ч мэдээлэлгүйн улмаас “юун эмэгтэй хүн орилоод байна” гэсээр тэднийг аварч чадаагүй явуулсан юм.
Ядаж урсан одсон эх хүү хоёрын тухай хилийн цэргийнхэнд хэл дуулгасан бол хилчид эх үрийг отож байгаад ч болов аврах боломж байсныг үгүйсгэхгүй.
Энэ эмгэнэлт явдлаас хойш дөрвөн улирал эргэжээ. Элэг эмтрэм харамсалтай явдлыг сануулсаны учир гэвэл хэн нэгнийг буруутган хариуцлага нэхэх гэсэнгүй, ийм түүх дахин бүү давтагдаасай, Онцгойгийн цөөн ажилтнуудын хайнга сэтгэлгүй үйлдэл олон алба нэгтнүүдийнхээ нэрийг бүү сэвтүүлээсэй хэмээсэн юм.
Энэ хугацаанд юу өөрчлөгдөв.
Ядаж урсан одсон эх хүү хоёрын цогцсыг ч олсон уу. Гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон ч цогцсыг нь ч болов олж оршуулж чадаагүй тэдэнд харамсалтай эмгэнэлтэй байгаа.
Тэр ослоос хойш онцгойгийн ажилтнуудад 60 морины хүчин чадал бүхий завийг аймгийн удирдах албанаас бэлэглэжээ. Мөн усанд шумбах бүрэн өмсгөл хувцсыг ч өгсөн байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас ажилтнуудаа ОХУ руу усанд сэлэх сургалтад хамруулах зэрэг ажлууд ч хийгдэж байгаа гэнэ. Онцгойгийн ажилтнуудад ахиц гарч байна. Харин сайд ч бай гуйлгачин ч бай хэнбугайг ч аврах сэтгэл л...
Нөгөө осол гарсан мөрөн дээгүүр гүүр барина гэсэн ч өдгөө сураг тасарсаар. Тэдний өмнөөс сэтгэл эмтэрч байна. Хүн хүч, нөөц бололцоо, завь дутмаг гэж эх үрийг аварч чадаагүй байж, ууланд төөрч, хацар нь хайрагдсан сайдаа дор нь олж тогтоон нисдэг тэргээр хотод авчирсаныг юу гэж ойлгох вэ.
Ууланд төөрсөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг аврахдаа 100 хол давсан бүрэлдэхүүнтэй шуурхай эрлийн баг томилогдон хэд хэдэн нисдэг тэргээр үйлчилж аварсан шигээ хүний амины үнэ цэнийг төрийн албан хаагчид ялгалгүй ажилладаг болсон болов уу.
Сайдаа аврахын тулд хөрөнгө хүч харамлалгүй зориулдаг атал энгийн иргэнээ аврахад ганц нисдэг тэрэг, гар чийдэн ч гаргаагүй нь юу вэ. Уг нь сайд ч бай, гуйлгачин ч бай иргэнээ аврах нь л чухал юм.
Баячууд нь нисдэг тэрэг хөлөглөөд л загасанд явдаг болж. Мөнгийг нь төлөөд л зугаацан давхих моторт завинууд Туулын хөвөөгөөр л нэг болж. Хотын төвд үнэтэй сүндэрлэх нэг байшингийн өртгөөр Онцгойгийн ажилчдад хэдэн нисдэг тэрэг авч өгөх бол, хахуульдаж авсан газрынх нь үнээр хэдэн завьтай болох бол аврагчид.
Үхэлтэй амь тэмцэлдэн явахдаа хөөрхий эх хүү хоёр хага ташсан хүйтэн усанд яасан их даарсан бол. Бодохоос л элэг эмтрэм...
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ