Х.Амгаланбаатар: Бага цалинтай ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг зорино

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гурван талт хэлэлцээрийн үр дүнд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэх хөрөнгийг нэмэгдүүлж чадлаа. Энэхүү хэлэлцээрийн үр дүнг дүгнэвэл?

-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2014 онд нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулагдаж, дууслаа. Хэлэлцээр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд цалин тэтгэвэр тэтгэмжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тодорхой чиглэлээр санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг хоёр удаа зохион байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс тодорхой шийдэлд хүрсэн шийдвэр гараагүй учир өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, асуудлыг шийдлээ. Хэлэлцээрийн үр дүнд өмнө нь цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас оруулсан 200 тэрбум төгрөгийг 235 тэрбум болгож, нэмэгдүүлсэн. Монголын үйлдвэрчний эвлэлээс хэлэлцээрийг Засгийн газраас оруулж ирсэн 200 тэрбумыг хүлээж авахгүй боломжгүй гэж үзсэн учир энэхүү хэлэлцээр явагдсан юм. Аль салбарт хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдгийг ирэх оны төсөв УИХ-иар батлагдсны дараа шийднэ. Гэхдээ цалинг ажлын бүтээмж ур чадварыг харгалзан үзэж байж нэмэхээр болсон. Энэ удаагийн хэлэлцээр нэлээд олон онцлогтой болсон. Тухайлбал, улсын төсөв батлагдахаас өмнө боллоо. Өмнө нь улсын төсөв батлагдсны дараа энэхүү асуудлыг үйлдвэрчний эвлэл хөнддөг байсан. Гэвч улсын төсөв батлагдсан учир Засгийн газарт хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байсан. Иймд үүнийг улс төржүүлж, хэлэлцээр явагддаг байсан. Үүнийг зогсоож байгаа юм. Өмнө нь хавтгайруулж буюу ажлын үр дүнг нь харгалзалгүйгээр 164 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлдэг байсан. Энэ байдал нь зах зээл буруу сигнал буюу сургаар нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийн түвшин хөөрөгддөг байдлыг үүсгэдэг байсан юм. Иймд энэ байдлыг таслан зогсоох үүднээс салбар тус бүрд нь төсвийг ерөнхийлөн зарцуулагчид нь эрхийг нь олгоод, гурван талаас чиглэл өгч олон нийтэд зарлахгүйгээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ.

Мөн энэхүү төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд шүүгч нар хамрагдахгүй гэдгийг Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдсэн.

-Хэлэлцээрт өөр зүйлийг тусгасан уу?

-Хэлэлцээрт хоёр зүйлийг хатуу тэмдэглүүлсэн байгаа. Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын хугацаанд УИХ-иар батлуулах. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар ямар хүчин зүйлээр бүрдэх ёстой гэдгийг тогтооно. Хэрвээ 1000 төгрөгөөр очих ёстой бараа 1100 төгрөгөөр очсон яаж хариуцлага тооцох ёстой гээд тэр бүгдийг хуулиар шийдэх ёстой.Урьд нь хариуцлага тооцдоггүй байсан учир дураараа дургидаг байгаа. Очоод хариуцлага тооцъё гэхээр эрх зүйн орчин байхгүй байсан. Хоёрдугаарт, цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийг батлуулах ёстой. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-иар яаралтай батлуулах ёстой гэж үзсэн.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр хувийн хэвшлийн асуудал хөндөгддөг. Үүнийг зохицуулах боломж бий юу?

-Төрийн албан хаагчийн цалингийн хэмжээ бол хувийн хэвшлийн ажилчдын цалинд жишиг болж байдаг. Өнгөрсөн есдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй уялдуулан хувийн хэвшлийнхэн цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлсэн. Тухайлбал, барилгын салбарт цалингийн доод хэмжээ 370 мянга хүрээд байна. Мөн хувийн хэвшил өөрсдийн чадварлаг ажилтнаа төрийн албанд алдахгүйн тулд цалингаа нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болно. Ажил олгогч эздийн холбооноос хэлэлцээрийн үеэр жижиг дунд үйлдвэрийн НӨАТ дээр бодлогын шинж чанартай зүйлийг тусгасан байгаа. НӨАТ-аар дамжуулж энэ асуудал шийдэгдэх боломжтой. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан хувийн хэвшилд үүсч болох хүндрэлийг арилгах зорилгоор жижиг дунд үйлдвэрийн НӨАТ-ийг нэмэгдүүлэх, татварын тайлан гаргасан аж ахуйн нэгжийн төлөх татварын 90 хувийг буцаан олгоход талууд хамтран Засгийн тавьж, УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Энэхүү заалтыг хэлэлцээрт оруулж өгсөн байгаа.

Мөн олон жил туршид байсан буруу хандлагыг гурван тал зогсоох ёстой гэж байр суурьтай байгаа. Учир нь хүмүүсийн орлого нэмэгдэхээр худалдан авах чадвар нэмэгддэг. Худалдан авах чадвар нэмэгдэхээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжил бололцоог бий болгодог. Ингээд жижиг дунд үйлдвэр нь хөгжиж, ажилчдын цалинг нэмэгдүүлнэ. Гэтэл орлого нэмэгдэхээр бүтээгдэхүүний үнэ өсдөг, жижиг дунд үйлдвэрлэл зогсонги байдалд орсоор 20 жил боллоо. Монгол Улсын иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байж иргэнээ хөгжүүлнэ. Тэр утгаараа МҮЭ-ээс монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх хугацаагүй ажлыг өнгөрсөн зургадугаар сараас эхлүүлсэн байгаа. Ард түмэн цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн нөгөө өргөнхэрэглээний барааны үнэ нэмэгддэг учир нэмэх шаардлагагүй гэсэн бодолтой байна. Энэ байдлыг зоригтойгоор эвдэх хэрэгтэй. Орлого нэмэгдснээр улс орон хөгжинө, таны бодит худалдан авах чадвар нэмэгдэнэ, амьдрал сайжирна гэдгийг ойлгуулах ёстой. Угтаа бол зах зээлийн онолоор бол үнэ буурах ёстой. Борлуулалт нэмэгдэхээр үйлдвэрлэл өсч бараа бүтээгдэхүүний үнэ буурах ёстой байдаг. Гэтэл манайд зах зээлийн онолын бус зүйлийг бий болгочихоод түүнийгээ ард түмэнд үнэн юм шиг итгүүлээд олон жил явсан.

-Цалинг хавтгайруулж нэмэхгүй бөгөөд ур чадварыг нь харгалзан үзэж байж нэмнэ гэсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Энэ асуудал дээр салбар яамд, үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч нар анхаарлаа хандуулах ёстой. Харин хяналтыг хэлэлцээр байгуулсан гурван талт хороо тавина. Эхний ээлжинд боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Бусад төрийн албан хаагчдын цалинг ээлж дараалалтайгаар ажлын үр бүтээлтэй нь холбогдуулж нэмнэ гэсэн зарчмын шийдэлтэй байгаа. Салбар бүр өөрсдийн онцлогоо мэдэж байгаа учир нэмэх асуудлыг шийднэ. Жишээлбэл, асрагч нарын цалин бага байгаа тохиолдолд бусадтай нь харьцуулахад боломжийн хэмжээгээр нэмнэ. Харин тэргүүлэх зэргийн эмч нарын хувьд арай багахан хэмжээгээр гэдэг ч юм уу ийм жишгээр зохицуулалт хийж нэмнэ. Гэхдээ энэ нь мэргэжлийн ялгааг цалингийн ялгаагүй болгон гэсэн үг биш. Хэт доошилсон байгаа хэсгийг нэмэгдүүлэхийг зорино.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ