Үхлээс мултрагч мухар олгойгоор нөгөө ертөнцөд оджээ

Энд жинхэнэ үхлээс мултрагчийн талаар өгүүлэх болно. Хэдэн давхар гинжээр биеэ, ороож усан дор орж тайлах, өөрийг нь үхэл угтаж байгааг мэдсэн ч хамгийн эрсдэлтэй зүйлсийг хийж байдаг тэр бол мултрагч. Мултрагчид хэмээх хүмүүсийн нүүр царай бол Харри Гудини билээ. Одоо цагт ч иймэрхүү амь өрссөн зүйлээр нааддаг, өөрийгөө бэлтгэн сорьдог хүмүүс олон бий. Тэд бүгд гайхалт Гудинигээс эхлэлтэй.

Харри Гудини 1874 оны гуравдугаар сарын 24-нд Унгарын нийслэл Будапешт хотноо төржээ. Тиймээс түүнийг унгар гаралтай Америк хүн гэдэг байв. Түүний эцэг эхээс өгсөн нэр нь Эрик Вайс байсан ч хожмоо Харри Гудини нэрээрээ алдаршсан. Түүнийг хүмүүс гайхалтай илбэчин гэдгээр нь андахгүй. Тэрээр хүмүүсийн эрүүг мултартал гайхалтай сонин илбийн үзүүлбэр үзүүлж чаддаг байсан юм. Илбийн чадвараа нэмэгдүүлж улмаар хамгийн хүнд хэцүү нөхцөлөөс ч амьд гарч чаддаг гэдгээ харуулсан нь түүхэнд бичигдэн үлдсэн агуу мултрагч болсон юм. Гудини илбээрээ толь ашиглан нас барсан алдартай хүмүүсийг яриулж, тэдэнтэй ярилцдаг байсан нь хүмүүсийг алмайруулж байв.

Түүний оргил үе нь 1800 оны сүүл 1900 оны эхэн үе байлаа. Тэр үед Гудини Европ даяар танигдаж, аялан тоглолт хийж, тухайн үеийн буюу XIX зууны үеийн хүмүүсийн нүдэндээ ч итгэмгүй үзүүлбэрүүдийг үзүүлж чаддаг байсан юм. Хүмүүс Гудинийг "Уснаас ч хуурай гарч чадах нэгэн" хэмээн нэрлэдэг байв.

Олсны үзүүрт хүнд чулуу уяж биеэ гинжээр ороож түгжээд ус руу орсон түүнийг хүмүүс үхнэ л гэж боддог бол тэр ердөө 2-2.5 минутын дотор мултарч үхэлтэй тэмцэн амьд гарч ирж чадсанаараа хүмүүсийг баясгадаг байв. Түүний хүмүүсийн гайхшруулсан үзүүлбэрүүдийн нэг нь дүрэлзэн шатах галаас амьд мэнд гарч ирсэн үүзүүлбэр байсан тухай хүмүүс амнаас ам дамжуулан ярьдаг байв. Түүнчлэн асар том уурын тогоо, төмөр чингэлэг, түгжээтэй авс, усаар дүүрсэн шоронгийн өрөө зэргээс төвөггүйхэн мултарч чаддаг байлаа.

Хүмүүс хардах тун энгийн ч түүний техник чадварыг хэн ч олж эзэмшиж чаддаггүй байсан. Энэ бүхний нууц нь богино хугацаанд маш оновчтой шийдвэр гарган бэрхшээлийг давдаг ухаанаас гадна, тун уян налархай, биеийн тамирын дасгал хөдөлгөөн сайн хийдэг байсантай нь холбоотой.

Тэрээр гайхалтай үзүүлбэрүүдийнхээ тухай өгүүлэх хэд хэдэн кино хийсэн ч тэр нь түүний төсөөлж байсан шиг амжилт, мөнгө дагуулаагүй билээ.

Түүний энэ их нэр алдар тийм ч амархан олдоогүй бөгөөд анх 12 насандаа ажил хайхаар гэрээсээ явж, хоёр жилийн турш тэнүүчлэхдээ /Висконсиноос Миссури хүрэх замдаа/ орон гэргүйчүүдийн хоноглох байр болон гудамжинд олон шөнийг өнгөрүүлж байсны эцэст Нью-Йоркт суурьшин, алдрын оргилд хүрсэн юм. Тэрээр гайхалтай бүхэн тун энгийнээс, тэрбүү хэл шороо чулуу шиг өчүүхэн нэгнээс эхэлдгийг харуулсан алдартнуудын нэг.

Ховор хүмүүсийн нэгэн адилаар тэрээр урт наслаагүй бөгөөд 1926 оны аравдугаар сарын 31-нд буюу Хэлоуний баярын өдөр таалал төгссөн юм. Гэнэ нас барсан түүнийг хүмүүс илбийн мэт хурдан үхчихлээ гэж байсан ч үнэндээ тэрээр мухар олгойн улмаас нас барсан байжээ. Өвчнийхөө тухай бараг ярьдаггүй байсан нь үхлийг нь учир битүүлэг болгож байсан аж. Харин өнөөдөр түүний нас барсан өдрийн дурсгалыг нь хүндэтгэж сүнсний баяраар дэлхийн хамгийн шилдэг гэх мултрагчид цуглаж түүний дурсгалыг хүндэтгэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ