"Женев-II" хурал Башар аль Ассадыг огцруулах том боломж

Сирид энх тайван тогтоох талаар хуралдах “Женев-II” чуулганд Сири улсын босогчид болон хувьсгалчдын эвсэл оролцох болсноо мэдэгдэв. Энэ талаархи мэдээллийг сөрөг хүчний үндэсний эвслийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Халид Эль Салих албан ёсоор хэлсэн юм. Стамбулд болсон хоёр өдрийн хэлэлцүүлэгт оролцсоны дараа эвслийнхэн тус энх тайвны хуралдаанд оролцох шийдвэрээ гаргажээ. “Женев-II” бага хурал Швейцарийн Женев хотноо энэ сарын 23-24-ны хооронд болох юм.

Түүнчлэн Эль Салих Сирийн ерөнхийлөгч Башар аль Асадыг засгийн эрхээс огцруулах, түүнийг шүүхэд шилжүүлэх нь хуралд оролцох гол зорилго гэжээ. Энэ хурлаар Ассадыг түлхэн унагах том боломж нээгдэж байгаа хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

“Женев-II” энх тайвны хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа Сирийн хямралыг зохицуулах талаар хэлэлцэх юм. Мөн Сири дэх эрх мэдлийг тэнцвэржүүлэх эвслийн засгийн газрыг байгуулах нь уг хуралдааны гол зорилт ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ