Даргагүй байгаа Гэмтлийнхэн Н.Удвалд захидал илгээжээ

Өнөө хүртэл даргаа томилж чадахгүй, хэл ам дагуулсаар байгаа Гэмтэл Согог сэргээх үндэсний төвийн эмч нар Эрүүл мэндийн сайд Н.Удвал, сайдын зөвлөлд хандан захидал илгээжээ.
“Ц.Энхбаярын өөрийн санаачилсан хариуцлаггүй ярилцлагын тухай” хэмээн тодотгосон энэ захидалд:
“2013 оны 11 сарын 7-ны “Өдрийн сонин”-д ГССҮТ- ийн үүрэггүйцэтгэгч Ц.Энхбаяр нь тус төвд үүссэн асуудлыг улс төржүүлж, экс дарга Л.Жамбалжав, экс сайд С.Ламбаа, эрүүл мэндийн яамны тодорхой албан тушаалтан, дэд захирал нар турхирсан, “Сайд томилсон хүнээ солих бодлого барихгүй байгаа тухай утга агуулга бүхий ярилцлага өгсөнийг тус төвийн хамт олон эрс эсэргүүцэж байна.
ЭМЯ-ны сайд Н.Удвал та ч мөн адил “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа:
-Сайдын тушаал буруу байсан юм биш, удирдлага ажлаа муу хийсэн юм биш, эмч нарын асуудал зөв байсан юм биш хэмээн ярилцлага өгч, өөрийгээ болон томилсон удирдлагаа өмгөөлөөд зогсохгүй хамт олныг гүтгэн, бидэнтэй уулзахдаа хэлж, зөвшилцөж байснаасаа тэс ондоо зүйл ярьсанд бид гайхаж байна.
ЭМЯ –ны сайдын зөвлөлийн хурлын шийдвэрээр тус төвийн захирал Ц.Энхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, дараагийн удирдлагыг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарсан. Энэ тухай ОНМХ-ээр ч ярьж, мэдээлж байсан. Гэвч сайдын зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр бус, гишүүд гарын үсэг зураагүй, сайд тушаалаа гаргаагүй зөвхөн шийдвэрийн протоколыг тус төвийн хамт олонд явуулан асуудлыг гуйвуулж байна.
Бид Сайдын зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж зөвшөөрч, эмчилгээ үйлчилгээндээ онцгой анхаарч асуудлыг шийдвэрлэх хугацааг тайван хүлээж өнөөдрийг хүрсэн. Гэвч сайдын ажилд туслан дэмжих ажлын хэсэг 10 хоногийн дараа ирж, эмч нартай уулзахгүй зөвхөн удирдлагатай ирж зөвшилцөөд буцаж байна.
Гэтэл Ц.Энхбаяр үүрэг гүйцэтгэх хугацаандаа асуудлыг өөрөө өдөөн турхирч, шинээр албан тушаалд танил хүмүүсээ авч, дураараа хууль бус шийдвэр гаргаж, засвар, үйлчилгээг дур мэдэн хийж, үргүй зардал гаргахаас гадна удирдах албан тушаалтанд байж боломгүй ёс зүйд үл нийцсэн ноцтой асуудлыг удаа дараалан гаргаж байна. Мөн хамгийн ноцтой нь хүний алтан амь, эрүүл мэндтэй холбоотой байгууллагад ажиллаж байгаа гэдгээ ухаарахгүй эмчилгээ үйлчилгээ тасалдуулах, өвчтөн, үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдын дунд үл ойлголцлыг бий болгож байгаа тул цаашид Ц.Энхбаярын үүрэг гүйцэтгэх албан тушаалыг нэн даруй цуцалж, тохирох хариуцлагыг ноогдуулж, арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна.
Бид дахин хууртагдаж, шийдвэрийг хүлээх боломжгүй тул 11 дүгээр сарын 15-ны өдөр ЭМЯ–ны өмнө жагсаалаа хийж асуудлаа шийдвэрлүүлэх, эсвэл өргөдлийнхээ дагуу ажлын байраа орхих болно гэдгийг сүүлчийн удаа анхааруулж байна.ГССҮТ –ийн хамт олон” гэсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ