Хөвсгөл, Дорнодын Засаг даргын асуудал удахгүй шийдэгдэх нь

Аймаг, сум, дүүргийнхэн орон нутгийн сонгуулиар бий болсон дүнгээрээ ИТХ-аа бүрдүүлж,Засаг даргаа сонгосон ч Хөвсгөл, Дорнод аймгийнхан өнөөг хүртэл Засаг даргаа сонгож чадаагүй маргаантай байгаа юм. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шинэ Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга нь ажил үүргээ гүйцэтгэнэ гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргаа Л.Цэрэнжав ажиллаж байгаа бол Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийхгүй, түүнийг орлогч нь ажил үүргийг нь гүйцэтгэж байгаа аж.

Энэ хоёр аймагт МАН олонхийн суудал авсан ч нам дотроо хагаралдаж, улмаар Засаг даргад нэр дэвшүүлсэн хүн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5-д заасан шаардлага хангаагүй хүмүүсийг нэр дэвшүүлснээр, Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан. Үүнээс үүдэн Дорнод аймгаас Засаг даргад нэр дэвшсэн М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй гурван шатны шүүх хурал болж, шүүхээс М.Бадамсүрэнг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг зөв шийдвэр гаргасныг гурван шатны шүүхээс баталгаажуулж, М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд Дорнод аймгийн ИТХ дахин хуралдаж, аймгийн Засаг даргадаа хуулийн шаардлага хангасан хүнийг шинээр нэр дэвшүүлэх болжээ.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга нэр дэвшигч Л.Ганболдын нэхэмжлэлтэй шүүх хурлын тов гарсан ч Л.Ганболд шүүх хуралд орохгүй хойшлуулсаар байгаа аж. Энэ нь түүний төрийн албанд ажиллаж байгаагүй зэргээс үүдэн шалтгаанаа өөрөө мэдэж байгаа болохоор шүүх хурлыг хойшлуулахаас өөр аргагүй байгаа бололтой. Гэхдээ тэрээр, би засаг дарга болох ёстой. Тиймээс аймгийн ИТХ дахин хуралдахгүй шүү” хэмээн намын бүлгийн нөхөддөө шахалт үзүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн түүнийг шүүх хуралд ороод унах магадлалтай тул шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэлээ татаж, засаг даргад нэр дэвших бодлоо татаж магадгүй тухай ч зарим төлөөлөгчид нь ярьж байна. Шүүх хурал нь энэ сарын 14-нд болох аж. Хэрэв Л.Ганболд нэхэмжлэлээ татаж авбал Засаг даргаа сонгож чадахгүй байсан дээрх хоёр аймгийн асуудал шийдэгдэх магадлалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ