Гурван Жаргалсайханы тавилан

Кино урлагийг дэмжигч
Ажилчдынхаа цалинг хэзээ ч цаг тухайд нь тавьж чаддаггүй “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханы гэх эрхмийн нэр сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа байнга шахуу үзэгдэх боллоо. Ингэхдээ сайнаасаа илүү саар мэдээллээр. Тэр дундаа тус компанийн захирал Д.Жаргалсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлага бүр ч их байгаа нь нууц биш. Тодруулбал, төрийн өмчит гэх нэрээр далайлгаж лоббидох зэргээр салбартаа илт давуу байдал бий болгосон, өөрийн мэдлийн хувийн оролцоотой компаниудаараа дамжуулж төсвийн мөнгийг “идсэн” зэрэг хэл ам байнга дагуулсаар байгаа юм.
Тэрээр Ховд аймгийн харьяат бөгөөд кино урлагийг дэмжигч гэсэн. Тэр дундаа өнгөрсөн жил олны хүртээл болсон “Ану хатан” уран сайхны киног ивээн тэтгэсэн гэнэ билээ шүү. Кино урлагаа, түүх соёлоо хайрлаж, хүндэтгэдэг хүний хийх л ажил.
Д.Жаргалсайхан нийтийн тээврийн засвар ашиглалтын инженерээр хуучин Чехословак улсад сургууль төгссөн. Троллейбус, трамвай, метро автобусны чиглэлээр гээд энэ компанид засварчнаас нь эхлээд 23 жил ажилласан жинхэнэ ажилчин хүн гэнэ дээ. 2004 оноос захирлаар ажилласан Д.Жаргалсайхан 2006 онд "Jea 800" анхны троллейбусаа хийжээ. Их Монгол улсын 800 жилийн ойд бэлэг барьсан нь энэ аж. 800 жилийн дараа өвөг дээдэс маань дээд тэнгэрээс харахад ямар ч байсан үр ач нь хүнээс дутахгүй машин хийж чаддаг юм байна гэдгийг батлан харуулахыг зорьж, сэдэж хийсэн гэсэн шүү.
Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр амьдралаа залгуулдаг компаниуд байдаг шиг “Цахилгаан тээвэр” компанийг дагасан троллейбусны үйлдвэр, “Эрдү”, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гэрэлтүүлэг чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани зэрэг хэд хэдэн газар байдаг. “Эрдү” компанийн хувьд Д.Жаргалсайханы өөрийнх нь компани бөгөөд охин нь захирлаар ажилладаг юм байна.
“Манай компани нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар. Төрийн ачаанаас нуруундаа үүрдэг, байнгын санхүүгийн гачаалтай. Янз бүрийн угсралт үйлдвэрлэл, гудамж замын гэрэлтүүлгийн тендерийн ажил хийдэг тулдаа л ажилчдаа хоногийн хоолтой байлгаж байна.” хэмээн тэр ярьжээ. Тэгсэн хэрнээ кино ивээн тэтгэдэг. Үнэхээр гачигдалтай хэрнээ гар татдаггүй хүн юм даа. Сүүлийн үед ховордсон л хүний нэг байна.
Үнэндээ бол жил бүр Засгийн газрын сангаас нөхөн төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад олгодог. Харин энэхүү нөхөн олговрын дийлэнх хувийг нь “Цахилгаан тээвэр” компани авдаг юм билээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өдөрт 600 мянган зорчигч тээвэрлэдэг гэх статистик судалгаа бий. Харин нийт зорчигчийн 56 хувь нь төлбөрөө төлдөг бол 44 хувь нь холбогдох хуулийн хүрээнд үнэ төлбөргүй зорчдог аж.
“Цахилгаан тээвэр” гэх нэгэн компани байгуулагдаад өдгөө яг 21 дэх жилтэйгээ золгож буй. Энэ компани байгуулагдсан цагаасаа хойш тээвэр болон агуулахын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Уг нь Д.Жаргалсайхан захирал Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын технологийг эх орондоо нутагшуулах хүсэлтэй. Харамсалтай нь ам, ажил хоёр нь зөрдөг энэ эрхмийн монгол инженерүүдийн нэрийг барьдаг троллейбусыг нь урдаас оруулж ирээд угсардаг гэх.
Тэрээр цаг хугацаатай уралдаж шинэ техник, технологи бий болгох, нутагшуулах, үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэн ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой зарим төрийн түшээд, хэн нэгнийг огцруулах, телевизээр дуулах, үр дүн багатай хуурай хэлэлцүүлэг хийх зэргээр хэлбэр хөөцөлдөж түмэн олныг сатааруулдаг нөхдөд үнэн голоосоо дургүй. Түүний өдрийн бодол, шөнийн зүүд болгон бодож явдаг зүйл нь машин хийх. Яаж 4000 хүн ажилладаг, сард ядахнаа 500 мянган төгрөгийн цалинтай, олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрүүдийг байгуулах вэ, яаж автобус хийх вэ, яаж том, бага оворын машин хийчих вэ, үүнд яаж монголчуудыг уруу татах вэ гэж.
“Цахилгаан тээвэр компани” өдөрт 2.8 -3.4 сая төгрөгийн орлого олдог. Гэтэл нийслэлээс хэрэгжүүлсэн дугаарын хязгаарлалтаар долоо хоногт 73 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон нь өдрийн дундаж орлогоос нь гурав дахин илүү их мөнгө хэмээн “Монголын Үнэн” сонинд нийтэлжээ. Тэгвэл Д.Жаргалсайхан “Цахилгаан тээвэр” компанийг үнэгүй троллейбус явуулсан зардлаа нийслэлээс гаргуулахдаа өдрийн орлогоо нэмж тооцуулж авсан гэдэг нь гүтгэлэг. Бид өөрсдөө алдагдалтай ажилласан. Нийслэлээс гаргуулж авсан гээд байгаа мөнгө бидний гар дээр ирээгүй байна. Нийслэлд үнэгүй троллейбус явуулахад бид 62 төгрөгийн алдагдалтай ажилласан. Шуудхан хэлэхэд сонирхсон бүх хүн, хэвлэл мэдээллийнхэн манай компанийн санхүүгийн гэрээг ирээд үзэж болно” хэмээн итгэлтэй хариулсан байх юм.
Анхны саятан
Базарсадын Жаргалсайхан. Монгол Улсын Их Хурлын гишүүн асан. 1959 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай. Халх. Ам бүл тав. Эхнэр, хүү, хоёр охины хамт амьдардаг.
1977 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг цөмийн физикч мэргэжлээр тус тус төгссөн. 1982-1984 онд *Говь* ХХК-д ажилтан, 1984-1988 онд хувиараа бизнес эрхлэгч, 1988-1989 онд *Буян* хоршооны захирал, 1989-2004 онд *Буян* ХХКомпаний захирал, 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, үйлдвэр, худалдааны сайд хийж байсан. Англи, орос хэлтэй.
Манай улсын хамгийн өндөр, хамгийн туранхай улстөрчийг найман настай балчраас наян настай буурай хvртэл андахгүй. Тэр нь мань Жагаа гэдгийг нэмж тайлбарлаад илц биз. Нурууны өндөр, биеийнхээ жингээр л бусдаас онцгой байсан бол олны танил улстөрч гэгдэхэд хангалттай үзүүлэлт болохгүй байхсан. Харин "Буян'' Жагаа олон чанараараа євєрмєц бие хүн. Түүнийг зурагтаар ярихад үзэгчид сувгаа сольдоггvй. Хүмүүс Жагааг харах, сонсох дуртай. Түний авир үргэлж анхаарал татдаг.
Нийслэлийн төвд, тухайн үеийн боловсролтой гэр бүлүүд хүүхдээ сургадаг орос багш нартай 23 дугаар дунд сургуулийг дүүргэжээ. Тэрээр Эрхүүд цөмийн физикч мэргэжлээр сурсан. Сурагч байхаасаа эхлүүлсэн пянзны цуглуулгаа оюутан болоод арвижуулсан нь Монголдоо толгой цохьдог байж. Пянз түүнийг панз наймаанд дөртэй болгосон байж ч мэднэ. Жагаа пянз солилцох арилжаанд овсгоотой, бийлэгжүү оюутан байжээ. Зах зээлийн санаа түүнд хар нялхад нь суучихсан байв. Монголоос тарваганы арьс, туулайн малгай, нэхий дээл зөөж зардаг бийлэгжүү оюутан зуны амралтаараа чемодан дүүрэн ховор бараатай харьж наймаа үсэргэнэ.
Б.Жаргалсайханы "Буян" компанийн үндэс суурь аль 1987 онд тавигджээ. Тэрээр ийм нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа "албан ёсоор" эхэлсэн байна. 1989 онд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд ГАЗ-24 суудлын тэрэгтэй Жагаа хувьсгалчдын "танкчин" нь байжээ. Ардчиллын анхны 13-ын үйл хэрэгт тухайн үед санхүүгийн хувьд хэнээс ч хараат байхаа больчихсон 30 настай эрийн тусламж чухал байсан гэдэг. Дэлгүүрийн лангуунд давснаас өөр бараагvй тарчигхан байхад "Буян" Жагаа 50 кг-ийн шуудай дүүүрэн элсэн чихрээр ардчиллынхныг дайлж байсан ч гэх шиг одоо сонсоход хөгтэй дурсамжаас нь өнөөгийн томчууд ичдэг байлгvй.
Жагааг шүүмжлэгчид түүнийг хятадын эрлийз гэж хардахад тэр өөрөө "Над шиг өндөр хужаа хаана үзээв" гэж хэлээд босоод зогсчихдог аргатай. Монгол Улсын маань анхны саятан ноолууран эдлэлийн vйлдвэр нээх хүртлээ Хятад руу төмөр, ноолуур зэрэг түүхий эд экспортлон Сингапураас электрон бараа импортолж ганзагачдыг түүчээлж байлаа. "Буян" үйлдвэртээ техник технологи худалдан авахаар Японоос 14 сая доллар зээлсэн нь "Марубени"-гийн хэрэг болтлоо даамжирч Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдаж байв. Б.Жаргалсайхан үйлдвэртээ 500 хүнийг ажлын байраар хангадаг, Монгол Улсын 500 өрхийг өдий олон жил тэжээж яваагаараа харин ч нэг бахархана даа.
Тэрээр 2002-2006 оны туршид Монголын Топ-10 улстєрчийн жагсаалтад багтаж байлаа. Мань хүн чуулганы танхимд хэрэлдэж хэлцэхдээ хэнийг ч дагуулахгvй "цэцэн" байсан. Юу ч ярьсан "бөөс" гэдэг шиг МАХН, АН-ынхны идсэн, уусныг дуудаж нэгдсэн хуралдааны цагаас мөн ч их "хулгайлсан" даа. "Буян" Жагаа тойргийнхоо сонгогчдыг хүртэл загначихдаг "хачин" парламентч байлаа. Хоолонд урьсан байтлаа залхуу, замбараагүйгээр нь дуудаж иргэдийг гомдоосон гишүүн гэвэл ганц Жагаа. Түүний үглэдэг гол сэдэв нь ажилгүйдэл. Эр, эм гэлтгүй бүгдийг загнана, зурагтаар аятайхан харагдах гэж жүжиглэхгvй.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан улс төр, эдийн засгийн сэдвээр байнга шахам ярьдаг нэгэн. Харин түүний хувийн амьдралын талаар тэр бүр хүмүүс мэдэхгүй биз.
Улс төр яриад ажил ихтэй байдаг тэрээр гэрийн ажилд оролцож чаддаггүй ч барааны үнэ ханшийг хэнээс ч илүү мэддэг гэнэ. Харин эхнэр нь түүнийг гэр орны ажилд оролцуулдаггүй болохоор орой очоод эхнэрийнхээ хийсэн хоолыг идээд л унтчихдаг гэсэн.
Хахир хатуу ааш зантай, бас ч гэж алганы амт үзүүлчихмээр царайтай Д.Жаргалсайхан хүүхдүүддээ гар хүрэх нь байтугай загнаж үзээгүй аж. Тэрээр “Хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх буруу, харин багаас нь бие даалгаж сургах нь чухал. Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх нь миний үүрэг. Тэднийхээ хүсэл сонирхол, сурлага хөдөлмөрийг ямагт дээгүүр тавьдаг. Би өөрийгөө сайн аав гэж хэлнэ.” хэмээжээ.
Түүний аав зоотехникч мэргэжилтэй ч насаараа нягтлан бодогчоор ажилласан, хүүхдүүддээ үлгэр дууриал болсон сайхан аав байж. Үр хүүхдээ нэг ч удаа алгадаж, аашилж загнаж байгаагүй ааваасаа олон сайхан чанарыг нь өвлөж авсан гэх. Харин өвөө нь Булган аймгийн Хөгнө хааны хүрээний том лам байж хэлмэгдэж явсан гэдэг. Харин Д.Жаргалсайхан шүтлэггүй. Гэхдээ Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээхэд 14 сая төгрөг хандивласан, бас Гандантэгчинлэн хийдэд ’’Кадиллак” машин бэлэглэж байсан билээ.
40 мянгатад төрж өссөн тэрээр нисэх загварын дугуйланд явдаг шинийг санаачлагч хүүхэд байснаас биш хулигаан байгаагүй гэнэ шүү. Тун чиг дэгжин, ихэмсэг түүний цэвэрч байдлын гол үндэс нь орос багш нарынх нь ач тус. Бас ээж нь хар багаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг дээд зэргээр сахиулдаг, өлөн хиртэй хувцастай явуулж үзээгүйтэй холбоотой гэнэ.
Түүнийг талаар хэвлэлээр бичсэн мэдээ материалд тэр нэг их ач холбогдол өгөөд байдаггүй буурьтай эр. Тиймдээ ч “Жагааг бичсэн сонин гүйлгээтэй байдаг юм бол бичээд хэдэн төгрөг олно л биз.” хэмээсэн байдаг юм билээ. Түүний сонсдог дуу хөгжим нь орчин үеийн рок поп хөгжим, хамтлаг дуучид. Түүний үеийнхэн зохиолын дуунд нугасгүй бол харин тэр эсрэгээрээ дургүй. Мөнгөтэй нэгэндээ атаархалгүй, яаж мөнгөтэй болох вэ гэдгээ олж харсан хүн л амжилт гаргана гэж тэр хэлэх дуртай.
Түүнд Чингис хаанаар бол Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн хатнууд бүгд бий. Анхны эхнэр Энхтогтох, дараагийн эхнэр Сэлэнгэ, гурав дахь нь Өнөрөө, дөрөв дэх эхнэрийг нь Эрдэнэцэцэг гэдэг аж. Жагаагийн амьдралыг сайн мэддэг нөхдүүд “Манай Жагаа бол дөрвийн дөрвөн эхнэрийг түүртэлгүй тэжээж чадах буян, нүнжигтэй жинхэнэ эр хүн. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж” бахархдаг гэнэ шүү хэмээн бас нэгэн хэвлэлд бичсэн байх юм. Хэн мэдэхэв. Дагаж явдаггүй болохоор энэ талаар үнэхээр тодорхой мэдэхгүй юм.
Эхнэрээ ээж ааваасаа дээгүүр тавиад зэмлүүлжээ
Орчин үеийн Драмын театрын тулхтай уран бүтээлчдын нэг, алдарт "Дон Кихот" жүжгийн Кихотын дүрийг бүтээж буй гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан 1964 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Айлын отгон хүү.
Багадаа сагс, бөх, хөл бөмбөг гээд спортод ихээхэн сонирхолтой байсны дээр бөхийн дугуйланд явдаг байжээ. Тэрээр хэрэв урлагийн хүн болоогүй бол спортын хүн болох байсан гэдэг. Тиймдээ ч 1981 онд сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит чөлөөт бөхийн барилдаанаас мөнгөн медаль хүртэж байсан байна. Тэрээр есдүгээр анги төгссөн жилийнхээ улсын баяр наадамд зодоглон гурвын даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан Дамбажавын Цэнд-Аюуштай барилдан унаж явсан гэдэг. Бөхийн спортод одоо ч хоббитой. Жил бүрийн наадмын талбай дээр өөрөө биеэрээ очиж, үндэснийхээ бөхийг үздэг.
1982 онд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурч байгаад Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг 1987 онд төгссөн. Жүжигчин болохыг хүсч мөрөөдөж яваагүй тэрээр найзынхаа ятгалгаар “Алтан Москва” үзэх хүсэлдээ хөтлөгдөн энэ мэргэжлээр сурч эхэлсэн. Сүүлд сурч байх хугацаандаа мэргэжилдээ хайртай болсон гэнэ.
Түүний гэргий МУГЖ Уранчимэг. Хосууд 1982 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байхдаа танилцсан гэдэг. Жагаа эхнэртээ хайртайгаа батлахын тулд давс идэж байсан гэдэг. Тэр өдөр нь 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон байж Тэрээр энэ тухайгаа “Цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Уугий “чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэдэг юм. Хартал ширээн дээр савтай давс байна. Түүнээс амны том халбагаар хутгаад явуулчихгүй юу. Хахаж цацаад, нус нулимстайгаа холилдоод сүйд болсон. “Тэгж л хайртай гэдгээ баталж байлаа даа” хэмээн дурссан байдаг.
Мөн “Угаасаа олон жил ханилаад ирэхээр бие биенээ харцаараа ойлгодог болчихдог юм байна шүү дээ. Ер нь бид нэг их маргаад байдаггүй. Хааяа маргах үе байдаг ч би түрүүлээд буугаад өгчихдөг юм” гэжээ. Жүжигчин хос ханилан суугаад хоёр охин, нэг хүүгийн эцэг, эх болсон. Бас одоо хамтдаа Кино Урлагийн дээд сургуульд багшилдаг.
Тэрээр сургуулиа төгсөөд УДЭТ-ын жүжигчин болсон бөгөөд анхны дүрээ Доржсамбуу найруулагчийн “Халуун газар” жүжигт бүтээсэн бол Балжинням найруулагчийн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарын дүрийг бүтээснээ “Хутганы ир шиг хорин тавхан насандаа тоглосон доо” гэж ярих дуртай.
Б.Жаргалсайхан театрын урлагт олон жил зүтгэхдээ У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Парис, “Хаан түүх III”-ын Хаан Саргуун, “Халуун газар” жүжгийн Батсуурь, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гофмаршал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөр, “Парисын дарь эхийн сүм”-ийн Клопен, "Гамлет" жүжгийн Полони зэрэг сэтгэлд хоногшсон олон дүрүүдийг тайзнаа амилуулсан.
Ард олноо Хасар жагаа нэрээрээ алдаршсан тэрээр Хасарын дүрд гурван удаа тоглосон. Эхнийх нь "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино. Дараагийнх нь Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатар найруулагчийн бүтээл "Атга нөж" жүжиг байна. Хамгийн сүүлд "Үхэж үл болно Чингис хаан" кинонд Хасарын дүрээ бүтээж байжээ.
26 жил урлагт зүтгэж, дэлгэцийн 30 гаруй, тайзны 60 гаруй бүтээлд тоглосон МУГЖ Б.Жаргалсайхан ”Миний орон зай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ энэ оны дөрөвдүгээр сард хийсэн билээ.
Жагаа Ардын жvжигчин Г.Гомбосүрэн гуайгаас хойш нэлээн хэдэн жил өвлийн өвгөн хийсэн. Тэрээр “Олон хүнд бэлэг тарааж, сайн сайхан бүхнийг хүсч, ирээдүйдээ итгэлтэй, зорилготой явахын өрөөлийг дэвшүүлэхийн ялдамд зон олондоо үзэсгэлэнт монгол нутгаа улам цэцэглэн хөгжүүлээрэй” хэмээн ерөөл хэлж явахад үнэхээр сайхан байдаг гэжээ.
Харин түүний хамгийн сүүлийн уран бүтээл нь дэлхийн сонгодог бүтээл "Кихот ноён" жүжгийн Кихотын дүр. УДЭТ-ын найруулагч Б.Баатар найруулагч түүнийг таван жилийн өмнөөс түүнийг Кихотод тоглуулахаар сонгосон байсан гэнэ шүү.
Тэр ч бүү хэл нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэнийг нэгдүгээрт тавьж, хайрлаж хүндлэх вэ” гэсэн асуултанд “Юутай ч, хамгийн эхэнд би эхнэр хүүхдүүдээ тавина. Яагаад гэвэл, энэ бол миний амьдрал. Хоёрдугаарт нь аав ээж, ах дүүгээ тавина” гэж хэлж найз нөхдөдөө зэмлүүлж, эцэг эх нь харин туньж байсан гэдэг. Гэхдээ тэр энэ байр сууринаасаа ухарч буцаагүй. Жагаа, Урнаа хоёр тайз, дэлгэцийн бүтээлд оролцохдоо зургаан удаа хуримлаж, амьдралынхаа хуримыг нэмж тоолбол долоон удаа хуримласан гэсэн.
Тэдний том охин, хүү хоёр нь урлагийн замаар яваагүй. Харин бага охин нь үнэхээр авьяаслаг нэгэн гэнэ. Бүр театрын цайны өрөөнд баахан хүн тойруулаад суулгачихсан, элдвийн юм яриад л инээд ханиад болоод байж байдаг гэсэн. Гавьяат маань охиныхоо талаар “Нэг өдөр гурвуулаа цай ууж байтал “Аав аа, ээж ээ. Би тэгээд одоо эргэлт буцалтгүй жүжигчин болохоор болсон уу” гэж асуудаг байгаа. Их догь нөхөр дөө. “Тэгнэ ээ, миний охин. Яасан бэ” гэтэл өөдөөс “Тэгвэл ч би их зүйл сурах хэрэгтэй юм байна даа. Энэ тоглолтуудыг харж байхад хэрвээ би жүжигчин болбол маш сайн дуулж, бүжиглэж, хөгжим тоглодог байх хэрэгтэй. Хамгийн гол нь сайн жүжиглэдэг байх хэрэгтэй шүү” гэж яриад бөөн инээдэм болсон.” хэмээн өхөөрдөн ярьсан байна билээ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ